Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Sunday, November 17, 2013

Амьдрал

Ирээд буцах шувуудын ганганааг сонсов уу
Ургаад хагдрах өвсний үнэрийг мэдэв үү
Үрийнхээ өлгий дээр эсгий үнэг хайчилав уу
Эцгийнхээ булшин дээр харууслын нулимс унагав уу
   Амьдрал гэдэг чинь л энэ шүү дээ, өөр юу ч биш

Friday, November 15, 2013

Үхэл гэж юу вэ

Үхэл...Чамаас би айх уу
Үргэж,  цочиж, далдирах уу
За... Үгүй дээ... Чи зүгээр л
Заримдаа өмсдөг борооны цув шиг...

Нулимстай дуу

Нутаг уруугаа адуу шиг гүйлээ дээ, Сэтгэл минь
Нутгийнхаа овоон дээр  ирлээ дээ,  Бодол минь
Нулимстай нүдэнд Хөх дэлийн уулс бүрэлзлээ дээ, Бурхан минь
Нугынхаа цэцгэн дээр хөрвөөмөөр санагдлаа даа,  Савдаг минь

Thursday, November 14, 2013

Бэтгэтэй бор бялзуухай

Би, бэтгэтэй бор бялзуухай
Биендээ өргөс хүргэх дургүй
Ямар ч халгай харгана хүргэхгүй
Ялаа байсан ч суулгахгүй би

Wednesday, November 13, 2013

Чамдаа...

Царайны чинь хөөрхөнд татагдлаа даа бүсгүй минь
Ярианы чинь ухаалагт автлаа даа хонгор минь
Санааны чинь сайханд дурлалаа даа ялдам минь
Үсний чинь үнэрт мансуурлаа даа амраг минь
Уруулын чинь амтанд согтуурлаа даа янаг минь

Сэтгэлийн шүлэг

Алтанд шунах уу
Мөнгөнд унах уу
Амттанд дурлах уу
Өнгөнд хууртах уу
Сэтгэлийн аз жаргал бүхнээс илүү
    Өвчинд нэрвэгдэх үү
    Өрөнд баригдах уу
    Өнгөрсөнд гашуудах уу
    Өрөвдүүлж уйлах уу
    Сэтгэлийн зовлон бүхнээс илүү

Monday, November 11, 2013

Дөрвөн мөрт

Энэ бие минь чиний өмч
Эрх чөлөө минь ч чиний мэдлийнх
Дурлалын шүлгэнд минь уяран нялхарсан
Дусал нулимстай инээмсэглэл чинь л минийх шүү

Sunday, November 10, 2013

Наран зам

Амрагийн зүг болзоонд алхах замыг
Алтан алтан навчис битүү хулджээ
Намар, оройхон,  чамдаа яаранхан
Нар алт хоёрыг туучинхан алхнам би

Saturday, November 9, 2013

Би...

Чиний зовлонгийн буруутан нь би байна
Чиний жаргалын шалтгаан нь би байна
Чин сэтгэл минь хэвээрээ  шүү амраг минь ээ

Би чамд хайртай-3

Яах вэ.. би өвгөрч,
Ядарч сульдаж , доройтож
Ягтаж, өтөлж хөгширч...Гэвч..
Янаг сэтгэл минь хэвээрээ  шүү

Би чамд хайртай-2

Би чамдаа маш их хайртай шүү.
Насан туршийн амраг минь ээ
Чамаас сайхан бүсгүйг хараагүй сохор  би байна
Чамаас илүүг мэдрээгүй хөлдүү эр хүн би байна

Хаанаас чи минь ирсэн юм бэ..

Хаанаас чи минь ирсэн юм бэ
      Хасын ширхэгт цаснаас уу
          Хаврын борооны дуслаас уу
               Эсвэл солонгоноос уу
                    Эрээн цэцэгсээс үү
Хаанаас чи минь ирсэн юм бэ
Хаана чи минь төрсөн юм бэ
         Халуун зүрхний минь тольтонд уу
             Хайрын нулимсны минь дусалд уу
                Эсвэл солонгоны өнгөн дээр үү
                     Эрээн цэцэгсийн дэлбээнд үү
Хаана чи минь төрсөн юм бэ

Friday, November 8, 2013

Хэрвээ хэрэг тохиолдвол...

Хэрвээ хэрэг тохиолдвол,
       би чинийхээ төлөө, үхэж ч чадна гэж боддог
       бас эцэс төгсгөлгүй амьдарч ч чадна гэж боддог
Хэрвээ хэрэг тохиолдвол,
       би чамайгаа, ухаангүй, бас харалганаар хардаж ч чадна гэж боддог
       бас чамдаа итгэхийн дээдээр итгэж ч чадна гэж боддог
Хэрвээ хэрэг тохиолдвол,
        би чамдаа, бүх эрх чөлөөгөө эргэлтгүйгээр өгнө гэж боддог
        бас чинийхээ хайраар өөрийгөө чөдөрлөж чадна гэж боддог
Хэрвээ хэрэг тохиолдвол,
         би чамдаа ...
         би чамайгаа...
         би чинийхээ...

Thursday, November 7, 2013

Дурлалын төлөө...

Дурлалаас болж солиорогсдын хот
Солиоролд автан шүлэглэгсдийн хот
Шүлгэнд уярч мэлмэрүүлэгсдийн хот
Мэлмэрүүлэн уйлаад дурлагсдын хот
Дурлалдаа шатан солиорогсдын хот
Дурлалын төлөө амиа золигсдын хот
Дурлалын төлөө....
             Дурлалын төлөө...

Тоотой...

Тооройн навчис тоотой, Тэр ч бүү хэл?
Толгойны чинь үс хүртэл тоотой                    
Тоорой навчисаа нэг нэгээр
                              хэсэг хэсгээр
                              унагасаар, хаялсаар
                              нүцгэрдэг
Толгойны чинь үс, нэгэн хоёроор
                                 нилээн ихээр
                                 цайрсаар, цагаан болсоор
                                 нэг л өдөр чи үүрд
                                 бүр хэзээч
Үсний тухай дахиад ярихаа болино

Яагаад заавал...

Яагаад заавал надруу инээмсэглэж хардагийг чинь мэдсээн
Би чамд хайртай шиг, чи ч над хайртай юм байна
Яагаад, бусад сайхныг биш, ганцхан намайг ширтдэгийг чинь мэдсээн
Би чамд хайртай шиг чи ч над хайртай юм байна
Яагаад үргэлж,  миний ая занд тааруулдагийг чинь  мэдсээн
Би чамд хайртай шиг, чи над хайртай юм байна
Яагаад  өөрийнхөө эрх чөлөөнөөс татгалздагийг чинь мэдсээн
Би чамд хайртай шиг, чи ч над хайртай юм байна

Нүгэлтнүүд мандтугай

Даян дэлхийн дээрэмчид,
                        хүүхэд хулгайлагчид,
                        хүчиндэгчид, гаж донтонгууд
                        мандтугай
Даян дэлхийн авилгачид
                         алуурчид, бялангачид
                         эрийг эмлэгсэд
                         эхнэрээ худалдагсад
                          мандтугай
Даян дэлхийн худалчууд
                         залилагчид, матаачид
                         хорвоо бузарлагчид
                         хов хутгаачид
                         мандтугай
Та нар одоо л эс мандаваас
Там хоосорно биш үү
Тамын гал унтарна биш үү

Дуугаа битгий өндөрсгөөрэй

Дуугаа битгий өндөрсгөөрэй
Дурлалт хосуудын зүрх нь холдохоороо
Дуугаа өндөрсгөдөг юм шүү
Зөөлөн намуун яриарай
Зүрх зүрхэндээ ойртохоороо
Зөөлөн шивнэж ярьдаг юм шүү

Ийм сайхан...

Ийм сайхан дэлхийг дахиад олж төрөх үү
Ийм сайхан ээжээс дахиад  аль насандаа төрөх вэ
Ийм сайхан амрагтай төрөл тутамдаа учирах уу

Wednesday, November 6, 2013

Чи минь гэрэл гэгээ

Харанхуй болчихжээ хонгор минь
Хамаг хотыг харанхуй нэгэнт нөмөрчихөж
Харанхуйлж гэрэлгүй болсон,
     хальтаргаатай, халгаатай, бас дэндүү нарийхан гудамжууд
     хөлчүү эрсийн өмхий амьсгаа
     хөвгүүдийн зодоон, охидын хашгираан
     хөл доор гэнэт гаслах, золбин гөлөг
     хаанаас ч юм нисэн ирэх тоосго чулуу
     халаас хоослохоор гэтэн мяраах  "гонио"
     чамайг минь энэ бүхэн тосож байгаа
Гэхдээ чи минь өөрөө гэрэл гэгээ...
     ...гэрэл гэгээ гэдгээ ер нь мэдэх үү хонгор минь
   
   

Monday, November 4, 2013

Чамайгаа санах нь сайхан юм

Чамайгаа санан суух нь сайхан юм
Чинийхээ хөхиүн цовоо инээдийг,
      чин сэтгэлийн дулаахан харцыг  чинь
      чимж хачирлаагүй ухаант үгсийг чинь
      зөөлөн эелдэг ааш занг чинь
      санан санан гуних нь сайхан юм
Чамайгаа санан суух нь сайхан юм
Чинийхээ, халамж, халуун сэтгэлийг
        бас уурлахыг чинь хүртэл
              уяран суухыг чинь хүртэл
              хүүхдийнх гэмээр цовоо занг чинь
              хүүхэн болгонд байдаггүй халуун журмыг чинь
        санан санан суух сайхан юм
        санан санан гуниглах сайхан юм

Дурлал

Ажиг ч үгүй, хэнэг ч үгүй амгалан залуу насанд минь
Амар тайвныг үймүүлэн, сэтгэлийг минь соронзодсон
Алиа хонгор ааштай бүсгүй чамайг харснаас хойш
Мөс, чулуу,  баримал шиг   царцуу зүрх минь
Мөрөн голын цөн адил түрхрэн нурлаа

Саран дээр бичихсэн

Шинийн саран хэдийнээ баруун уулын оройд очжээ
Чиний минь тэндээс бас л ийм харагдаж байгаа даа
Хэрвээ чамайг гадаа зогсоод, сарыг харж байгааг чинь мэдвэл
Хэлж амжаагүй тэр нандин үгсээ, энэ саран дээр сийлэхсэн

Бардамнах зүйлгүй...

Зовлонт эхийн нүүрлүү нулимаад
                                 юуны бардамнал буй
Эрвээхэйн авгалдайг няц гишгээд,
                                 юуны бардамнал буй
Нялхсын амнаас угжийг нь булаагаад,
                                 юуны бардамнал буй
Чонын үүрнээс бэлтрэг суйлчихаад,
                                 юуны бардамнал буй
Инээд алдан тэврэх атлаа, ар нуруу луу хутгалчихаад
                                 юуны бардамнал буй
Арга тасрагч нэгний сүүлчийн найдвары нь бөхөөчихөөд
                                 юуны бардамнал буй

Saturday, November 2, 2013

Алсын аянд чамайгаа үдэхүй

                                   Нар улайран гэрэлтэвч
                                    Цаанаа л жихүүн
                                    Намрын салхи
                                                               Башё Мацуо

Алсын аянд хонгор чамайгаа  мордуулаад
Амраг цээжинд минь цагаахан гуниг сүүмэлзвэй
Саран наран ээлжилж, тоотой хоногууд өнгөрнө
Сайхан чамтайгаа учирч гунигийн мананг сарниана

        Холын замд амраг чамайгаа  мордуулаад
        Хонгор цээжинд минь хөнгөн уйтгар үлдвэй
        Тоотой хоногууд өнгөрч, өдөр шөнө ээлжилнэ
        Торомгор чи минь ирж, гэрэл цацруулан учирна

Friday, November 1, 2013

Эгшиглэхүй-2

                       Дэргэдээ суулгаж хүлцсэнээрээ
                      Тэнгэр бурхан минь болов тэр...
                                                            Сапфо

"А"-нэг
Алтан илтэс шиг навчисаар бороо оруулж соёрхсон
Алхахад,  хөлийн минь доор ивж, зам гоёсон
Арван долоон насны минь гэнэн дурлал шиг
Алиа хонгор салхитай намрыг дурсан дуулнам би

"Э"-хоёр
Энхрийхэн бүсгүйн гарт анхлан атгуулсан
Эхний хайрын минь элч, дурлалын  захианд
Эр зориг элэг зүрх минь хамт нисэн очоод
Эвхээснийх нь завсраас инээмсэглэсэн юм

"И"-гурав
Ийм агуу дурлал байдаг, чухам тэнгэрлэг
Ингэж ариухнаар, бас гэгээнээр  дурладаг
Ихэрхүү нэрэлхүү хоёр хөлийн чинь дор нуран унаад,
Инээд, нулимс хоёр л хань болж үлдлээ

"О"-дөрөв
Оломгүй хөх далайгаас, ганцхан сувд олох адил
Олны дундаас ганцхан чамайгаа л олжээ
Олжээ би, дурлалын харцаар олжээ
Орчлон уярч, хорвоо баястал чамдаа дурлажээ

"У"-тав
Ухаангүй дурлалын охь балыг амтланхан суухдаа
Усан үзмийн дарсаар дарууланхан уулаа
Ужид цэнгэлийн хөшгийг  түр хойш нь татаад
Учирсан чамдаа итгэж,  байгаа бүхнээ даатгалаа

"Ө"-зургаа
Өөрийн амрагаа тэврэн, цэнгэлийн далайд явахдаа
Өөр бүсгүйн тухай бодож амжина  гэж үү
Өр зүрхний хайрыг хувааж болно гэж үү
Өвгөн настан болсон ч,  чамайгаа мартана гэж үү

"Ү"-долоо
Үндэс нь гэсэж, хаврын цэцэг дэлбээлэх шиг
Үлээхийн төдийд дүрэлзэн асах цог шиг
Үүрдийн хайр гэж ийм тансаг,
Үгээр хэлэхийн аргагүй, ойлгоход бэрх

Wednesday, October 16, 2013

Миний толгой

Би өөрөө толгойтой
Би өөрийн гэсэн толгойтой
Би хэнээс ч толгой аваагүй
Толгойгоо хүзүүгээрээ барьж явна гэж
        та нар мэтгэж магадгүй
Тоглоомгүй үнэнийг хэлэхэд, толгойгоо
        хүзүүгээрээ биш, зүрхээрээ барьж явдаг юм би
Хэн нэгэн толгойруу минь нясалхад би дургүй
Хэн нэгний толгойруу ч няслах би дургүй
Миний толгой, миний л толгой
Миний толгойг хэрэглэхийг хүсэж байна уу
  Дуртайяа зөвшөөрнөө би

Saturday, October 5, 2013

Намрын өдөр

Тэнгэрийн цоорхойгоор асгарсан намрын цагаан салхин
Сэтгэлийн сиймхийг  үлээж, хөнгөн гуниг сэдрээвэй
Зоргоор цовоо насны минь эрх чөлөөний диваажин
Дураар дэгдсэн нутаг минь санааны үзүүрт сүүмэлзвэй

Sunday, September 29, 2013

Сагилийн гол

Нар тосож, нар даллаж, нар зөв ороож  урснам билээ
Нас нэмж, насны шүтээн болж, нар хурайлж урснам билээ
Боргио цацлан, бийлэн хөөмийлөн, хатиран цовхчин урснам  билээ
Бодол үргээн, харзлан харзлан,  хархиран  цуурдан урснам билээ
Эргийн шугуйдаа эрхлэн,  намиран намилзан  урснам билээ
Энэ биеийг минь угаан ундлан, адислан шавшин урснам билээ

Намар бодлогоширов

Сэв сэв салхинд, мөчир орхиж дэрвэсэн
Шав шар навчис, хотоор нэг хийсвэй
Сэр сэр бороонд, мөр норгон алхахуй
Дав дув бодлууд, сэтгэлийн мухраас алсарвай
Хөнгөн шингэн гуниг, сэмхэн сэмхэн алдархуй
Нимгэн цагаан будан, зүүд адил сарнивай

Thursday, September 26, 2013

Зуун дамжсан хүн

Хорьдугаар зуун, толгойг минь илж өсгөсөөн
Хориннэгдүгээр зуун, хөлийг минь хучиж өгнөө
Эсэргэн үе минь намайг эмээл дээр мордуулсаан
Энэ үе минь намайг эмээлээс сугадаж буулганаа

Saturday, September 21, 2013

Явчихлаа

Явчихлаа...
Яарах мэт, хар нялхаараа явчихлаа
Шувууд буцахын өмнөхөн ирсэнсэндээ
Шувууд ирэхийн өмнөхөн буцсансандаа
Шулганан эрхлэх чинь санаанаас салдаггүй дээ
Шуударч, эгнэгт эндээс явчихлаа даа
Энэ хорвоо уулаас түүний нутаг биш л байж л
Энд зүгээр л тэнгэрийн зүүдээр ирсэн санж л
Ээж аавтайгаа зүгээр л уулзсан аж л
Эндээс тэр буцаад яарах мэт явчихлаа
Явчихлаа даа...

Sunday, September 15, 2013

Билгийн улирлын арван таван

Сарыг нар,  гэрлээрээ хучин учирах шиг
Сайхан чамайгаа, хараад би дурласаан.
Нар гэрлээрээ сарыг мялаан уулзах шиг
Намайг чи минь хайраараа жаргаасаан

Saturday, September 14, 2013

Цаг хугацааны хөлгөөр...

Цаг хугацааны хөлгөөр нисэж
                       тооллын  цаглашгүйд  хүрлээ би
Үнэндээ энд гайхах зүйл огтхон ч алга
                       Үзэн ядах, үхэн дурлах хоёр мандаж  л байна
Эрт, эдүгээ, түүнчилэн цаашдаа ч  гэсэн
                      эрхлэн хайрлалцаж, эгнэгт хагацахуй
                       оршсоор л байх вий

Friday, September 13, 2013

Жолоогүй сэтгэл

Тэнгэрийн нар сар
             мандахдаа ч жаргахдаа ч
             надаас соёрхол эрдэг
Газрын  өвс ургамал
             гандахдаа ч сэргэхдээ ч
             надаас соёрхол эрдэг
Гагцхүү сэтгэл минь л
             надад үл эрхшээгдэж
Гоо үзэсгэлэнгийн өмнө
             өвдөг сөхрүүлдэг

Monday, September 9, 2013

Энэлэнгийн дуулал

                                 Бяцхан шүүдэр замхарчээ
                                 Бидний энэ ертөнцөд
                                 Байж тэссэнгүй дээ
                                              Исса Кобаяаши

Энэ бол гаслангийн дуулал
              өөр юуны ч тухай биш
              энэлэнгийн дуулал
Эдэлж туулсан зовлон шаналал
              гуниг гансарлын дуулал
Эцгээсээ салах хэцүү,
              тулах багана нурж
              орчлонгийн ёроолд унах мэт
              туулж эс барах гаслангийн далайд живэх мэт
Эцгээсээ салах хэцүү, хэцүү гэвч
              эргээд сэргэдэг нулимс хатдаг
Ээжээсээ салах хэцүү
              үндэсээ тасдуулсан цэцэг
              үүрд гандан унах  мэт
              уснаасаа салсан загас
              амь тэмцэн тэлчлэх мэт
Ээжээсээ салах хэцүү, хэцүү гэвч
              эргээд сэргэдэг,   төдөлгүй тайвширдаг
Нуган үрээсээ салах хэцүү,
             нулимсан далайд живдэг
             нулимс хэзээ ч хатдаггүй
             өр зүрхийг урж тасдах мэт
             өөр юутай ч зүйрлэшгүй
             хөл алдаж, харанхуйн мананд төөрөх мэт
            хөвж жингүйдээд, орчлонд барьц алдах мэт
Нуган үрээсээ салах хэцүү, хэцүү
Нулимсан далайгаас гарах хэцүү
                                             хэцүү
                                             хэцүү...
...Энэ бол гаслангийн дуулал
              өөр юуны ч тухай биш
              энэлэнгийн дуулал
Эдэлж туулсан зовлон шаналал
              гуниг гансарлын дуулал...

Сохор дурлал

Чөтгөрийн хорлол болчихжээ
Чөдөрлөөд, эрх чөлөөгөө хасчихжээ
Үзэмж төгсийн өмнө сөхөрч унажээ
Үзвээс,  нэгэнт солиорч гүйцжээ
Буг чөтгөр гоо сайханд хувилж иржээ
Бурхны хүүхдийг тамын зовлонд татаж унагажээ
Нүдээ нээж сэргэе гэвч нэгэнт хожимджээ
Шүдээ хавирч хөмхий зуувч хорвоо өнгөрчээ

Tuesday, September 3, 2013

Намрыг магтана би

Намрыг магтана дуулна би
Нараар ээж гийгүүлсэн, нарыг бас үүлээрээ  хааж соёрхсон
Намрыг магтана би
Наран доор нь амраг сэтгэлд уярч,
Нам гүмхэн үдший нь зүрхний цохилтоороо  цочоосны улмаас
Намрыг магтана би
Зүсэр зүсэр цагаан бороотой,
Зүггүй хонгор сэвшээ салхитай
Зүүдэлгүй алтан талы нь чимэх царцаа голионы царгиатай
Зүрхний чамтайгаа дуулах амрагийн дуутай
Намрыг магтана би,
              магтан дуулна би

Ерэн найман оны наадам

Ерэн найман оны наадам санаанд тодхон наадам
Чамтайгаа хөтлөлцөөд, шив шинэхэн, огт танихгүй орчинд орж ирсэн
Чамаас ондоо наадамчин байхгүй юм шиг наадам
Чамайгаа хөтлөөд хөөрч явсан ерэн найман оны наадам
Хөлөөр хөглөрөх хог цаас, хүүхдийн шуугиан, хүмүүсийн хөөр баяр
Хуушуурын үнэр, тоглоом наадам, гоё ганганыг анзаараагүй
Олны хөлөөр боссон тоос шороо, олон олон  сонин хачныг анхаараагүй
Зөвхөн чи л дэргэд минь, гарт минь хөтлөөстэй байсан
Тэр жилийн наадам, ерэн найман оны наадам

Saturday, August 31, 2013

Цагийн эрхшээлд

Цаг хугацааны эргүүлэгт орж энэ хорвоод ирээд
Цаглашгүй ихийг үзэж, тоолшгүй ихийг сонсжээ
Цагаан хар хос мөр үлдээж,  орчлонг гэмтээсээр
Царцуу хөх ертөнцийн бүх л замыг туулжээ
Цаг гэнэт зогсож, зам харгуй дуусжээ
Цагийн эргүүлэгт өртөж, эндээс тэгээд явжээ

Дурлал

Дурлалын тэнгэр сумныхаа зэвэнд
                   миний сүнсийг түрхээд
Дурын нэгэн лүү биш,
                   ганцхан чамайг онилжээ.

Thursday, August 29, 2013

Диваажингийн үнэр

Шумуул хөлөглөн гэрлийн зүг одхуйяа
Шунгинах дэвэлт нь салхийг яран яран нислээ
Шуугин өнгөрөх салхи чихнээ баахан тээртэй
Шумар дэнгийн халууныг мартуулах ч янзтай
Бороо орохын өмнөх аниргүй бөгчимд
Буруу зөвгүй исгэрэх далавчны чимээнд дасжээ
Уулын толгойд очсон оройн залхуу нар
Улаан царайт өвгөн эвшээх мэт санагдаад
Дэндүү бяцхан шумуулын сонсогдох төдий дуутай
Дэвэх далавчны аясаар диваажин үнэртвэй


Tuesday, August 27, 2013

Зориулав

Цэнхэр хөвчийн модондоо
Дуучин шувууд нь жиргэхлээр
Алсад үлдсэн нутагтаа
Дуулаад очмоор санагдана

Тогоруу явгалах хөндийдөө
Морин зэрэглээ хатирхад
Хүрэн уулсын нутагтаа
Хүрээд очмоор бодогдоно

Тэнгэр болсон буурлууд минь
Угтан тосоод авахгүй чиг
Энгэрийн цэцэгээ дэлгээд
Нутаг минь намайгаа хүлээнээ

Monday, August 26, 2013

Мөрийн хөтөлбөр

Өт шиг нүцгэн ирсэн
Өт шиг нүцгэн буцнаа би
Хонгио шиг хоосон ирсэн
Хонгио шиг хоосон буцнаа би
Хайрын хүчээр төрсөн юмчинь
Хайрласаар байгаад буцнаа би
Хүмүүний сэтгэлд гэрэл нэмэхээр
Хүйлэн орчлонд төрсөн би
Зурсан чүдэнз шиг дүрэлзсээр
Олдсон насаа дуусганаа би

Saturday, August 24, 2013

Эхлэх цаг

Сав шимийн учрыг олон жил бэдэрлээ
Сархаданд хөлчүүрч онгодын нойрыг сэрээлээ

Жингийн цуваа

Жингийн цуваа, нохойг дагажээ
Жингэнэх хонхыг сүүлчийн тэмээнд зүүжээ
Хандсан зүгтээ сажлах энэ цувааг чухам
Хаа хүрэхээр гарсныг мэдэх хүн байхгүй
Бурантагаа сугалсан сүүлчийн тэмээ
Бударгана шүүрсээр бусдаас хоцорчээ
Хөтөч хөвүүн анзаарах ч үгүй
Хөдөх замыг дэмий л хараачилна
Жингийн цуваа алсран холдсоор
Жилийн газрыг нэгэнт туулжээ
Ухаан мулгуу хөтөч хөвүүн
Улаа эргэтэл явган таваргажээ
Тэмээн жин нохойг дагажээ
Тэнэмэл салхи зогдры нь хийсгэжээ
Хоцорч үлдсэн сүүлчийн тэмээ
Хонхоо дуугарган алсад үлджээ

Thursday, August 22, 2013

Дээрэмчдийн хот

Дээд гэгээрлийг олохоор эргэлтгүй шийдэж
Дээхнэ нэгэн хувраг орон өргөө босгожээ
Гэгээнтний босгосон өргөө тэл тэлсээр
Гэм нүглээр дүүрсэн мангасын ходоод болжээ
Дээрэм тонуул аллага хядлага дэлгэрч
Дээрхийн буурин дээр нүгэл бүхэн цэцэглэжээ
Энэ хорвоогийн хамаг бузар гаарч гүйцээд
Энэлэнгийн нулимс газар дэлхийг балчиг болгожээ
Нарангэрэлт маань тэнгэрийн цонхоор есөнтөө хараад
Найдвар тасарч урам нь хугараад харцаа буруулжээ
Босгосон өргөө нь буяныг мартаж нүгэлд унаад
Босоо ороолонгийн үүр болсныг харсан байжээ

Халхын хавтгайд

Халхын хавтгайд амьдрал буцалж байдаг
Зарим нь гэгээрэлд хүрч байхад
      зарим нь булан талхны төлөө бусдыг хөнөөж байдаг
Зүрхээ өгөөд зарим нь дурлалцаж байхад
      зүсээ буруулж зарим нь үзэн ядалцаж байдаг
Цатгалдаад зарим нь буцааж бөөлжиж байхад
     өлсгөлөнгөөр зарим нь нүд аниж байдаг
Халхын хавтгайд амьдрал буцалж байдаг
Зарим нь хайрын дотор төрж байхад
      зарим нь занал хорслын доор төрдөг
Уй гашуугаар заримыг нь үдэж байхад
      баяр хөөрөөр заримыг нь үддэг
Нулимсандаа зарим нь живж байхад
     инээдэндээ зарим нь хахаж байдаг
Халхын хавтгайд олон олон үйл өрнөж
     амьдрал буцалж байдаг
Халхын хавтгайд амьдархад
     заримдаа баярлан дэвхэцмээр
        заримдаа галзуурч солиормоор
Халхын хавтгайд уйдахгүй

Wednesday, August 21, 2013

Цэвэр сэтгэл

Сэтгэлийг  минь  угаасаар  гашуун болсон юм нулимс минь
Нулимсанд угаагдаад цэвэрлэгдсэн юм сэтгэл минь
Нэр ашиг уруу тэмүүлж явсан гэнэн насаа
Нээрэн би хичнээн их өрөвдөнө вэ

Хувийн шүлэг

Эрдэнийн цагаан үүл гэрэлтэж харагдав
Ээжийн минь дүр тодроод ирэв
Эндсэн үрийг минь тэвэрсэн харагдав

Асар тэнгэр гэрэлтэж харагдав
Аав минь тэнд морьтойгоо харагдав
Алдагдсан үрийг минь эрхлүүлж харагдав

Аав ээж минь бурхад байжээ
Авралын дээд архад байжээ
Нүгэл үйлдээгүй цэвэр сэтгэлтэй
Нүцгэн үр минь дэргэд нь очжээ


Saturday, July 20, 2013

Чи минийх, би чинийх

Янаг минь, чи миний
   ядам хуруунд зүүсэн хуримын бөгж
Ялдамхан минь, би чиний
   ядам хуруунд чинь байгаа хуримын бөгж

Thursday, July 11, 2013

Шүүдрийн ганц дусал дахь орчлон

Газрын  өвс бүхэлдээ сувдан шүүдэрт умбажээ
Ганцхан дусал дотор нь сар одтойгоо багтжээ
Сарны  тэр гэрэл орчлонг нэлд нь гийгүүлжээ
Орчлонг гийгүүлсэн гэрэлд нь бидэн хоёр болзжээ
Бидэн хоёрын учирахад унтсан шувууд сэржээ
Унтсан шувууд сэрээд дурлалын дуу дуулжээ.

Sunday, July 7, 2013

Цонхоор харсан дэлхий

Анхны хүүхдээ төрүүлж буй эх өвдсөндөө
    ээжийгээ дуудан орь дуу тавьж,
        биенийх нь хэсэг өмөрч тасран унах мэт мэдрэмж төрөөд,
                чийгийн улаан хорхой шиг улаан нялзрай амьтныг
                      эх баригч нь өргөн харуулав.
 Жигтэйхэн цовоо чанга дуутай бүсгүй үр мэндэллээ....
                       .... Сайн байна уу гэгээн өглөө минь...
***********
Зуны үдийн  наран чанх зулайнаас ээнэ.
     Өглөө босоод хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байсан их ажил одоо харин жигдэрч,
          ядарахаа ч мэдэхгүй, нүдрүүгээ урсах хөлсийг ч арчих завгүй ажилласаар....
                       ........Ингэхэд танайхаар сонин юутай байна даа........
**********
Оройн нар уулын цаагуур одоод, тэнгэрт үдшийн гялаан бүдэгхэн гялтайна.
      Өдөржингөө шуурсан цасан шуурга овоо намжжээ.  Ай даа...
            Яасан ч өндөр шат вэ дээ,  ямар ч байсан оройд нь гараад ирлээ.
                  Одоо энэ хаалганы цаана
                          амар амгалан, айдас түгшүүр хоёрын аль нь байгаа бол???
                        ....... За баяртай. Дараа тухтай уулзая........

 

Friday, June 14, 2013

Гийгүүлэхүй

На
Намар
Намрын навчис намрын салхитай найзлахаар одлоо
Намрын шувууд нарны тойрогт саатахаар нислээ
Намрын буга намрыг дуулахаар хоолой заслаа
Намрын найр намрыг үдэхээр шуранхай хадаалаа

Ба
Орчлон
Барих барьцгүй , жолоо цулбуургүй хийсвэр орчлон
Барьц алдмаар, бажгадаж хууртмаар, яг л солонго шиг орчлон
Баруун гараа гасланд, зүүн гараа жаргалд дүрээд
Баруун гараараа нулимс арчиж, зүүнээрээ алгаддаг орчлон

Ха 
Диваажин
Хаа байна диваажин гэж хорвоогоор нэг  бархирч
Хаа сайгүй эрж хайж цөхрөнгөө барлаа би
Харин тэгтэл сэтгэлд минь хээв нэг  орж суучихаад
Хайж явсан диваажин минь тамтай хамт заларч байж

Га
Ертөнц
Гартаа барьж байна би орчлон хорвоог
Гаслан зовлонтой нь, баяр баясалтай нь гартаа барьж байна
Гараар минь дамжаад, бүх биеэр минь цус шиг гүйдэг юм энэ хорвоо
Гарцаагүй тэхлээр би өөрөө хорвоо ертөнц юм

Жа
Гийгүүлэхсэн
Жамаараа яваа ертөнц гэж санаа амаралгүй
Жалга дов тойрсон мухар санаанд авталгүй
Жаран жарнаар орших ид хавыг олоод
Жаахан ч атугай гэрлээр бусдыг гийгүүлэхсэн

За
Залуу нас
Залуу сайхан нас минь  дэндүү хурдан дууслаа даа
Залхуу мунхаг хоёртой дэндүү удаан нөхөрлөлөө дөө
Заяасан биеийн амрыг даан ч дэндүү харлаа даа
Засаг  мөнгө  хоёрт итгэж сүжрэлгүй явлаа даа

Да
Ганцаардал
Дахин дахин   зүүнээс л  мандах юм энэ нар
Дассангүй дээ би энэ улигт эргэлтэнд
Дандаа шинийг үргэлж шинийг хүссээр байгаад
Дасахгүй нь дээ би энэ нар дэлхий хоёрт



Tuesday, June 4, 2013

Эгшиглэхүй

                                           А

Асрын өндөр хөх уулс, асгатай хөх уулс, билүү шиг хөх уулс
Аавын минь өссөн өтөлсөн өнхөрсөн газар шороо юм шүү дээ
Асга чулууды нь алгаараа нэг илээд үзээрэй, үзээд үнэмшээрэй
Анхны цас доороосоо хайлдаг,  халуухан дулаахан дэлхий юм шүү дээ

                                           Э
Эргэх дэлхийн энэтэй хаяанд, эрээн цэцэгтэй  уулсын дунд
Элгэн хадтай, хүрэн асгатай, будан хүзүүвчтэй уулсын дунд
Ээмэгний шигтгээ шиг, эрдэнийн хэлтэрхий шиг нуур бий
Ээж минь энд, ээжийгээ  баярлуулж, дуугаан хадаан мэндэлж байж

                                          И
Ихэрхүү, бас хүнийрхүү цаг хугацааг эвхэж түрийлчихээд
Ихсийн онгонг сэртэл, дэлхийн өвсийг өндийтөл  цуурдах уу
Ингэж л нэг,  удаан мөрөөдсөн өвөг дээдэстэйгээ уулзах уу
Ирэх цагийн цэцэд  мэргэдэд сургаалыг нь дамжуулах уу

                                          О
Орилоод ч нэмэргүй, дуудаад ч сонсохгүй алсын хязгаарт одоод
Одоо дэргэд минь эзгүй , очоод уулзахын аргагүй байгаа
Орчлонд ирэхдээ миний харсан хамгийн эрхэм хүн
Орхиод одсон ээж минь, жинхэнээсээ бурхан, бүтээгч бурхан байсан

                                         У
Улаангомд юм бүхэн бий, дутуу зүйл нэг ч үгүй
Улаан зосоор будсан банзан хашаанууд, улаан тоосгон байшин барилгууд
Улаан навчит намрын модод, навчис хөглөрсөн чулуун гудамжууд
Улаан навчит моддын дундах  учирахуй, хагацахуй, уярахуй, баясахуй  бүгд бий

                                         Ө
Өргөн  дэлхийн хаа нэгтээ, усан дунд ч газрын хээлэнд ч
Өнгөрч баларсныг  буцаагаад авчрах шидтэн байна уу
Өөр юуг ч гуйхгүйээ, аав ээжийг минь л амилуулаад өг
Өртөг хөлсөнд нь санаа зоволтгүйээ, өөрийгөө өгсөн ч чадна би

                                         Ү
Үүрээр намайг нэгэн зүүд сэрээв,  / үргэж цочмоор бас баясмаар зүүд/
Үүрэг нуурын хөх эрэг  дүнхийгээд, доор нуур цэнхэртэнэ
Үхрээ туугаад, хаашаа ч юм  яаран  одох аав минь харагдав
Үүр хээрийнхээ оронд лусын морь унаад хатируулж одох нь үзэгдэв




Thursday, May 30, 2013

Дүүлэн нисээрэй

Ирээдүйн хязгаар луу дүүлэн дүүлэн нисээрэй хүү минь
Ирэх цагийн оньсыг тайлан тайлан нисээрэй үр минь
Ихэс өвгөдийнхөө хүрээгүй тэр алсын алс чанад уруу
Ид хаваа гайхуулан, цойлон цойлон нисээрэй хүү минь

Wednesday, May 29, 2013

Хорвоогийн жам

Хоёр хөлөө үнэсүүлж эрхлэх бяцхан хүү минь
Хожим аавыгаа үүрч дүүрч өргөж асарнаа
Хоёр хөлөөрөө туучиж яваа энэ шүүдэрт өвс
Хожим ухархайг минь сүвлэн сүвлэн урганаа

Friday, May 17, 2013

Амраг тавилан

Урьдах насандаан бидэн хоёр,  саахалт  айлын хүүхдүүд байлаа
Удаахь насандаан бидэн хоёр,  салах тавилангүй амрагууд боллоо
Хэмжээлшгүй их хайрын буянаар,  дараа төрөлдөө
Хэзээ нэгэнтээ,  бие биендээ,  аав охин, ээж хүү бололцноо

Бумбын орон...

Бумбын орон... Бүр бүр бороотой л гэнэ...Уйдаж үхмээр
Бурхны орон...Сэр сэр салхитай л гэнэ... Залхаж үхмээр
Үхэлгүй мөнхийн хорин таван настайгаан өтөлдөг гэнэ
Үр ач нартайгаа,  насаар чацуу оршдог гэнэ ...Ичиж үхмээр

Wednesday, May 1, 2013

Цойлон нисэх эрх чөлөө

Зоргоор эрх чөлөөний дуу минь шуранхайлан дүүлсэн хөх тэнгэр минь
Зовлон энэллийн нулимс минь царцаж тогтсон хүйтэн нойтон газар шороо минь
Зориг төгөлдөр баатруудын минь сүнс сүлд мөнхөд оршсон лусын орон минь
Золбин задгай шүлгийн минь дуудлага оршсон хархираа хөөмий минь

Sunday, April 28, 2013

Чадах уу

Зүрх сэтгэлийг минь худалдаад авч чадах уу
Зүүд нойрыг минь хулгайлаад авч чадах уу

Thursday, April 25, 2013

Би чамд хайртай

Ялдам минь, энэ тэнгэр яасан ч олон одтой юм бэ
Янаг минь,  энэ тэнгэрийн сар яасан ч тод гэрэлтэх юм бэ
Гараас чинь барья хонгор минь,  цээжийг минь налаач
Газар дэлхий дээр чи бидэн хоёулхнаа шүү амраг минь ээ


Saturday, April 13, 2013

Хавар цаг чухам...

Хавар цаг чухам,  эрт ирсэн хос ангир шиг
Хавар цаг чухам, цасан доороос цухуйх ганц яргуй шиг
Хавар цаг чухам,  сэтгэлийг нялхрааж,  уярааж
Харц тулгаран ичингүйрч учирсан чи бидэн хоёр шиг

Рубай

Алдар хүндийн төлөө би бичдэггүй
Алиа үгээр бусдыг хуурахыг хүсдэггүй
Зүүд бодол хоёроо гаргаж эс хэлбэл
Зүдэргээнт энэ амьдралд төгсөх цэг үгүй

Saturday, April 6, 2013

Рубай

Сагил их мөрөн минь та намуухан мэлмэрмүү
Саатан тунаран мэлтрэн мяралзан мэлмэрмүү
Сарны тухай, сарны тэртээ байгаа ээжийн минь тухай
Сайхан үлгэрийг шивнэн хүүрнэн мэлмэрнэ үү

Хариг их мөрөн минь та чимээтэйхэн мяралзана уу
Харгиатайхан урсгалдаа нар сарыг тольдонхон мяралзана уу
Хачин тансаг дагшин сайхан тууль найргийг
Хатан ус Үүрэг нууртаа хайлан хаялан тунаран долгилон мяралзана уу

Tuesday, April 2, 2013

Хаан уул Хатан ус

Хаан уул Цагаан шувуут та минь уу зээ
Хаврын цэцэгсээн дэлгэрүүлэх гээд
Ханзарсан цасаа  жалга судгаараан урсгаад
Ханхайж  дүнхийгээд л байна уу даа
  Ай  хөөрхий нутгийн сүлд болсон
   Хайрхан их уул минь уу зээ
Хатан ус  Үүрэг нуур та минь уу зээ
Хаврын шувуудаа тосон тосон  хүлээгээд
Хариг их мөрөнгөөрөө цөнгөө түрээд
Хаялан долгиолон, мэлмэрэнхэн байна уу даа
   Ай хөөрхий нутгийн аршаан болсон
    Хатан их  ээж  ус минь уу зээ
Далай ханы нутгийн чимэг бологсон
Дархан их уул Цагаан шувуут минь уу зээ
Давалгаа хаялан мэлтэлзэнхэн  байдаг
Далай их усан Үүрэг нуур минь уу зээ
     Аяа хөөрхий нутгийн чимэг болсон
     Хаан уул  хатан ус хоёр минь уу зээ

Saturday, March 30, 2013

Эрх чөлөө

Эрдэнийн алтан соёмбо,  бидний  зовж олсон  эрх өлөө
Эгц дээрээс доош нь татах бичиг монголын эрх чөлөө
Энгүй талаар галигуулах эрэмгий, бас хэнэггүй морьтон
Эзэн дээдсээс өвлүүлсэн, алдаж болохгүй эрх чөлөө

Tuesday, March 19, 2013

Рубай

Зочломтгой зан гаргаж алгаан дэлгээч
Зориуд энэ хорвоог таних гэж сэтгэлээ нээгээч
Харалган газарчид хөтлүүлэхгүйн учир
Харах нүдээ зориуд битгий хаагаач
            ******
Дэлхий нарыг тойрдогт би еөр итгэдэггүй
Дэндүү хачин сонсогдох ч,  энэ үнэн шүү
Тогооны таг шиг хавтгай энэ дэлхийг
Тойрч эргэдэг нь нар өөрөө юм шүү
           ********
Салхи хаанаас ирдэгийг би мэддэггүй
Сарниж хааш оддогийг нь ч бас мэддэггүй
Буруугаа хүлээх мэт өнгийн солонго гэрэлтсээр
Борооны дараа  яагаад татдагийг нь ч мэддэггүй
           ********
Хэрсүү хашир байх нь хэнд хэрэгтэй вэ
Хэрүүл зодооноор чухам юуг өөрчлөх вэ
Гэнэн томоогүй байлаа гээд балчир  жаалыг
Хэн чухам буруутгаж өөлж чадах вэ
           ********
Аллах  будда  есүс  цааш нь бас хэн ч билээ  дээ
Аль нь чухам үнэнийг бидэнд хэлсэн юм бол
Нээрэн ингэхэд бид л мэдэхгүй болохоос
Нэгэн эхийн ах дүүс байхаас зайлахгүйээ

Sunday, March 17, 2013

Он цаг

Он цаг яг л намрын оготно шиг
    хөөеөгөө зөөгч намрын оготно шиг
       ширхэг ширхэгээр будаа зөөгч оготно шиг
Олсон жаахан насыг минь
    эмтлэн эмтлэн зөөн зөөн одно билээ
       эргэлт буцалтгүй аван аван одно билээ
Он цагийн эрвээхий
    эргэлдэн эргэлдэн намйг тойрон далавч дэвнэ
        холдон ойртон холдон ойртон эргэлдэнэ
Онож хааяа буухдаа
   духанд зураас нэмээд ниснэ
       гүн гэгч нь зураад буцна
Он цагийн шувуухай
   жилдээ нэг надтай золгоно
       бэлэгтэй ирж золгоно
Орой дээр цагаан үс
    нэгийг суулгаад буцна
Он цаг.. он цаг...
    ширхэг ширхэгээр цагаан үс надруу зөөгөөд
   ширхэг ширхэгээр насыг минь аван аван
                                        дэвэн дэвэн одно...
 

Thursday, March 7, 2013

Эмгэнэл

Ээжүүд бултаараа жаргалтай байлаа
Энд нэг ээж харин зовлонтой байнаа
Хорин гуравтай сайхан үрээ алдчихаад
Хоёр нүднээс нь нулимсан горхи урсаж байнаа


Tuesday, February 19, 2013

Рубай

Дурлалд баяссан нүд чинь тормолзоод, эгээ л ботгоных шиг
Дусалхан  нулимс  сормуус дээр чинь,  эгээ л сувдхан шиг
Дурлалын суманд сүлбүүлсэн хос зүрхээ  амраасхийгээд
Дуулим хорвоог уяртал биесээ л жаргаая, эгээ л хоёулхнаа  шиг

Monday, February 18, 2013

Инээдтэй орчлон

Улсын ярих нь инээдтэй
Уйлах нь хүртэл инээдтэй
Ууж идэх нь ч инээдтэй
Унтаж хэвтэх нь ч инээдтэй
Уурлаж цухалдах нь ч инээдтэй
Найзалж нөхөрлөхдөө инээдтэй
Наймаа арилжаа нь ч инээдтэй
Авах нь ч өгөх нь ч инээдтэй
Аллага таллага нь ч инээдтэй
Бодох хүсэх нь ч инээдтэй
Будах шунхдах нь ч инээдтэй
Энэ хорвоо бүхлээрээ
Элэг хөшмөөр инээдтэй

Аав ээжийн нутаг

Хойлогийн дуутай цагаан уулаа
Зөндөө зөндөө санаж дууллаа би
Хормой дэвсэн залбирах аавыгаа
Зүүдэн дундаа бас л харлаадаа
         Аавын минь нутаг
         Амин нутаг минь
         Алдрай багын
         Дагшин орон минь
Тойгон ембүү шиг цагаан уулаа
Найрын хоймроос санан дууллаа
Толгой бөхийн мөргөх ээжийгээ
Нойрон дундаа бас л зүүдэллээ
       Ээжийн минь нутаг
       Элгэн нутаг минь
       Эрххэн багын
       Нандин шүтээн минь
Зүүднээс салдаггүй цагаан уулаа
Манантай будантай нь санаж дууллаа
Зүрхэн тольтоос уяатай болохоор
Мартаж яахан болох л билээ дээ
       Аавын минь нутаг
       Ээжийн минь нутаг
       Алдрай багадаа эрхэлсэн өлгий минь

Tuesday, February 12, 2013

Аав нь хүүгээ саналаа

Аав нь хүүгээ саналаа
Дэндүү их саналаа
Гадаад их далай  өргөн юм, оломгүй юм.  Гэвч
Хүүгээ санасан сэтгэлийг саатуулж хэрхэн чадах вэ
Газрын эн өргөн юм захгүй юм  Гэвч
Хүүгээ санасан сэтгэлийг халхалж яаж л  чадах вэ
Туранхай бор хүүгээ аав нь зөндөө  саналаа
Туг шиг дэрвэж явна гэж туж зүүдэлж саналаа
Уул хангай өндөр юм, зам нь хэцүү юм  Гэвч
Үрээ санасан сэтгэлийг халхалж яахин барах вэ
Ус мөрөн урт юм, тал нь энгүй юм  Гэвч
Үрээ санасан сэтгэлийг саатуулж хэрхэн чадах вэ
Өндөр бор хүүгээ аав нь их саналаа
Өр зүрхэндээ хайрлаж, эрхлүүлэнхэн  саналаа
Тэнгэр огторгуй гүн юм, энгүй юм  Гэвч
Эцгийн халуун хайрыг алсруулж хэрхэн барах вэ
Тэрүүгээр нисдэг зам нь алс юм,  алсхан юм Гэвч
Энгүй их хайрыг алгасуулж  яахин чадах вэ

Thursday, January 31, 2013

Аавдаа бичсэн шүлэг /бүлэг рубай/

Аавынхаа тухай дуулж бичлээ би
Алдрай бага насаа бас дурсаж бичлээ би
Том  оо гараас нь бариад наадам үзсэн тухайгаа
Томоожиж хөгширсөн хойноо дурсаж бичлээ би

Өндөрхөн аавынхаа тухай дуулж бичлээ би
Өөдөс жаахан насаа бас дурсаж бичлээ би
Өндөр хээр морьтойгоо галигуулж явсан тухай нь
Өнжин хонон бодсоор дурсаж бичлээ би

Олонтой явсан аавыгаа уйлж бичлээ би
Олойрт морь унаагүйгий  нь дурсаж бичлээ би
Алхаж огтхон ч болохгүй шар суран бугуйлыг нь
Авч үлдэж чадаагүйдээ харамсан дурсаж бичлээ би






Friday, January 25, 2013

Цагаан шувуут минь

Дуулахгүй л аа яаж л тэсэх юм бэ
Дуулга мөнгөн уул минь дээ хө
Ээмэг хадандаа ирвэсийн хэвтэртэй
Эрдэнийн уул -Цагаан шувуут минь ээ

 Хайлахгүй л аа яаж л болох юм бэ
 Хаш эрдэнийн уул минь дээ хө
 Асгат цармандаа  янгирын сүрэгтэй
 Арцын үнэрт Цагаан шувуут минь ээ

Зүүдлэхгүй л ээ яаж л хонох юм бэ
Зүрхэн цагаан уул минь дээ хө
Мөнгөн дуулгатай номин хүрэмтэй
Мөнхийн шүтээн Цагаан шувуут минь ээ






Friday, January 18, 2013

Амраг сэтгэл гэгч..

Амраг сэтгэл хэмээгч энэ диваажингийн зовлон
Аль  диван галавт ч байж л байсан юм
Олсон үмх махаа эм хүйстэнд өгөх гээд
Омруугаа цусдан гүйж л явж, холын өвөг минь

Tuesday, January 15, 2013

Харьцуулсан нь

Ганга мөрний булингарт усыг,  хичнээн шүлэгч шагшин дуулваа
Газар дээрх ариун ус гэж,  өчнөөн найрагч шагшин дуулваа
Бидэртэн галгидаг Сагилийн голоос,  чухам юугаар илүү болохоор
Бэлэн үгсийг цэцлэн хэлхэж,  найраг шүлгээр магтан дуулваа

Ижий бурхан

Биеийг минь төруулсэн болохоор
Бүүвэй дуулж өсгөсөн болохоор
Бүлээрэхэд минь тэвэрсэн болохоор
Бүдэрэхэд минь түшсэн болохоор
Дэрвэхэд минь баяссан болохоор
Дарвихад минь сургасан болохоор
Нулимсыг минь арчсан болохоор
Нүүрийг минь угаасан болохоор
Үргэлж сэтгэлд минь оршдог болохоор
Үнэн сургаалаа хайрласан болохоор
Бурханд биш ижийдээн итгэдэг
Бурхдыг биш ижийгээн хайрладаг

Sunday, January 13, 2013

Хорвоогийн жам

Өөрийн эцгийнхээ мөрөн дээр гишгэж , өндийж боссоон би
Өвөг эцгийн мөрөөр аав минь явсныг мэдсээн би
Өргөн хорвоогийн жамаас гажихын гарцгүй болохоор
Өөрийн нуган үрээ, мөрөн дээрээ өргөнөө би

Tuesday, January 1, 2013

Яруу найраг шиг бүсгүй

Яруу найраг шиг бүсгүй минь
Ялдамхан хонгор минь
Яруу найрагчийн нүдийг баясгаж
Яруу найраг төрөхөд хүргэж
Ялдамхан төрхөө үгийн ертөнцөд үлдээж
Ялдамхан төрхөөрөө яруу найрагчийг согтоосон
    Амьд урлаг,  амьд яруу найраг минь...
          Ааяаа.... Бурхан юутай шударга бус вэ...