Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Saturday, December 26, 2009

Алт

Тевер-Оолын амьдрал уг нь их тайван байсан юм.
Эхнэрий нь Анжима гэнэ.
Урьд улсынх байгаад хожим хувийнх болсон нэгэн компанид насаараа ажиллаж буй.
Хүүхдүүд нь том болцгоочихсон. Том нь хүнтэй суугаад хүүхэд гаргачихсан.
Хоёрдох охин нь сургуулиа дүүргээд хувийн нэгэн байгууллагад ажилд ороод, бас найз залуутай болчихсон,
Бага хүү нь аравдугаар анги.
***************
Тевер-Оолд нэг асуудал тулгарав.
Тулгарав ч гэж дээ өөрөө бий болгочсон.
Асуудлаа шийдэх гээд байраа барьцаалаад зээл авчихсан нь төлж барахын аргагүй өр болон босч ирэв.
***************
Уул нь тэр амьдарлаа өөрчилж, бусдын адил чинээлэг амьдарахыг хүсчээ.
Хүслээ биелүүлэхийн тулд алтны наймаа хийхээр шийдэж, бөөн мөнгө аваад Заамарыг зорьжээ.
**************
Хүсэхэд хясдаг орчлон хойно, төлөвлөсөн бүхэн санаснаар болсонгүй.
Хуучин наймаачдад гадуурхагдах, шийдсэн дээрэмчдэд эд зүйлсээ булаагдах, согтуу хөлчүү нинжа нарт дээрэлхүүлэх гэхчилэн элдвийн хатуужил үзсээр олсон алт ч үгүй, мөнгө төгрөг ч үгүй гар хоосон болов.
Харин өөртэйгээ адил хоосорсон нэг нинжатай найз болж, хоёул нийлэн өөрсдөө алт ухахаар болжээ.
***************
Жилийн нүүр үзэхэд, Тевер-Оолын байр банкны мэдэлд очиж, Анжима хүүхдүүдтэйгээ гудамжинд гарлаа.
Арван жилийн найз хүүхэн нь Анжиматай санамсаргүй тааралдаж, Таван буудалд байдаг өөрийнхөө хашаа байшинд манаачаар буулгаж туслажээ.
***************
Тевер-Оол нөгөө нинжатайгаа хамтарч, хүмүүсийн хаясан, эвдэлж амжаагүй нүхэнд орж алт хайдаг байв.
Олсон жаахан алт нь заримдаа хоногийн хоолонд ч хүрч дийлэхгүй байв.
Хоосон хонохгүйн тулд нөгөө хамтрагчтайгаа хоёул дэлгүүр түцнээс хоолны материал зээлдэг байлаа.
**************
Нэгэн өдөр хоёр найз аанай хүмүүсийн хаясан нүхэнд оржээ.
Найз нь нүхний ёроолыг ухаж, Тевер-Оол гадна нь гаргасан шороогоо татаж байлаа.
Гэтэл найз нь хонины шагайн чинээ алт олоод Тевер-Оолд хэлэхгүй өмдөндөө нуужээ.
**************
Найз нь олсон алтаа Тевер-Оолд мэдэгдэхгүйгээр авч зугатах аргаа боловсруулж байхад, Тевер-Оол хоногийн хоолоо яаж олох тухай, алт яаж олох тухай л бодож байв.
**************
Найз нь санамсаргүйгээр олсон алтаа унагачихав.
Үүнийг харсан Тевер-Оол анхандаа нүдэндээ итгэсэнгүй.
Сэхээ аваад юу болж буйг ойлгож ядаж байхад нь найз нь том гэгчийн чулуу аваад түүнлүү дайрлаа.
***************
Тевер-Оолыг нүхний ёроолд ухаангүй хэвтэж байхад нь эргүүлийн цагдаа азаар олжээ.
Бүтэн гурван жил газар ухаад, Тевер-Оол байр орон ч үгүй, найз ч үгүй, олсон алт мөнгө ч үгүй болсон байв.
**************
Анжима айлын хашаанд, хүүхдүүдээ хадамд гаргахы нь гаргаад, эхнэртэй болгохы нь болгоод зовохдоо зовоод, жаргахдаа жаргаад бор борог амьдралдаа гэдэс ходоод дундуур ч гэлээ сэтгэл цатгалан амьдарсаар...
Авааль нөхөр Тевер-Оол нь газрын гаваар орсон мэт сураг ч үгүй чимээ ч үгүй гурван жилийг ардаа орхив.
***************
Нэг өдөр таньдаг хүмүүсээсээ сурагласаар өөрсдийг нь олж ирсэн Тевер-Оолыг эхнэр хүүхдүүд нь сэтгэл шимшрэн хүлээж авлаа.
Тэд эр нөхрөө, эцгээ үүрд уучлав.
Хорвоод хамгийн үнэтэй алт эрдэнэс бол гэр бүл үр хүүхэд ажээ.
Тевер-Оол алт хайж хол явах шаардлага байгаагүй юмсанж.

Tuesday, December 22, 2009

Реквием

Харааны үзүүрт мэлтэлзэх Увс нуураа сэрээсээр
Санааны холын нутгаас
усны шувууд нь ирлээ дээ
Борооноос урьтаад явчихсан
аргалчин ижийгээ санаад аа
Хөдөөний бор хүү чинь аргаа бараад уйллаа даа

Хүдэнт Тагнын уулс нь ээ хүний нутгийн хангай даа
Будант цагийн аясыг ээ миний аав л дагав уу даа
Модот өндрийн цасыг ээ
арван тавантаа хайлахад даа
Хадат нутгийн овоондоо аавыгаа санаад уйллаа даа

Хоосонд одсон буурлуудаа үе үехэн санахад аа
Цаасанд бичсэн бодлуудаа хааяа нэгхэн сөхөөд өө
Дуусан дундардаггүй нулимсаа байя л гэж арчаад аа
Дуулим орчлонгийн үнэнтэй заавал эвлэрэх тавилантай

Аз жаргалын тухай хэдэн үг

Бусдад аз жаргал бэлэглээд өөрөө аз жаргалтай болдог хүмүүс байдаг.
Бусдын аз жаргалыг бусниулж үгүй хийчхээд өөрөө аз жаргалтай болдог хүмүүс байна
Шагналаар өвчилж, бүхий л амьдарлаа шагналд зориулж, авахгүй бол гомдон гонсойж, авчихвал аз жаргалтай болдог хүмүүс байна.
Шагналыг зөвхөн бусдад өгч өөрөө аз жаргалтай болдог хүмүүс ч байна.
Бусдад халуун дулаан, сэтгэл сэргээх үг ганцыг болов ч хэлчихээд өөрөө аз жаргалтай болдог хүмүүс байна.
Бусдад мөс шиг үг хэлж гомдоогоод, тэрнээсээ аз жаргалтай болдог хүмүүс байна.
Бусдын аз жаргалаар бахархаж, өөрөө аз жаргалтай болдог хүмүүс байна.
Бусдын аз жаргалд атаархаж, хорсол гомдлоо тайлж
аз жаргалтай болдог хүмүүс байна.
Мөнгийг амьдарлынхаа утга учир болгоод, тэрнээс таашаал авч
аз жаргалтай болдог хүмүүс байна.
Мөнгөний үнэ цэнийг уландаа гишгэж, өөртөө сохор зоос ч үлдээлгүй үрээд аз жаргалтай болдог хүмүүс байна.

Sunday, December 20, 2009

Хайрын тухай

Би есөн өрлөг шиг эр зоригтой биш, гэвч надад тэднийх шиг хайр бий.
Би Гитлер шиг харгис биш, гэлээ ч над түүний Ева Браунд дурласан шиг дурлал бий. 
Би Есенин шиг шүлэгч биш, гэхдээ над түүнийх шиг хайр бий.
Би та нар шиг эрүүл саруул биш, гэвч яг та нар шиг хайрладаг.
Би та нар шиг эрдэм мэдлэгтэй биш, гэхдээ яг та нар шиг дурладаг. 
Би бусад эрчүүд шиг царайлаг биш, гэвч тэдэнтэй адилхан сэтгэл зүрхтэй. 
Би Шварцнеггер шиг бие хаатай биш, яг Квазимодо шиг төрхтэй.
Гэвч яг тэдэн шиг хайрлаж дурладаг. 
Би Ромьео шиг оргилуун, цэл залуу биш, гэхдээ л тэр Жульеттад дурласан шиг би эхнэртээ дурласан.
Буддын гэгээрэл, Аллахын зөн билэг, Христийн хүч чадал надад байхгүйээ.
Гэвч тэднийх шиг энэрэн нигүүлсэх гал халуун зүрх сэтгэл надад бий.
Хайртдаа гал халуун дурлалаар дурлаж, харин бусдыг бурханы агуу энэрэлээр хайрлах болой.

Thursday, December 17, 2009

Асуулт...

Дуучин өөртөө зориулж дуулдаг уу?
Эсвэл өрөөлд зориулж дуулдаг уу?
Ятгах гэж дуулдаг уу? Янаглах гэж дуулдаг уу?
Яруу эгшигээр илбэдэх гэж дуулдаг уу?
**************
Бид яах гэж амьдарч байна вэ?
Бидний амьдарлын зорилго, шавьжныхаас юугаараа ялгаатай вэ?
Хэн нэгэн үрүү гар далайхад, бидний амьдралын утга өөрчлөгдөх үү?
Там хаана оршдог вэ? Диваажин хаана байдаг вэ?
**************
Асуултыг яах гэж асуудаг вэ?
Асуулт дуусвал амьдрал ямар болох вэ?
Хариулт юуны тулд байдаг вэ?
Хариулт ихэдвэл хүмүүс юу болох вэ?

Thursday, December 10, 2009

Өөрөө...

Өөрөөс минь өөр өстөн дайсан гэж үгүй.
Өөрөөс минь өөр өмөг түшиг ч бас үгүй

Өөрийгөө бүхнээс илүү үзэн ядаж, бас бүхнээс илүү хайрлаж,
Өөрийгөө үгүй хийх гэж оролдож, бас
Өр зүрхнээсээ өрөвдөн өмгөөлдөг
.
Өөрийгөө олох гэж
Өчнөөн жил бэдэрч, олсон хойноо
Өөрийнхөө нүүр лүү нулимж,
Өөртэйгээ тэрсэлдэж,
Өөрийгөө эрхлүүлж,
Өөрөөрөө бахархаж,
Өөрөөсөө ичиж,
Өөлж гоочилж,
Өөртөө зусардаж,
Өр лүү нь өшиглөж,
Өөрийнхөө эсрэг
Өөртэйгээ далдуур хуйвалдаж,
Өөрөөсөө нууж,
Өөрийгөө муулж,
Өчнөөн тарчилж,
Өмөлзөн уйлаад,
Өөрийгөө мэдмэгц
Өөрөө шоолж,
Өөрөөрөө дутаад,
Өөр хэнийг ч биш
Өөрөө өөрийгөө,
Өөртэйгээ,
Өөрөөрөө,
Өөрийнхөө
Өөриймсөг дайсан.
Өөрөөс минь өөр өстөн дайсан гэж үгүй.
Өөрөөс минь өөр өмөг түшиг ч бас үгүй

Tuesday, December 8, 2009

Нэгэн зураг

Хашааны сүүдэрт, бодын чинээ биетэй, дөрвөн нүдтэй, хөгшин халтар нохой нарнаас зугатан очоод залхууран хэвтжээ.
Хажууд нь дөнгөж хөлд орж буй бололтой жаал гутлын хонхоо тожигнуулан очоод, араа шүд нь ярзайсан сүртэй ам руу нь эгдүүтэй жижигхэн гараа оруулж шүлс унжралдсан урт хэлий нь атгаад гаргаад ирэв.
Бүдүүн халтар хаа очиж хүүхдэд гэмгүй амьтан бололтой.
Мөнөөх жаалын ах нь бололтой гурав орчим насны, нилээн том гамбир барьсан хацар сайртай, хамар нустай жаахан хүү дүүгийнхээ араас очоод нохойны хэлийг дүүгээсээ тавиулж, барьж байсан гамбираа халтар нохойн ам руу чихэв.
Хүүхдэд ноолуулж залхсан бүдүүн халтар, толгойгоо зайлуулаад, хүүгийн өгсөн гамбирийг авсангүй.
Жаал хүү ч нохойны шүлс болсон гамбираа жишим ч үгүй идэж байна.
Энэ үед хашааны хаалгаар хажуу айлынх нь авгай орж ирээд хоёр жаал, нохойтой эрхэлж байгааг харан уулга алдав.
Гэтэл бүдүүн халтар, хэрийн хүний цөс хальтал архиран босож ирээд өнөө авгай руу дайрлаа.