Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Wednesday, December 29, 2010

Өнөөдөр

Хаан их Алтайн сүлд сахиусан буув.
Халх  ойрд хөх монголын их сүлд сахиусан буув
Тэгээд ажимгүй унтах гүн нойрноос сэрээв
Тэгээд хатан төмөр илдээн гурван голын их усанд ширээв
Тэгээд илд ширээсэн их усан часхийн дуун алдав
Тэгээд хар төмөр гав гинжийг тасар цавчив
Тэгээд  Хаан суудлаас наран гэрэлтэв
Тэр бүхийд НАРАН ГЭРЭЛТ хэмээн олноо өргөв


   Олноо өргөгдсөний нэгэн зуун жилийн өвлийн дунд сарын хорин дөрвөний билэгт сайн өдрөө

Monday, December 6, 2010

Дотнын найз

Бадрах гэртээ оройхон халамцуу  ирэв.
Тэгээд Одмааг хэвтэрт ортол нь балбажээ.
Энэ хоёр, айл болж тусдаа гараад арван хэдэн жилийг ардаа орхижээ.
Гурван хөөрхөн хүүхэдтэй ч болсон.
**********
Бадрах хартай нь хартай.
Тэхдээ эхнэрээ ингэж зодож нүдэж байсан удаагүй.
Эхнэрээ ажлаасаа оройтож ирэх болгонд нь ядаргаатай байцаалтаа эхэлнэ.
Эр эм хоёрт өөр асуудал байхгүй.
***********
Бадрахын хардах нь ч  оргүй ч биш аж.
Хэдэн жилийн өмнө эхнэр нь байгууллагынхантайгаа салхинд гарч хоноод ирсэн.
Тэгж явахдаа Одмаа бүсгүй, ажилд ороод удаагүй нэг залуутай халамцсаны харгайгаар өвөр түрийндээ орсон явдал бий нь бий.
Харин тэр явдлы нь Одмаагийн хамгийн дотны найз Урнаа нь мэдсэн байв.
***********
Урнаа мэдээд зогссонгүй, Бадрахад хэлж орхижээ.
Тэр явдлаас хойш  Бадрахын Одмаад итгэх итгэл мэдэгдэхүйц буурсан юм.
Уул нь тэднийх  бусдын л адил, жирийн л нэг айл байлаа.
Эхнэр нөхөр хоёул ажилтай.
Тийм болохоор аливаа юманд бэл дутахгүй.
Нэг үгээр олсондоо сэтгэл нь цадсан, аз жаргалтай хоёр байв.
**********
Гэвч сайн явдалд садаа мундахгүй гэгчээр, тэр хоёрын тэгш амьдралд атаархаж явдаг хүн байсан санж.
Тэр хүн нь Одмаагийн  хамгийн дотнын найз Урнаа.
Урнаа Бадрал хоёр  дээд сургуулийн ангижавууд юм.
Гаднаа төлөв төвшин Бадралд Урнаа татагдаж л явж цагтаа.
Гэхдээ энэ нь хайр сэтгэл болтлоо дэгжээгүй.
**********
Чухам үнэндээ, Одмааг бусдын өвөрлүү түлхсэн хүн бол Урнаа билээ.
Тэр явдлаас хойш, Урнаа, Одмааг уйлж хоноод бөлцийсэн нүдтэй ирэх тоолонд гаднаа санаа нь зовж өрөвдсөн царай гаргавч дотроо бол "ээ гялай, ээ гялай" хэмээн баясан дэвхцэж байдаг болжээ.
**********
Одмаа тэр явдалд гэмшихийн ихээр гэмшиж , харамсахын ихээр харамсаж байсан юм.
Бадрахад мэдэгдэхгүй өнгөрвөл дахиж хэзээ ч ийм алдаа гаргахгүй хэмээн өөртөө андгайлж байлаа.
Гэвч Бадрах энэ бүхнийг Урнаагаас  тэр дор нь  сонсжээ.
Яагаад ч юм тэр үед эхнэртээ итгээд ч юмуу, Бадрах хар цагаан дуугүй өнгөрөөжээ.
**********
Харин сүүл сүүлдээ хоёр хосын дундуур хорт могой шургалах нь хэрээс хэтэрч, хэргээ гүйцээжээ.
Худал үгийг мянга хэлэхэд үнэн болдог гэдэгчлэн, Бадрах,  Урнаагийн ховонд сүүлдээ итгэх болов.
Урнаагийн үгэнд итгэх тусам,  эхнэрийнхээ үгэнд  итгэх итгэл нь алдарч байлаа.
Тэг тэгсээр эхнэрээ хардан дарамтлах нь ихсэж, Одмаагийн хувьд амьдрал нь там болон хувирчээ.
**********
Хэрэв Одмаагийн хазгай гишгэснийг Бадрал сонсоогүй байсан бол, бас эр эм хоёрын дундуур Урнаа хэмээх илжиг орж жороолоогүй бол энэ айл аз жаргалаар бялхсан айл байх байлаа.
Босгож бүтээх хэцүү, буулгаж нураах амархан билээ.
Өнгөц харахад, энэ айл, элэг бүтэн дутах гуцах юмгүй аз жаргалтай харагдавч, үнэн чанартаа  сөнөж мөхөж байлаа.
**********
Хардалт сэрдэлтээс болж, уурандаа  ганц нэг нудраад авах нь бий боловч энэ удаагийнх шиг ингэж зодож байсангүй.
Өдөр нь Одмаа Урнаа хоёр,  даалгасан ажлы нь хэрхэн гүйцэтгэснээ тайлагнахаар захирлынхаа өрөөнд оржээ.
Захирал залуу,   хоёр ажилтантайгаа  их л эелдэг харьцаж, Урнаад бүр ч илүү санаа тавьж байгаа нь илт  байв.
 Урнаа ч гэсэн тэнэг биш болохоор энийг ойлгож л байлаа.
**********
Ажлаа танилцуулж дуусхаар нь захирал, Урнааг явуулаад, Одмааг авч үлдэв.
Учир нь Урнаатай дотносоход, Одмаагаар зуучлуулах гэсэн байж.
Энийгээ ч хэлсэн, Одмаа ч зөвшөөрсөн.
Захирал ч тэр, Урнаа ч тэр аль аль нь ганц бие улсууд.
Тэгээд л Одмаа зөвшөөрч орхиж.
**********
Харин Урнаа захирлын өрөөнөөс гарч ирээд Бадрах уруу утасджээ.
"Ганц бие залуу, эхнэрий нь татаж чангаасан л байж таараа.
Манай эргүү ч гэсэн өөрөө дуртай байгаа биз" гэж Бадрах  бодов.
Сонголтонд захирлаас доорд үзэгдэж Одмаад гологдож байгаадаа гол нь харлана.
Хэрийн эр хүн ийм доромжлолыг яаж тэвчих билээ дээ.
**********
Одмааг оройтож ирэхэд нь ээлжит байцаалт эхэллээ.
Байцаалт нь уламжлал ёсоор хэрүүл болон дэгжиж, хэрүүл нь зодоон болон хувирав.
Зодоон ч гэж дээ, эмэгтэй хүн эр хүний өөдөөс хариу барьж чадах биш.
Бадрах л дураараа боллоо.
Цохиж унагаагаад, толгой түрүүгүй өшигчин балбаж байсан.
**********
Одмаа эмнэлэгт гурав хоноод ухаан оржээ.
Толгой тархи, мөр цээж нь нуль хөндүүр.
Өчүүхэн хөдлөхөд л ухаан балартмаар өвдөнө.
Тархи нь доргиж, хавирга нь хугараад, цээжин бие нь тэр чигээрээ хөх няц,хаван булдруу болжээ.
Нүд хальтраад, харахын эцэсгүй амьд сүг хэвтэж байв.
***********
Урнаа,  дотнын ганц найзаа эргэх, далиманд нь Бадрахыг жаал худлаа  муулах, дотроо  бахдан тавлах  зорилгоор гэмтлийн эмнэлэгт очив.
Учраа хэлээд дотогш нь орж очлоо.
Одмаа  нүд хальтармаар  болчихсон, танигдахын аргагүй юм хэвтэж байна.
Орных нь дэргэд дөхөж очтол, Урнаагаа хараад мэгшин уйллаа.
Гомдол гутралын хар нулимс эцэс төгсгөлгүй мэт асгарна.
***********
Харин Одмааг харсан Урнаад баярлан бахдах сэтгэл огтхон ч төрсөнгүй.
Өнгөрсөн хугацаанд хийсэн бүхэндээ гэмшиж байлаа.
Харин энэ гэмшлээ найздаа ил гаргаж хэлсэнгүй.
Одмаагийн нүүрэнд нүүрээ наан уйлж унжив.
Ёстой чин үнэнээсээ цурхиран уйлж байлаа.
Бадрахыг ч буруутгасангүй, өөрөө өөрийгөө л хамгаас илүү хараан жигшиж байв.
Гэхдээ зөвхөн дотроо жигшиж байв.
Найздаа үнэнээ хэлэх зүрх зориг үнэндээ  алга  байлаа.
Хожим нэг нартай өдөр хэлж сэтгэлээ цайруулна бизээ.

Wednesday, November 17, 2010

Арван дөрөвт

Эргэлзэж, өөртөө итгэлгүй хэлсэн
Эхнэр минь болооч гэж гуйж зогссон
Эргэж ирэхгүй тэр хоромхон мөч
Эрдэнэ мэт тэр ховорхон мөч
Чиний минь цочирдох мэт харц
Чин үнэнээсээ догдолсон харц
Байраа олохгүй мэт тонгочих зүрх
Байж ядах мэт халшрах зүрх
Тэр бүхнийг би өчигдөрхөн мэт санана
Тэртээд одсон цагийг буцаасан мэт санана
Тэгээд чамайгаа харах бүр жаргана
Тэгээд чамтайгаа байгаадаа бүр их жаргана
Чиний л дэргэд
Чинийхээ л дэргэд би жаргалтай

Monday, November 8, 2010

Учир нь олдсон нь

Ганбат эхнэртэйгээ хоёул саяхан худалдаж авсан Ланд-80-аа угаахаар туулын хөвөөнд ирлээ.
Ийм тэрэгтэй болохыг удтал мөрөөдсөний эцэст сар гарун өмнө худалдаж авчээ.
Авснаасаа хойш нэг ч удаа цэвэрлэж угаахгүй байсаар өнөөдрийг хүрчээ.
********
Усны захад зогсоод хоёулаа их л идэвхтэй, бас баяр хөөртэйгээр ажилдаа орлоо.
Хойд талын суудлыг цэвэрлэж байсан эхнэр нь гэнэт дуу алдан гайхав.
Тэгээд нөхөрлүүгээ асуусан харцаар харсаар, суудлын бүрээсний завсраас эмэгтэй хүний дотоож гаргаж ирэв.
********
Ганбат  бүр гайхаж орхилоо.
Наадах чинь яахлаараа энд байж байдаг билээ гэж хэлсэн биш асуудлыг улам хурцатгажээ.
Эхнэр нь хар хорын гашуун үгсийг ар араас нь угсруулан урсгана.
Шартай ч хүүхэн аж.
Хэрүүл даамжирч эхнэр нөхөр хоёрын уур дээд цэгтээ хүрлээ.
*********
Хорон үгийг тэсч чадаагүй Ганбат, эхнэрээ алгадаж орхив.
Эхнэр нь ч мөчөөгөө өгсөнгүй.
Унаад босч ирэхдээ газар хэвтэж байсан ууттай багажнаас урт гэгчийн отверк сугалж аваад, дахин цохихоор гараа далайсан Ганбатын нүд  рүү нь нэвт хатгаж орхив
Удаж төдөлгүй цагдаа ч ирэв.
Мань хоёрын нэгийг нь хэсэг рүү, нөгөөг нь эмнэлэг рүү авч явлаа.
*********
Магнай гэж архичин байх.
Олон ч жил уусан даа хөөрхий.
Цагийн сайхан, насны залууд гэр бүлтэй эхнэр хүүхэдтэй, бусдын  л адил  хүн байлаа.
Архинд толгойгоо мэдүүлээд, арваад жилийн өмнө энэ бүхнээ алджээ.
*********
Үүр цүүрээр ухаан ортол, нэгэн нүцгэн хүүхнийг тэврэн гудамжинд  хэвтэж байх нь тэр.
Цочин ухасхийж босоод эргэн тойрноо хартал, уг хүүхний хамаг хувцасыг тараан хаялсан байх агаад, хүүхэн аль хэдийн амьгүй цогцос болсон байв.
Болсон явдлыг санах гээд яаж ч оролдоод юу ч санаанд нь орохгүй байлаа.
*********
Тэгээд хүчингийн хэргээр олон жилийн ял эдлэх болжээ.
Магнай үнэн учраа хэлэн давж заалдаад ч нэмэр болсонгүй.
Ял эдэлж байхдаа тэр хэргийн учрыг бодоод бодоод олохгүй байлаа.
Тэр, хамт уудаг хэдээсээ яаж яваад тасарчихсанаа ч санахгүй байв.
*********
Идэрхүү айлын эрх ганц хүү ажээ
Тийм болоод ч тэрүү, бусдын дээр байх, бүхнийг захирч байх сонирхолтой.
Машинтай найзаа уруу татаж хүүхэн шуухантай орооцолдох нь ч бий.
Тэр бааранд танилцсан залуухан хүүхнийг дагуулж гарч ирээд найзаа дуудав.
Найз нь нэгэн компанийн захирлын машин унадаг ажээ.
*********
Идэрхүүг дуудахад найз нь Ланд 80  машинтайгаа  давхиж ирлээ.
Тэгээд нилээн халамцсан хүүхнийг аван хотоос гарахаар шийдэв.
Харин бүсгүй тэгж хол явахыг хүссэнгүй.
Энэ нь Идэрхүүгийн уурыг хүргэжээ.
*********
Идэрхүү найзыгаа замаас гаргаж зогсоогоод, нөгөө бүсгүйг машин дотор зодов.
Бүсгүй айж балмагдан машинаас бууж зугатлаа.
Идэрхүү ч хойноос нь ухасхийж барьж аваад бүсгүйг дахин цохиж унагаав.
Тэгээд ухаан алдсан бүсгүйг машинд оруулж, хамаг хувцсы нь тайчаад  хүчирхийлжээ.
Цамцаар нь хоолойг нь боосноос бүсгүй амь тавьсан байлаа.
*********
Хоёр найз хэрэг хийснээ ухаарлаа.
Одоо ул мөрөө яаж баллах вэ гэдэг л үлдэв.
Дэмий л хотын дотуур ийш тийш давхиж явсаар үүр цайлгах дөхлөө.
Тэгтэл урдхантай нь нэгэн согтуу эр гулдайн хэвтэж үзэгдэв.
Хоёул нөгөө согтууг очиж татаж чангаавал нойроо хармалсаар босож ирлээ.
*********
Согтуу эрээс архи хүүхэн сонирхох эсэхийнь асуутал, архины сургаар нүд нь сэргээд ирлээ.
Тэгээд машиндаа аваачиж согтуу  эрийг цогцостой явалдуулав.
Ууж явсан архинаасаа согтуу эрд уулгаад, нэгэн байшингийн булан тойруулж, нөгөө цогцсыг тэврүүлж орхиод явчихжээ.
*********
Хошууч Мөнхөө, нөхрөө гэмтээсэн эхнэрийн хэргийг шалгаж байлаа.
Харин тэр дотоожны учрыг сайн магадлах хэрэгтэй болжээ.
Ганбат энэ талаар юу ч мэдэхгүй байв.
Харин машин зарсан компаний захирлыг л зааж өгчээ.
*********
Гудамжинд согтуу эр, шалдан хүүхэн хоёр хэвтэж байна гэсэн дуудлагаар жижүүрийн бүрэлдэхүүн очив.
Хэргийн газрын үзлэг хийхэд, нас барагчид дотоож байсангүй.
Хохирогчийн ар гэрийнхэн ирж цогцсыг танихдаа, бүсгүйг бүрэн хувцастай байсныг нотолжээ.
*********
Гадаад явсан хойгуур нь жолооч нь машины нь онхолдуулсныг мэдээд захирал залуу маш их уурлажээ.
Жолоочоо ажлаас нь халж, машинаа засч янзлуулаад, хямдхан зарж орхив.
Цагдаа ирж, хэсэг дээр очих ёстой болсныг дуулгахад гайхахын ихээр гайхлаа.
Харин жолоочоо зааж өгснөөр асуудал дуусжээ.
*********
Магнайг ялынхаа тэн хагасыг эдлээд байхад нь хэргий нь цагаатгасан байна.
Ганбатын эхнэр, хүнд гэмтэл учруулсан хэргээр  шийтгүүлэв.

Sunday, November 7, 2010

Тусгай салааг үзлээ

Хамгийн түрүүнд энэ гоё киноны зохиолыг бичсэн Амарсайхан ахдаа амжилт хүсээд баяр хүргье.
Киног ерөнхийд нь уйлж л үзлээ дээ.
*********
Сүлдийн аав ээж хоёрын дүр, яг миний муу эгч хүргэн ах хоёрыг минь санагдуулсан дүр болсон байна.
Бүх л бие сэтгэлээрээ хайр болон гэрэлтэж байдаг хүргэн ах, төрсөн эгч хоёрыгоо энэ киноноос харлаа.
Царай төрхийн хувьд ч төстэй санагдсан шүү.
Хүүгийнхээ төлөө сэтгэл нь шаналж байгаа эхийг хараад үнэхээр уярч уйллаа.
*********
Сүлд Номин хоёрыг, бас Хурц Нансал хоёрыг муудалцхад харамсч, харин эвлэрэхэд нь баярласандаа болоод бас уйлчихсан.
Хурцын ээж  гадаа утсаар яриад уйлж байхад бас дагаад уйлчих шахсан.
*********
Дэндэвийн "Ааваа зорино" дууг сонсоод, арван хэдэн жилийн өмнө тэнгэрт одсон аавыгаа хичнээн их үгүйлж байгаагаа мэдэрлээ.
Сэтгэл шархирах шиг л болсон.
Киноны дуунуудыг сонсоход гол дүрүүд нь өөрсдөө дуулж байгаа юм шиг сэтгэгдэл төрж байна лээ.
Тэмүүжин, Даваадалай Эрдэнэбаяр нарын оронд ондоо хүмүүс дуунуудыг дуулсан бол ингэж донж таарахгүй ч байсан байж мэднэ.
*********
Эцэст нь хэлэхэд, блог нэрийг минь кинонд мөнхжүүлсэн Амараа ахдаа маш их баярлалаа.
Цааш цаашдаа улам ихийг бүтээж, сайхан сайхан уран бүтээлээр үзэгч уншигч биднийгээ баярлуулж яваарай гэж ерөөе.

Sunday, October 31, 2010

Лус савдагийн бэлэг

Могойн чуулган гэж сонсож байснаас, үзээгүй байв.
Үл ялиг тоос бужигнасан бутан дунд тоо томшгүй олон могой орооцолдох мэт арзаганаж байх нь тэр.
Дунд нь бусдаас арай том могой толгойгоо цогнойлгон байх нь харагдана.
Тэр бүхнээс зэвүүрхсэнгүй, харин ч ихэд билэгшээн, хормойгоо дэвсэн  мөргөжээ.
Олны дундаас нэгэн могой өөрийг нь чиглэн, гулсах мэт  мөлхсөөр ирээд хормой дээр нь цагариглав.
********
Хичнээн удсаныг бүү мэд.
Нар баруун уулын толгой дээр очсон байлаа.
Хамаг биенийхээ чилээг гаргахаар өндийтэл өвөр дээр нь нэг жижиг чулуу байв.
Могойн чуулган над эрднэсээ хайрлажээ хэмээн дотроо ихэд баясаад, бүснийхээ үзүүрт өнөөх чулууг зангидаад гэрийн зүг яаравчиллаа.
*********
Гэртээ ирэхэд нэгэнт харанхуй болсон тул лусын бэлгийг маргааш  задлахаар шийдэж унтжээ.
Өглөө босоод  эхнэртээ үзүүлэхээр бүснийхээ зангилааг  тайлтал өнөөх чулуу нь алга болсон байлаа.
Тэгээд  болсон явдлыг эхнэртээ хэлжээ.
*********
Харин тэр шөнө эхнэр нь хүүхэд олжээ.
Айл болоод арав гаруй жил болсны эцэст хүүхэд олж.
Шөнө дунд зүүдэнд нь нутгийн савдаг орж ирсэн байв.
Буурал үсээ намируулсан тэр савдаг, удтал хүлээлгэсний эцэст нэгэн ховор эрдэнийн чулуунаас хэлтлэн өгч байх аж.
*********
Нөхөр нь ч бас тэр шөнөдөө зүүдэлжээ.
Нэгэн их уст гол эрэгтээ багтаж ядан үерлэнэ.
Гэтэл нэгэн хэрээ нисэн ирээд "Үерийн усанд  хайрцаг урсаж явна. Түүнийг заавал барьж ав." гэх аж.
Хартал үнэхээр нэгэн гэрэл цацруулсан эрдэнэ мэт өнгөт хайрцаг алгуурхан урссаар  өмнө ирээд
усны эргүүлэг даган нар зөв эргэв.
Тэр хайрцагийг барьж аваад нээтэл дотроос нь цог заль төгөлдөр нэгэн хүүхэд гарч ирээд ааваа хэмээн өмнөөс нь сарвайв.
*********
Арван сарын дараа тэд үнэхээр хүсэн хүлээсэн хүүхдээ өлгийдөн авлаа.

Sunday, October 17, 2010

Охин минь

Ангаахай үр минь
Алганд буусан очхон минь
Аавын бяцхан охин минь
Ашид мөнхийн цэцэгхэн минь

Эрххэн  үр минь
Эрхэс оддын элчхэн минь
Ээждээн заяасан эрдэнэсхэн минь
Эрэвгэр жаахан бялзуухай минь

Зүггүйхэн үр минь
Зүүний үзүүр олж тогтсон сувдхан минь
Зүүдний үзүүрээс бидэндээ ирсэн гүнжхэн минь
Зүрхэн толтноос тасарч ургасан цэцэгхэн минь

Tuesday, October 12, 2010

Эмгэнэлт хувь тавилан

Ондаар угаасаа  оонын эвэр шиг ах дүү хоёулхнаа.
Ондаарын   дүү Ооржак гэж бүрэг ноомой, бас жаахан дотуур тамиртай хархүү байх.
Ооржак, багаасаа л бусадтай нөхөрлөхгүй, зожиг ганцаардмал өссөн.
Насанд хүрээд ч эхнэр авсангүй.
*********
Ондаарын ганц  охин нь арван найман нас хүрээд үзэсгэлэн төгөлдөр бүсгүй болжээ.
Ёстой л морьтой хүн бууж гайхмаар, явган хүн сууж гайхмаар бүсгүй.
Нутгийнхаа Салчак гэгч залуутай сүй тавилцаад, хуримаа  хийхэд ганцхан  сар дутуу байлаа.
Тэр нэгэн гайт өдөр, болзоот хархүүтэйгээ уулзахаар өвөлжөөнийхөө арын модот хөтлийг давж явав.
*********
Унанги модны араар орж бие засаад босох гэтэл ард нь хөлийн чимээ гарах шиг болов.
Сандран эргэж харвал, аавынх нь төрсөн дүү Ооржак зогсож байх нь тэр.
Ооржак, бүсгүйг дуугарах завдал өгөлгүй элэг үрүү нь хүчтэй цохиод, шивэлгэрээс нь чирч замаас холдуулав.
Тэгээд, бүсгүйг ухаан сэхээ орохоос урьтан  хамаг хувцсы нь тайлж хаялаад дураар дургижээ.
*********
Хайрт бүсгүйтэйгээ уулзахаар болзсон газраа удаан зогсож, нилээн даарсан Салчак, бүсгүйнхээ ирэх зүгрүү тосож алхлаа.
Гэтэл цас чахрах чимээ гарч, бүдэгхэн ёйлох сонсдов.
Муу совин татсан Салчак,  чимээ гарсан зүг хар хурдаараа  гүйсээр ирвэл...
Танил дасал болсон дээл бүсээр хэн болохы нь гадарлав.
*********
Салчак, уур бухимдал, гомдол гутралдаа автан юу хийж байгаагаа ч мэдсэнгүй.
Бүсгүй ухаан орон сэрвэл хамаг бие нь шархиран  өвдөж, хөдлөх  тэнхэлгүй болсон байв.
Хавийн газар цусан далайд умбажээ.
Харин дэргэд нь хутгаар сийчүүлсэн Ооржак арай чамай хөдлөхчөө аядаж, бас нэг хүн зүрхэнд нь хутга зоолттой гулдайн хэвтэнэ.
Тэр гулдайн хэвтэгч сүйт залуу Салчак болохыг арайхийн таниад бүсгүй дахин ухаан алдан муужирлаа.
*********
Эргэж ирэхгүй оройтсон охиноо тосохоор Ондаарын эхнэр гарч чимээ чагнаад, юу ч сонссонгүй.
Тэгээд нөхрөө яаруулж, охиноо тосуулахаар явууллаа.
Ондаар, хойд өвөлжөөг чиглэсэн жимээр харанхуй модон дундуур гуугачсаар явна.
Хөтөл уруудаж явтал өөдөөс нь нэг юм сүйтгэнэн айсуй.
*********
Охин нь ааваа хараад үг сүггүй цурхиран уйлж ирсэн зүгрүүгээ заалаа.
Даарч чичирсэн охиноо мориндоо сундлаад буцаж ирэв.
Хамт өвөлжиж байгаа ганц бие дүү Ооржакаасаа тусламж эрэх, төв рүү эмчид явуулахаар ортол, дүү нь хамаг бие нь цусанд будагдаад орныхоо өмнө аахилан хэвтэнэ.
Ямар ч найдлагагүй болсон тул өөрөө эмчид явжээ.
*********
Ондаарын охин тэр явдлаас  жирэмсэн болжээ.
Харин харамсалтай нь ухаан самуурах өвчтэй.
Ондаарынх дараа жил нь сумын төв бараадаж, эмчид ойртов.
Охин нь үе үе ухаан санаа нь эзгүйрч, хамаг хувцасаа тайчиж хаяаад, элий балай юм ярин, инээж хөхрөн гудамжаар харайлгаж явдаг болжээ.
*********
Ооржак эмчийн тусламж аваад эдгэрчээ.
Хэрэг шалгахаар ирсэн байцаагчийн өөдөөс гөлөлзөн харна.
Тэгээд ингэж өчжээ.
*********
Ойн жимээр хөтөл уруудаж явтал хоёр хүн маргалдаж байх шиг болсон.
Ахынхаа охины дууг холоос танисан гэнэ.
Яваад очтол Салчак охиныг хүчирхийлж байсан бөгөөд, салгахаар очсон Ооржакийг учир зүггүй хутгаар сийчээд, дараа нь өөрийнхөө зүрх үрүү хутгаа шааж орхисон гэв.
Сумын хэсгийн төлөөлөгч тэгсгээд явсан ба, хэд хоногийн дараа ирсэн төвийн төлөөлөгч ч учрыг мэдэж чадсангүй.
Гол хохирогч бүсгүй ухаан самуурсан байсан бөгөөд, өөр харсан гэрч байхгүй тул хэргийг хаажээ.
**********
Сэтгэцийн өвчтэй бүсгүйгээс хүү төржээ.
Төрсөн хүүхэд нь өө сэвгүй өсөж ой хүрсэн боловч, хатгаа аваад өвджээ.
Маш өндөр халуурч байсан хүү гэнэт бүх бие нь хөхрөн татлаа.
Аймгийн сэхээнд сар гаруй эмчлүүлж, хатгааны хордлогоос гарч, илааршсан боловч, өндөр халуурсанаас боллод тархины саажилттай болчихов.
*********
Хэдэн жилийн дараа Ондаар эхнэртэйгээ хоёул увуу цувуу хорвоог орхилоо.
Ухаан самуурдаг бүсгүй, тархины саажилттай хүүхэд хоёр Ооржакийн гар дээр үлджээ.
Хүү арван хэдэн нас хүрсэн боловч хэлгүй, хөл мэдээгүй хэвээр.
Тэр ч байтугай орноосоо өөрөө ч өндийж эс чадна.
Хүн  хоол унд өгвөл иднэ.
Ер хэдхэн долоо хоногтой нярай хүүхэд шиг асаргаа шаардах аж.
********
Энэ бүхнээс Ооржак үнэхээр залхаж байлаа.
Цөөн хэдэн малы нь авах зорилгоосоо болоод эх хүү хоёрыг гар дээрээ авсан нь одоо гай боллоо гээд тээршааж байна.
Өвлийн нэгэн өдөр, өвөлжөөний арын уулнаас үхэр хураалгахаар бүсгүйг явуулав.
Тэр хойгуур  өвчтэй хүүг хоолойг нь огтлохоор авч гараад тэр ёсоор үйлдэв.
Хурц хутгаар хөөрхий хүүгийн хүзүүг хэрчигнүүлэн огтолж байхдаа ард ирсэн бүсгүйг анзаарсангүй.
*********
Хэд хоногийн хойно сум аймгаас цагдаагийнхан ирэхэд өвөлжөөний урд хонхор цусан дов болон хөлдөөд,  Ооржак толгойгоо бяц цохиулаад, гартаа хутга барьсан чигээр наалдан хөлдөж, дэргэд нь ухаан самуурсан бүсгүй, хүзүү  нь хагас хэрчигдэн толгой нь санжигнасан хүүхдийнхээ цогцсыг тэвэрсэн чигээр осгож нас барсан байлаа.

Monday, September 27, 2010

Хууч яриа-1

/Морин жилийн хувьсгал/
Энэхүү түүхийг Увс аймгийн Сагил сумын уугуул, МУ-ын худалдааны гавьяат ажилтан Жамбалын Очир гэдэг хүн 80-аад оны сүүлчээр зохиолч Жигжидийн Бямбаа агсанд ярьсан байна.
*********
1930 оны цагаан морин жил.
Цагаан дэглээ уулын баруун суганд хэдэн зуун жил оршин тогтносон Төгсбуянт хэмээх хийд байх.
Энэ орон хийд нь Дөрвөд далай ханы хошууны гол хийд.
Энэ хийдийн дэргэд Төгсбуянт уулын хошууны тэнхим хэмээх шинэ цагийн сургууль байгуулагджээ.
Тэнхимд тус хошууны 10-15 насны хүүхэд багачууд сурдаг байлаа.
*********
Хийдийн хажууханд шинээр байгуулагдсан сумын захиргаа байдаг байв.
Сумын захиргаанд, сумын дарга, эвлэлийн үүрийн дарга, тэнхимийн багш, аймгийн шүүхийн дарга гээд хэдхэн албан хаагч ажиллана.
Тэд өдөр бүр шүүх хурал гээчийг хийх бөгөөд, тэр хурлаараа залуу лам нар, зарим нэг хэргэм багатай лам нарыг хар болгох, хар болохыг хүсээгүйгий нь аймгийн шорон уруу аваачих ажил хийдэг байжээ.
*********
Энэ бүхэнд дургүйцсэн ард олон тэр цагаан морин жилийн хавар эсэргүүцлийн бослого гаргажээ.
Бослого ч гэж дээ, сумын захиргааны албан хаагчдыг зодож хөөгөөд, эрх мэдлийг хуучин хошууны удирдлагад шилжүүлсэн байна.
*********
Тэнхим, сургуулийн захиргаа хоёр зэргэлдээ хоёр гэрт байдаг тул энд болсон хэдэн өдрийн үйл явдлыг тус тэнхимийн сурагч арван дөрвөн настай Очир хөвүүн нүдээр үзжээ.
Нэгэн өглөө хичээлдээ орох гэтэл, хар болоогүй хэдэн лам хичээлийн гэрт орж ирээд, "Хэн ч гэрээс гарч болохгүй. Танай багш шашин номд тэрсэлсэн учраас гаваг хүртээд тамгын шоронд орсон" гэв.
Хүүхдүүд айсандаа болоод уйлалдахад, лам нар зандраад, уйлсан хүнийг багштай чинь хамт шоронд хийнэ шүү хэмээн сүрдүүлжээ.
*********
Лам нар тэгсгээд гарцгаав.
Хэсэг байзнаад Очир тэргүүтэй хэдэн том хүүхэд гэрийн тотгоор хартал, хийдийн зүгээс хоёр морьтой хүн ирж яваа нь сумын дарга, эвлэлийн дарга хоёр байжээ.
Лам нар тэднийг тосож уулзаад, ярилцаж байснаа мориноос нь татаж унагаад зодож гарлаа.
Зодоон дундуур хэн нэг нь тохой хэрийн годгор хар зүйл хол шидэж орхив.
Үхтлээ зодуулсан хоёр даргыг лам нар чирч гулдарсаар тамгын шоронгийн зүг аваад явлаа.
Түүнийг харсан хэсэг хүүхэд нөгөө лам нарын авч шидсэн годгор харыг очиж үзтэл үзүүрий нь сураар боосон, тав гэзэг, цус бурзайсан хуйхтайгаа хэвтэж байх нь тэр.
********
Шүүхийн дарга эзгүй байсан болохоор зодоонд өртөлгүй үлдсэн аж.
Удалгүй хөгшин залуу, мяндагтай мяндаггүй хэдэн лам, цэргийн алба хаасан зарим нэг хүн, хошууны хуучин ноёд түшмэдүүд тэргүүтэй хэсэг хүн, зодуулж тамлуулсан сумын удирдлагуудыг өмнөө туусаар сумын захиргааны гадаа ирцгээлээ.
Тэд, тэр хавийн бүх хүмүүсийг цуглуулж, хошууны эрх мэдэл, хуучин засаг захиргаанд шилжсэнийг зарлав.
*********
Хуучин хошуу ноён Дөрвөд далай хан нас хөгшин болсон гэж шалтаглаад эрхээ эдлэхээс татгалзав.
Хошуу захирагч байсан Бардуу гэдэг хүн үймээн гаргагчдыг шүүмжилж, та нар нэгэнт тогтсон төрд тэрсэллээ хэмээжээ.
Гэтэл бослогочид түрхрэн шуугилдаж, "Чи бидний талд байна уу? ардын намын талд байна уу? Хэрвээ бидний эсрэг байгаа бол гэр бүл, үр хүүхэд удам судраа бодоорой" хэмээн заналхийлэв.
Аргагүйдсэн Бардуу захирагч босогчдын талд оржээ.
*********
Ингээд хамаг эрх мэдэл босогчдын гарт орлоо.
Маргааш нь шүүхийн дарга аймгаас улаан цэрэг дагуулан чийчаанаар ирж яваа цуурхал тарав.
Гэтэл босогчид огтхон ч тоосонгүй.
Чийчааны тос нь царцаад шөнө явж чаддаггүй юм гэнэ лээ гэлцэв.
Тэднийг ирж амжихаас өмнө хийд дээр сор залах ёслол болно.
Сор залсан байхад, тэр муу ардын намынхан байтугай нь тэсэхгүй гэлцэв.
*********
Энэ хооронд улаан цэргүүд аль хэдийн хийдийн дээрээс өнгийх "Таван дэнхэр" хэмээх хадтай уулын орой дээр байраа эзэлчихсэн байжээ.
Шүүхийн дарга, энэ бүхнийг эртнээс мэдээд, ардын намын бодлогод дургүйцсэн бүхнийг цэргийн хүчээр нухчин даруулах бодолтой байв.
Тэгээд аймаг орж цэргийн тусламж аваад эргэж ирсэн нь энэ аж.
**********
Оройхон хэрд хийдийн хэрмэн дотор сор залах үйл ёслол эхэллээ.
Уг үйл явдалд оролцсон бөөн хүмүүс , хонх дамар, хэнгэрэг цангийн дуунд, гүн сүсэгтэйгээр
хийдийн хэрэмнээс гарч, хойд уулын энгэр чиглэн аажуухан хөвөрлөө.
Саваа модны үзүүрт адуу малын хувхай аман хүзүү углаж "зэвсэглэсэн" тэр босогчдыг хараад дэргэдээс нь харж байсан хүүхдүүд инээдээ барьж ядаж байв.
Үнэнийг хэлэхэд тэдгээр хүмүүст буу шийдэм байтугай, олигтойхон ташуур ч байсангүй.
*********
Гэнэт буун дуу тачигнаж сор залагчид унан тусан тарж гүйлдэв.
Хадан цохионы оройгоос улаан цэргүүд пулемётоор галласан нь тэр байж.
Шархадсан, буудагдсан хүмүүсийн амь тавьж буй, ёойлон чарлах дуу тэнгэрт хадан цуурайтлаа.
Ганцхан хормын өмнө хонх дамар, хэнгэрэг цан дүнгэнэж байсан уулын энэ хавцал, нүд ирмэх зуур там болон хувирав.
Сор залагсад тэр чигээрээ хавтгайртлаа хядуулж, сонирхон харж байсан зарим нэг хүүхэд хөгшид, эмс хүүхнүүд тэнэсэн тэнээгүй суманд өртөн нөгөө ертөнц үрүү тонилжээ.
*********
Шөнө дундын үед гаслаан ёолоон түр намжив.
Балмагдсан олон сэхээ авч, алагдсан шархадсан хамаатан саднаа эрсэн, дуудаж орилж хашгирсан хүмүүсийн дуу эхэллээ.
Хамаатандаа туслахаар очсон Очир хүүд энэ бүхэн аймшгийн, хар дарсан зүүд шиг л санагдаж байв.
Хожим Халх голын дайнд явж байхдаа ч ийм олон хүн нэг дор үхсэн байхыг олж хараагүй билээ.
*********
Очир хүү хамаатныхаа эгчтэйгээ хамт аллагын газраас нөхрий нь хайж олохоор ирэхэд хүмүүсийн цус хавийн газрыг нэлд нь намаг болгосон байлаа.
Арайхийж талийгаачийн цогцсыг бүс гутлаар нь таньж олтол суманд сийчүүлсэн бие нь чухамхүү шүүрэн шанага шиг л болсон байжээ.
*********
Маргааш өглөө нь сумын дарга эвлэлийн дарга, сургуулийн багш гурав суллагдаж, бослогыг дэмжсэн байх магадгүй сэжигтэй хүмүүсийг цэрэг цуухаар далайлган баривчилж эхэллээ.
Баривчлагдсан ардуудын гарыг төмөр утсаар гавлаад, мушгин чангалсан байв.
Тэднийг сумын захиргааны өмнө туун авчираад шүүхийн дарга, улаан цэргийн дарга хоёр эрүүдэн тамалж, зодож нүдэж байв.
Харин босогчдыг турхирсан хэмээн ял тулгаад, хуучин хошуу захирагч Бардууг хойд жалганд аваачин өчиггүй буудлаа.

Friday, September 24, 2010

Ийм нэгэн үлгэр

/Ойрадын үлгэрээс сэдэвлэн бичив/
Эрт урьд цагт нэгэн худалдаачин байжээ.
Тэр худалдаачин  үзэсгэлэн төгөлдөр хоёр эхнэртэй  юмсанж.
Хоёр эхнэр нь тус тусдаа өөр өөр гэрт амьдардаг байлаа.
Харин тэр худалдаачинд удам залгах үр хөвгүүн байсангүй.
*********
Худалдаачин нэгэн удаа холын аянд явах болжээ.
Тэгээд хайртай хоёр эхнэртээ хандаж:
"Би гурван жилийн дараа ирнэ. Та хоёртоо би  хорвоогийн хамгийн нандин бэлэгнүүдийг авч ирдэг билээ.
Энэ удаа ч тийнхүү авч ирэх болно. Харин та хоёр надад юу амлах вэ" хэмээн асуулаа.
*********
Их эхнэр нь нөхөртөө цасан цагаан хурганы арьсаар зүүдэлгүй цагаан дээл хийж тавих болов.
Харин бага эхнэр нь алтан цээжтэй мөнгөн бөгстэй хүү төрүүлээд гурван настай болгоод хүлээж байя гэжээ.
*********
Худалдаачинг явснаас хойш хэдхэн сар болоод бага эхнэрээс нь үнэхээр алтан цээжтэй мөнгөн бөгстэй хүүхэд төрөв.
Их эхнэр нь харин цас адил цагаан хурганы арьсыг нэг нэгээр цуглуулж эхэлжээ.
Цаг хугацаа урсан одсоор.
*********
Цаг хугацаа өнгөрсөөр.
Нэг мэдэхэд, гурван жил болж, худалдаачин ирэхэд сар хүрэхгүй хугацаа  үлдэв.
Бага эхнэрээс төрсөн алтан цээжтэй, мөнгөн бөгстэй хүү өсөж торнисоор өхөөрдөм хөөрхөн жаал боллоо.
Их эхнэрийн дээл сүүлчийн товч шилбийг хадах л үлджээ.
*********
Гэтэл их эхнэрт өөрийнх нь бэлдсэн дээл чамлалттай санагдаад, бага эхнэрт атаархах сэтгэл төрөв.
Тэгээд худалдаачинг ирэхээс урьтаж бага эхнэрийг хорлох арга хайж эхэллээ.
Тэг тэгсээр алтан цээжтэй, мөнгөн бөгстэй хүүг нь хорлож егүүтгээд, бага эхнэрийн амлалтыг бүтэхгүй болгож, улмаар хөөлгөх санаа төржээ.
*********
Энэ бодлоо  гүйцэлдүүлэхээр шийдэв.
Нөхрийнхөө захиас бэлгийг биелүүлснийхээ баярыг тэмдэглэж цайллага хийе гэж ярьжээ.
Тэгээд бага эхнэрийг өөрийн гэртээ урьж цайлж дайлжээ.
*********
Их эхнэрт, сахиусандаа хадгалж явдаг нэгэн зүйл хор байдаг байлаа.
Уг хорыг идсэн хүн гүн нойронд автаж хагас өдрийн турш үхсэн мэт унтдаг аж.
Тэр хорноосоо бага эхнэрт өгөх хоол цайнд хольжээ.
*********
Хоёр эхнэр орчлонгийн хов живийг ярьж цайлсаар.
Үд өнгөрөхөд бага эхнэр нойр нь хүрсэн янзтай байв гэнэ.
Үүнийг ажсан их эхнэр, " Гэнэт нойр хүрээд эхлэх чинь юу билээ" хэмээн худлаа эвшээж байв.
Тэгээд худлаа суугаагаараа унтсан хүн мэт донхолзон дохиж байна.
*********
Бага эхнэр ч нойр нь хүрч суудалдаа нам унтжээ.
Худлаа унтсан их эхнэр тайван, бас итгэлтэйгээр босож, бага эхнэрийн гэрт орлоо.
Бяцхан хүү авдрынхаа өмнө хойшоо хараад тоглож байв гэнэ.
Тоглоомондоо болоод их эхнэрийн орж ирэхийг мэдсэнгүй.
*********
Их эхнэр хүүгийн ард сэмхэн гэтэж очив.
Тэгээд,  энгэрийн дотроос мөнөөхөн дээл оёсон мөнгөн зүүгээ гаргаж ирлээ.
*********
Алтан цээжтэй мөнгөн бөгстэй бяцхан хөвгүүн үхэдхийн уналаа.
Их эхнэр хүүгийн зулайнаас мөнгөн зүүгээ оролдоод оролдоод сугалж авч чадсангүй.
Ингээд гэртээ очиж өөрийн суудалдаа суугаад унтагч болон нүдээ анин худлаа хурхирав.
*********
Үдийн хойно бага эхнэр нойрноос сэрэхэд ширээн дээрх хоол нь хэвээр байжээ.
Их эхнэр суудалдаа хурхирч байв.
Их эхнэрийг дуудаж сэрээлээ.
Бага эхнэр " Бид хоёр яасан удаан унтваа" хэмээн өгүүлээд, идэж амжаагүй аягатай хоолоо гэртээ очиж идхээр аваад харив.
*********
Хөөрхий бага эхнэр гэртээ очоод уй гашууд уналаа.
Хайрт хүүгийнхээ хойноос гашуудсаар хэдэн хоног хоол ч идсэнгүй, нойрсож унтсангүй.
Ингээд худалдаачин аянаас буцаж ирлээ.
********
Аян замын тоосоо гөвөөд, эхлээд их эхнэр дээрээ очжээ.
Их эхнэр амласнаа биелүүлж, цасан цагаан дээлээ гаргаж өгчээ.
Харин бага эхнэрийнхээ тухай их эхнэрээсээ сонслоо.
Амласнаа биелүүлж чадаагүйд нь хилэгнэн уурсав.
Тэгээд холын хол байгаа төрхөмд нь хөөж явуулахаар шийдлээ.
********
Бага эхнэр нь үүрд одсон хүүгийнхээ цогцсыг тэвэрсээр л байжээ.
Харин хайрт хүүгээсээ хагацахгүй хэмээн түүнийгээ үнсэж үлгэж байхдаа зулайд нь ямар нэгэн зүйл байгааг олж харлаа.
Оролдсоор байгаад гаргаж ирвэл цус болсон мөнгөн зүү.
********
Худалдаачин бага эхнэрээ хөөж явуулахаар гэрт нь ирлээ.
Уй гашууд унасан баг эхнэр нь нүд халтирмаар царай зүстэй амьтан, хүүгийн цогцсыг тэвэрч суув.
Үүнийг хараад өрөвдсөн худалдаачин, ямар ч болов  бага эхнэрийнхээ тайлбарыг сонсохоор шийдлээ.
*********
Бага эхнэр нь, их эхнэрийг огт сэжиглэхгүй байв.
Болсон бүх явдлыг эр нөхөртөө хэлээд, мөнгөн зүүг гаргаж харуулав.
Тэгэх зуураа, их эхнэрийнхээс авч ирсэн аягатай хоол нь муудаж ногоорсон байгааг анзаарчээ.
Тэр хоолыг гаргаж нохойндоо өглөө.
Нохой нь тэр дороо мансууран унахыг худалдаачин харав.
*********
Худалдаачин гэртээ ирээд их эхнэрээ дуудууллаа.
Ирэхэд нь, дээл оёсон мөнгөн зүү чинь хаана байна гэж асуужээ.
Их эхнэрт тэр нь мэдээж байсангүй.
********
Бүх учрыг нэгд нэгэнгүй мэдсэн худалдаачин, их эхнэрээ ардаг догшин морины сүүлнээс чиргүүлж алаад, бага эхнэрээ хайрлажээ.

Monday, September 20, 2010

Намар

Навчсаа гөвсөн нүцгэн модны
Нарийхан мөчир салхинд савчихдаа
Уйтгар гунигийн яруу шүлгийг
Усан мананг зурчин бичнэ

Дэгдээхийгээ дуудан ганганаж
Дэрсэн дундаас цойлон нисэх
Хоёр тогорууг өрөвдөн бодовч
Хойтон хавар ирэхий нь хүлээнэ

Намрын энэ хонгор салхинаар
Хаврыг зөгнөн бодож байхдаа
Намайгаа орхиод дээшээ явчихсан
Настай ээжийгээ зөндөө саналаа

Sunday, September 19, 2010

Нэгэн хүний амьдрал

Ах дүүсийнхээ хэнийд нь ч очоод,  гурав хоноод  л хөөгддөг байв.
Хаа очиж тэднийх ах дүү олуулаа тулдаа л тэсэж байлаа.
Хөөгдөх болдог шалтгаан нь, ердөө л гурван нялх үрээс нь болдог байж.
*********
Мягмар гэх энэ залуу хүүхэд байхын л хөдөлгөөнтэй, элдэв хэрэгт өртөмтгий.
Хаа л зодоон цохион болно, тэнд ёс юм шиг Мягмар байж байна.
Сумын төвийн аль л болохгүй бүтэхгүй улстай нөхөрлөнө.
Ирээдүйн ханиа дагаж гэрт нь очиход, хадам аав нь охиндоо  "Сумын энэ олон залуучуудаас үүнээс өөр юм олдсонгүй юу" гэж загнасан гэдэг.
Ирээдүйн хадмынхаа энэ үгэнд насаараа гомдож яваа.
**********
Мягмарынх аав ээжээс арван нэгүүлээ.
Дээрээ хоёр ах, хоёр  эгчтэй.
Доороо хоёр охин дүү, дөрвөн эрэгтэй дүүтэй.
Ах дүүс нь бүгд сурлага сахилга сайтай байтал, энэ Мягмар л гэж хэцүү хүн байх.
Ер гэрийнхнээсээ тэр л ганцаар дээд сургууль төгсөөгүй, бусад нь бүгд гадаад дотоодын дээд сургууль дүүргэцгээгээд, мэргэжлээрээ ажиллацгааж байгаа аж.
**********
Аавынхаас тавигдаад ирэхэд нь түүнийг ах дүүс нь, ялангуяа том эгч ах хоёр нь нутаг руу авгай хүүхэд рүү нь явуулсангүй.
Нутагтаа очоод, нөгөө л уруу татдаг нөхөдтэйгээ нийлнэ, нөгөө л мөрийтэй тоглоом, архи дарстайгаа нөхөрлөнө гэж болгоомжилжээ.
Тэр нь ч оносон байв.
Эхнэр нь гурван нялх хүүхдээ дагуулсаар нөхөр дээрээ ирлээ.
 **********
Том нь  зургаа, дундах нь дөрөв, бага нь ой гарантай гурван хүүхэд, гэр орон байхгүй таван халуун бүл, таван халуун ам айл, айл дамжин хоног төөрүүлсээр нэгэн жилийг ардаа хийв.
Мягмарыг "аавын"  амьдрал ноолсоор номхон хонь болгосон байжээ.
Нөгөө айхтар догшин, ааг омогтой эрээс, залуу наснаас өөр юм үлдсэнгүй.
Тиймдээ ч бүхнийг тэвчин тэсэж байлаа.
Бага хүүхэд нь уйланхай, дунд хүү нь дүрсгүй болохоор нэг айлаас нөгөө үрүү хөөгдөн, хамхуул адил өнхөчиж байлаа.
**********
Том ахынх нь сайн найз Эрдэнэтийн ГОК-д дээгүүр алба хашдаг байжээ.
Тэр хүнтэй яриад Мягмарынхыг тэнд ажилд оруулжээ.
Амьдрал хэцүү гэдгийг яс махандаа тултал ойлгосон тэрбээр үнэхээр сэтгэл зүрхнээсээ ажиллаж байлаа.
Бусад хүмүүс ажлынхаа заваар архидаж наргиж цэнгэж байхад Мягмар ажлаа тараад шууд л гэртээ ирнэ.
Гэртээ ч гэж дээ танихгүй айлын хашаанд хөлслөн суусан жижигхээн амбаартаа ирнэ.
**********
Тэг тэгсээр ажилдаа ч дадаж, хамт олонтойгоо ч дотносч, нэг мэдэхэд хориод жилийг ардаа орхижээ.
Хамт олондоо нэр хүндтэй ч болов.
Өөрөөр хэлбэл ажил амьдрал нь тэгшрээд ирлээ.
**********
Одоо тэр, хоёр өрөө байранд том охиныхоо зээтэй хамт гурвуулаа сэтгэл амар аж төрж байна.
Өглөө ажилдаа иртэл бригадынх нь нөхөд баяр хүргээд бөөн юм болж байв.
Автобусны  ФМ радиогоор баяртай мэдээ сонсжээ.
Монгол Улсын ерөнхийлөгч зарлиг гаргаж, тэргүүний ажилчин Мягмарыг МУ-ын гавьяат уурхайчин цолоор шагнасан байлаа.
**********
Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрөхийн хэрээр, аливаа бүхнийг эдгээн илааршуулдаг ажээ.
Тэртээ хориод жилийн өмнө гэр орон ч үгүй, эхнэр хүүхдээ дагуулан тэнүүчилж явсан нь саяхан мэт санагдавч, сэтгэлийн болоод биеийн шарх сорви, ойр дотных нь хүмүүсийн хэлсэн доромжилсон бүхэн мартагджээ.

Friday, September 3, 2010

Мөрөөдлийн шүлэг

Гэнэ гэнэхэн ээжийгээ би ихээр санадаг
Гэнэн багынхаа алдааг нэг давтаад
Гэр тойрон зугатааж эжийдээ ороолгуулаад
Гэмшиж өмнө нь урвайж  нэг зогсохсон

Үе үехэн ээжийгээ би ихээр санадаг
Үймээнч багын зангаа нэг гаргаад
Үсээ засуулсангүй удлаа гэж зэмлүүлээд
Үүдэнд бүдчин ээждээ нэг нудчуулахсан

Заримдаа би ээжийгээ ихээр санадаг
Захисан үгсий нь тээршааж өөдөөс хялалзаад
Захан дээрээсээ дугтчуулж  зэмлүүлээд
Загнуулж өмнө нь  гэмшиж нэг зогсохсон

Wednesday, September 1, 2010

Залуу нас минь баяртай

Үүлэн чөлөөний нар шиг  хурцхан
Хүйлэн хөвчийн цагаалж шиг бяцхан
Ховорхон олдсон ахархан боломжийг
Ойворгон насандаа алдсан байжээ

Sunday, August 22, 2010

Дэврүүн дуун

Чаддагсан бол хөөмийлмөөр
Чавхдаст товшууранд бийлмээр
Чадал мэдэн цуурдмаар
Чанадын аялгуунд нь найгамаар

Мэддэгсэн бол тууль хайлмаар
Мэргэдийн үгийг дамжуулмаар
Мэлэрч ангайтал исгэрмээр
Мэнэрсэн тайгыг цочоомоор

Хөхөмдөг мананд уусмаар
Хөхөөн дуунд уярмаар
Хөвчийн цоорхойд болзмоор
Хөвдний үнэрт мансуурмаар

Тийм л сайхан Алтай Хангай Тагна гурав минь
Ийм л сайхан Алтай Хангай Тагна гурав минь

Sunday, August 8, 2010

Ёлын гурван өндөг

Саяан нутагт энэ явдал болжээ.
Алс тэртээх Улуг хэм  нутгаас ирж суусан эр эм хоёр урцтай юутайгаа галд хайлчихсан аж.
*********
Китек-Оол, Хомот хоёр хар багын үй зайгүй андууд билээ.
Бусдын л адил ан аваар гэр орноо тэжээдэг улс.
Китек-Оолд, Сылдыз өвгөний ярьсан домог  хамаг юмыг орвонгоор нь эргүүлээд хаячихна гэж хэн мэдэх билээ дээ.
Тэр домогт ёл шувууны гурван өндөгний тухай гардаг аж.
Ёл үүрээ амьд амьтан хүрэхийн аргагүй ян хадны тэхий дунд засдаг гэнэ.
*********
Ёл  гурван жилд ганц удаа өндөглөхдөө гурван ширхэг өндөг гаргадаг.
Хамгийн гол нь тэр өндөгний нэгэнд нь л амьд ангаахай байдаг.
Харин нөгөө хоёрынх нь нэгнээс анч нохойн гөлөг, нөгөөгөөс  нь суран бугуйл
гардаг гэнэ.
Тэр гурван өндөгийг өөрийн гараар авч чадвал хорвоогийн хамгийн азтай болох бөгөөд, ан гөрөөнд үргэлж олз омогтой болдог ажээ.
*********
Китек-Оол энэ домгийг сонсоод анд Хомотдоо хэлэв.
Хомот тэр домогт хүүхэд адил итгэжээ.
Бүр үнэн гээд бодчихож гэнэ.
Тэгээд андыгаа удаан ятгасны эцэст Енисей мөрөн эх авдаг Тагнын хадат хавцлыг зорьжээ.
*********
Авирч гарах байтугай харахад ч зүрх алдмаар эгц хадан хананд тулж ирэв.
Ханан хадыг хэдэн хоног ажиглаад,  харалдаа дээр нь, тэртээ тэнгэрт нэгэн том шувуу эргэлдэн нисэхийг үзлээ.
Тэр шувуу нэг далд орж нэг ил гарсаар гурван хоног эргэсний эцэст мод ч үгүй бут ч үгүй толин хадны тэхий дунд байгаа өчүүхэн төдий хөндлөн зураасан дээр суув.
*********
Хоёр анд ар талаар тойрч, тоолшгүй их бартаа саадыг гэтэлсээр хоёрдох өдрийнх нь үдийн хэрд ханан хадны орой дээр ирлээ.
Өнгийж харвал тэртээ доор, хадны оройгоос бараг хориод алдын зайд тохой хэрийн өргөнтөй бяцхан зурвас харагдах агаад, зурвасаар дүүрэн амьтны яс цайран харагдаж, тэрний дунд үүр үзэгдэнэ.
*********
Үүрэнд хүрэх арга хайж удаан бодоод, нэгнийгээ олсоор оосорлож доош буулгахаар болов.
Тэгээд Хомот орохоор болжээ.
Китек-Оолын хөлс булгийн ус мэт асгарч, Хомот агаарт хий дүүжигнэсээр аажуухан доошилно.
*********
Китек-Оолын толгойд харин шаал өөр бодол эргэлдэж байв.
Хомотын ан авд азтай,  олз омогтой ирдэг нь Китек-Оолд таалагдахгүй байлаа.
Бас дээр нь Хомотын эхнэртэй хааяа далдуур уулздаг.
*********
Хомот зурвасхан хавцгайд хөлөө хүрмэгц болчихлоо хэмээн орилтол оосорлосон олс нь дэргэд нь унаад ирэв.
Юу болж байгааг анзаарахын сөгөөгүй байтал, аймшигт том шувууны далавчны шуугих чимээ дуулдаж, нүдий нь шүргэх шахам  өнгөрсөн шувуу буцан эргэж үүрнийхээ хажууд буулаа.
*********
Нар гарахаар халууцаж, сар гарахаар даарч бээрсээр хэд хонов.
Цангах өлсөх ч тоймоо алдлаа.
Дуу нь ч гарахаа болив.
Дэмий л үхлээ хүлээн хэвтсээр муужирч эхлэв.
*********
Нүүрэн дээр нь ус дуслах шиг болоход сэхээ орон нүдээ нээвэл дээр нь шөнийн бүүдгэр тэнгэр  харлаж, цээжин дээр нь суусан махчин шувууны оч адил хоёр ёлтгор нүд заналтайгаар ширтэж байх нь тэр.
Эцсийн хүчээ шавхан өнөө шувууны багалзуураас зүүгдэв.
Тэгээд зуурчихаж.
*********
Цочин ниссэн шувуу огцом өндөрт гарснаа салахгүй зүүгдэн гонжийх ачаагаа даалгүй аажим уруудсаар хавцлын ёроолоор урсах ширүүн уст голын эрэгт газардлаа.
Китек-Оол  шувууны багалзуураас тас зуурсаар ухаан алджээ.
Ус цацах шиг болоход ухаан орвол харанхуй тэнгэрээс ширүүн бороо цутгаж байв.
*********
Шувуу нэгэнт үхжээ.
Зуурсан гараа арайхийн салгаж, дээрээс дарах  үхсэн шувууг түлхэн зайлуулахад нүд нь эрээлжилж, золтой л дахиад ухаан алдчихсангүй.
Гэдрэгээ харан хэвтсэн чигээр борооны усыг шунахайран залгилна.
Тэг тэгсээр дотор нь арай онгойж, босож чадахтайгаа боллоо.
**********
Хомот  өөрийг нь хэрхэн ганганы ирмэгрүү түлхэн унагасан тухай, эхнэртэй нь далдуур уулзаад байгаад мэдсэн тухай, ёлын үүрнээс олдсон эрдэнэсээ ганцаар эзэмшихээр болсон тухай, бас хэрхэн заналхийлж, анхны цаснаар  эхнэрээ алахаар ирнэ гэж амласан тухай,  өөрөө хэрхэн амьд гарч эхнэрий нь аврахаар нааш зүтгэсэн тухай ярихад отог омгийн дотроос ганцхан хүн итгэсэнгүй.
Тэр нь лав Хомотын эхнэр биш.
**********
Саяан нутагт энэ явдал болжээ.
Алс тэртээх Улуг хэм  нутгаас ирж суусан эр эм хоёр урцтай юутайгаа галд хайлчихсан аж.

Sunday, August 1, 2010

Урагдсан зүрх

Арван зууны тэртээ
Амбагай хаан цовдлуулахад
Аюулхай цээжин дотроо
Алаг зүрх минь урагдав

Чин гүрний шоронд
Чингүнжав жанжныг буруутгаж
Зоосны нүхээр зулгаахад
Зүрх минь дахиад урагдав

Мангадын нутагт цаазлуулж
Маршалууд тэнд хилсдэхэд
Өс хонзондоо шаналаад
Өр зүрх минь урагдав.

Wednesday, July 28, 2010

Хатан Туулын хөвөөнд...

Наргиж даргиж, ууж идэхээс илүү найз нөхдийн минь ухаалаг зөвлөгөө үнэтэй байлаа.
Тэднийхээ хэлсэн онч мэргэн үгнүүдээс энэ удаа тэмдэглэн үлдээлээ.
*********
Хэнтэй ч болов, эелдэг харьц.
Хэний ч бай, хийсэн муухай үйл, хэлсэн муу үгийг эргэж битгий  ухаж төнхөж бай.
Хогийн тантангаас хог л гарна.
Хэн нэгний тухай бодож дурсахдаа аль болох хийсэн сайн үйлс, тус дэмийг нь бага гэлтгүй санан дурсаж бай.
Эрдэнэсийн авдарнаас эрдэнэс л гардаг.
*********
Чи өөрийгөө зовлонгийн туйлаар зовж явна гэж бодож байвал эндүүрч байна анд минь
Хорвоод хамгийн зовлонтой амьтан бол, маш их хөрөнгө мөнгөтэй хүн юм.
Бид энэ дэлхийд ирэхдээ нүцгэн ирдэг.
Харин буцахдаа юу ч авч явж чадахгүй, нүцгэн хэвээр л буцдаг.
Ийм болохоор өөрийн хэрэгцээнээс илүү эд мөнгө хураах гэж өөрийгөө зовоосны хэрэггүй.
Аз жаргалын утга учир ганцхан мөнгө, эд хөрөнгөнд байдаг юм биш.
Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал гэдэг чиний аз жаргалын тэн хагас юм.
Нөгөө тэн хагас нь элдвийн асуудлаар өөрийгөө зовоохгүй байх явдал.
**********
Чиний энэ хорвоод амьд байгаа чинь хангалтгүй.
Амьд яваагийн, амьдарч байгаагийн  утга учир нь хүн хүний дэмэнд, загас усны орчинд гэдэг цэцэн үг юм.
Тэхлээр өөрийн чадах бүхнээр бусдад тус хүргэж, амьдарч байгаагаа нотол.
Амьд яваагаа, амьдарч байгаагаа бусдад нотлохын тулд заавал эрхтэн бүтэн байх албагүй.
Харин сэтгэл зүрх чинь бүтэн, цэвэр ариун байхад л хангалттай.
**********
Цэвэр сэтгэлтэй хүн хэзээ ч бусармаг үйл хийж чадахгүй.
Сэтгэл зүрх нь буртаглагдсан хүн шударга сайн үйл хийх нь ховор.
Ядуу зүдүү нэг хүнд ч болов, ганц аяга ус ч гэлээ өг.
Энэ бол тодорхой хэмжээний буян болно.
Буянг дусал дуслаар, чимх чимхээр хураа.
**********
Уур уцаараа аль болох барьж бай.
Бусдад муу үг хэлэхээс ямагт татгалз.
Хүүгийнх нь үхлийн тухай ээжид хэлэх гэж бүү яар.
Чиний зөв байсан ч хэнтэй ч бүү мэтгэлц.
Ингэвэл чамайг хүмүүс хараах биш, ерөөх болно.
Бусдын хараалыг биш ерөөлийг хураахыг хичээ.
*********
Христийн номлолд:
"Тэнгэрийн шувууд хүртэл хөлс цалин авахгүйгээр хоолоо олж иддэг" гэж сургадаг гэсэн.
Гэхдээ тэр шувууд өвдөл цөвдөлхөн олж идэхийн тулд асар их тэсвэр тэвчээр, хүч зориг гаргаж байдаг юм шүү.
Баялагийг бүтээж буй нэгэн, чиний идэж байгаагаас бага хоол идэж байх вий.
********
Бид бүгд хэн нэгний хүзүүн дээр сууж байдаг.
Ийм болохоор аль болох хөнгөн байхыг хичээ.
Аливаа асуудалд хэн нэгнийг буруутгах гэж бүү яар.
Харин өөрийнхөө тухай сайн гэгч нь эргэцүүлэн бод.
********

Saturday, July 10, 2010

7 сарын 11

Өнөөдөр ээжийгээ баярлуулсан өдөр

Thursday, July 8, 2010

Ээждээ ирсэн нь

Э-э-э-э-э-ж-э-э-э-э-э-э-э-э.... ээж минь эээ
Тэрээр ингэж цахиртсан хоолойгоор бахардан хашгирлаа.
*******
Мөн ч их цастай өвөл болж билээ.
Хүйтэн гэдэг ч тоймгүй.
Сумын төвийнхөн хөдөөнийхөнтэйгээ хамтдаа зутарч байв.
Арван сарын дундуур анхны  цас ороод, байн байн нэмсээр ес эхэлж байхад Их нууруудын хотгорыг бүхэлд нь хөдөлгөөнгүй дарж авлаа.
********
Тэр үед мөрийтэй тоглох хориотой байсан аж.
Сумын төв дээр нууцаар мөрийтэй хөзөрддөг хэсэг залуус байх.
Тэдний дотор цэргээс халагдсан, шоронгоос тавигдсан, сургууль соёлоос хөөгдсөн нь ч бий.
Заримдаа өгөө аваанаасаа болж хоорондоо хааяа муудалцана.
********
Нэг удаа, багшийн сургуулиас хөөгдөж очсон Ням, цэргээс халагдаж ирээд ажил төрөлгүй байгаа Дорлиг хоёр муудалцлаа.
Дорлиг гэзэг ороосноос болж тэд хоорондоо зодолдов.
Шөнө дунд гарсан хэрүүл шуугианаар хэсгийн төлөөлөгч ирж нөгөө тоглоомчдыг барьчихлаа.
Маргааш өглөө тэднийг сараар баривчилж албадан ажил хийлгэхээр аймаг уруу илгээв.
*********
Аймгийн төвийн аюулаас хамгаалах   /онцгой байдлын/   фондод өвс пресслэх хөлгүй их ажил өрнөж, түүнд баривчлагдсан хэдийг ажиллууллаа.
Сумаас ирсэн дөрвөн тоглоомчин хамтдаа нэг трактор дээр ажиллах болов.
Тохиолдлоор Ням Дорлиг хоёр хаман боогчийн өмнөөс нь өвс чихэж өгөх, нөгөө хоёр нь гарч ирсэн боодолтой өвсийг тосож аваад хураах ажилд тавигджээ.
********
Угаасаа асуудалтай байсан хоёр залуу, өмнөх маргаанаа мартаж чадалгүй дахин зөрөлдөв.
Ноцолдож байгаад Дорлиг нь дээлийнхээ хормойгоор эргэлдэх буланд орооцолдож хаман боогч уруу хамагдан орчихов.
Ойр хавийн газар цусанд будагдлаа.
Тракторчин ч тэр дор нь ажлаа зогсоогоод бууж ирвэл талийгаачийн цогцосноос тэр гэхийн тэмдэггүй сэг үлдсэн байв.
Удаж төдөлгүй цагдаагийнхан ч ирж Нямыг гавлаж аваад явлаа.
********
Тэр цагаас хойш Ням ээжийнхээ барааг харсангүй.
Ээжтэйгээ хоёулханаа амьдардаг тэрбээр хүүхэд байхын л хэрэг төвөгт орооцолдомтгой байжээ.
Арваа төгсөөд багш болохоор дээд сургуульд орсон боловч хүүхэд цагийн томоогүй зангаасаа болоод сургуулиасаа хөөгдсөн билээ.
Аавгүй хүүхдийн толгой том гэдэг энэ аж.
********
Хүний амь насыг санаатай бүрэлгэсэн хэргээр дээд хэмжээ сонсгосон боловч, ёстой л бурхан тэнгэрийн ивээлээр амь өршөөгдөж, хорин таван жилийг торны цаана өнгөрөөх боллоо.
Угаасаа хөгшин хонины насгүй болсон ээж нь хүүгийнхээ гарч ирэхийг үзэх эсэх нь эргэлзээтэй.
Эхний хэдэн жил нь ч  Ням нэг их тоосонгүй.
Суллагдахаасаа жилийн өмнөөс муу ээжийгээ санахын ихээр санадаг боллоо.
*******
Бараг шөнө болгон ээжийгээ зүүдлээд, хар дарж, цочин сэрнэ.
Тэгээд хугацаа дуусаж суллагдлаа.
Түүнийг  шинэ нийгэм, шинэ орчин, ер шинэ бүхэн тосож авав.
За тэр нь ч яахав, хамгийн гол нь ээж нь байхгүй болсныг тэр мэдэхгүй байлаа.
*******
Төр түүнийг  уугуул аймагт  нь хүргэж өгчээ.
Тэр хамгийн түрүүн сумандаа очиж ээжтэйгэ л уулзах гэж яарч байв
Тэгээд ч аймгийн төвд таних хүн нэг ч байхгүй.
Замын унаа, хөлсний унаа хольж хонуут өнжүүт явсаар хоёр зуугаад мод газрыг ардаа орхиж төрсөн сумынхаа барааг харлаа.
Замдаа нэг хоноход хар даран зүүдэлж, ээжийгээ дуудан хашгирч байв.
Учры нь мэдэхгүй хүмүүс түүнийг шоолон инээнэ.
*******
Төрсөн, өссөн хашаандаа ирлээ.
Хөөрхий ээжинх нь жижигхэн бор гэр алга.
Хашаагаар дүүрэн лууль шарилж ургаад, салж унасан банзнуудынх нь хоосон зай сэгийнэ.
*******
Ид дунд насны хүдэр эр балмагдах мэт хачин царайлан зогсохыг дэргэдүүр өнгөрөх хүүхэд хараад хэрэгт дурлан очжээ.
Тэр хүүхдийг дагаж гэрт нь очоод, аав ээжээс нь хамаг учрыг мэдлээ.
*******
Хөөрхий эх нь амин голоо тасран тасартал хүүгээ хүлээсэн байжээ.
Гурван жилийн өмнө өөд болсон эмгэнийг нутгийн хэдэн хүн хөдөөлүүлсэн аж.
*******
Оршуулганд оролцсон хөгшчүүлээр ээжийнхээ газрыг заалгаж аваад, нийтийн оршуулгын газар луу тэр дороо алхлаа.
Бараг эдгэрчихсэн газарт даруухан хөшөө нь л үлджээ.
********
Э-э-э-э-э-ж-э-э-э-э-э-э-э-э.... ээж минь эээ
Тэрээр ингэж цахиртсан хоолойгоор бахардан хашгирлаа.

Wednesday, June 30, 2010

Түндэв өвгөний яриа

Баяны адуучинд дураараа сэлгээд унах унаа байхгүй.
Ээжтэйгээ хоёулхнаа тарчигхан амьдарч байгаадаа сэтгэл гутарна.
Энэ байдлаасаа гарах арга эргэцүүлсээр удлаа.
Эцэст нь шилийн сайн эрийн замаар орж амьдарлаа өөд татах аргыг сонгов.
**********
Гэвч хийж сураагүй ажил хэцүү.
Хулгай хийж адуу хөөхийг заалгахаар нутгийн алдартай сайн эрийг эрж сурсаар олж очлоо.
Гэрт орвол, жигтэйхэн том биетэй эр цааш хараад хэвтэх нь идэр шар хэвтэж буй мэт сүртэй.
Гэрийн эзэгтэйтэй мэнд мэдэлцээд суутал, унтаж байсан том биет эргэж хараад мэндлэв.
Цай цүү болсны дараа ирсэн хэргээ дуулгавал,нөгөө эр сонссон шинжгүй.
**********
Орой хонь хотлов.
-Тарган иргийн мах идэж чадах уу?
-Идэж үзээгүйээ. Тэхдээ соёолон шарын хаа, гуя хоёрыг идчихэж дөнгөдөг.
-Гадаах  хониноос томоос нь барьж төхөөр. Аль зэрэг идэхий чинь шалгана.
-За
-Сүүж, шаанты нь үлдээгээд бусды нь чанахад бэлдээрэй
-За
**********
Өглөө болжээ.
Идэр /нөгөө сайн эр/ унтсаар.
Бага үдийн алдад дөнгөж өндийсөн Идэр амаа байдгаар нь дорвойлгож байгаад, сайртай хар гараараа нүдээ нухлангаа,  "Намрын дунд сарын хуучдаар хүрээд ир. Харин олигтой унаатай ирж үзээрэй дээ" хэмээгээд ондоо юу ч хэлэлгүй морь харахаар гарлаа.
*********
Хоног хугацаа өнгөрч, болзсон өдрөө очвол, унаж очсон морий нь голонгуй харснаа:
-Наадхынхаа эмээлийг аваад тавьж явуул. Цаад модон дотор чинь хоёр морь бий. Авч ирээд хоёуланг нь эмээллээд уячих гэв.
Цатгалан могой багтамгүй ширэнгийг арайхийн гэтэлж, шугуйд орвол шавхартал уяж сойсон хоёр бүгээн морь байлаа.
*********
Өдөр нь тарган ирэг төхөөрч хооллож ундлаад, сар цухуйхын алдад хоёул мордов.
Өдөр унтаж, шөнө явсаар долоо хоноход дүүрэн айлтай хөндийн эхэнд ирж, захдуу байх нэгэн гэрийн гадаа буулаа.
Гэрийн эзэд гийчдийг хөл алдан угтаж, дайлж цайлна.
Аанай л шөнө болоход Идэр ганцаараа мордоод явчихав.
Сураг ч үгүй чимээ ч үгүй хоёр хоноод гэнэт нэгэн шөнө давхин ирлээ.
**********
-За нөгөөдөр л хөдөлнө дөө хоёулаа.
Тэгээд хоёр хоног унтаад бас л шөнөөр гарч давхилаа.
Мөн л шөнө явж, өдөр унтсаар хоёр хоног  давхиад, хоёрдох хоногийнхоо үүрээр нэгэн хавцалд орж ирлээ.
Хаагуур яваад хаана  ирснээ ер мэдэх юм алга.
**********
Хавцал өгсөөд, нилээд их, барагцаалбал зуу орчим  адуу хөөсөн дөрвөн морьтон гарч ирлээ.
Дөнгөж ирүүтээ, Идэртэй морин дээрээс хөөргөөр тамхилаад буцаж давхин алга болцгоов.
Нөгөө адууг хоёул элбэн хөөсөөр, нар мандахын өмнө нэгэн богино амны эхэнд ирвэл чулуун хашаа байх аж.
Тэндээ адуугаа хашиж өнжөөд шөнө болоход хөдөлцгөөлөө.
***********
Долоо хоног давхихад амарч өнжих газар бүхэн алба юм шиг чулуун хашаатай байсан агаад, том хавтгай хадаар хаалга хийсэн байна.
Онцлог нь хашаанууд орсон хаалгаараа буцаж гарахгүй, чигээрээ цааш нь гардаг хойд хаалгатай аж.
Долоо дахь өдрөө ирсэн газар нь нилээн их зайтай агуй байлаа.
Агуйн таазнаас ус дусалж, аягын чинээ хонхорхойд тогтох бөгөөд, амсараараа хальж дүүрдэггүймөртлөө, шанагаар утгаад авахад дундрахгүй   нь сонин.
***********
Шөнөдөө адуугаа хөөсөөр үүр тэмдэгрэхийн үед, уулын бэлд иртэл бас дөрвөн морьтон угтан авч аанай л морин дээрээс тамхилаад,  "захиас чинь гэрт чинь хүргэгдсэн" хэмээгээд өнөө их адууг хөөн арилав.
Тэндээ унтаж өнжөөд шөнөжин ергүүлсээр Идэрийнд ирлээ.
Хоёр хоног амарч аваад Идэр шугуйгаас унагатай гүү хөтөлж ирээд, " Энэ гүүг тэр янгиагаар эмээллэ. Унагы нь зэлнээс татаад уячих"  гэлээ.
**********
Хэлсэн ёсоор хийгээд гэрт орвол дунд зэргийн хоёр барваатай* зүйл түнтийгээд байж байв.
Тэр том зүйл энэ гэрийн хаанаас нь гараад ирснийг бүү мэд.
Идэр хэлэв:
-За дүү хүү чи энэ жаал зугаа юмаар амьдарлаа өөд нь татаарай.
Дахиж ийм ажилд оролцоод хэрэггүй.
Чиний дийлэх тоглоом арай биш байна.
Хоёулаа нэг нэгээр нь аваад гаръя.
***********
Хоёр барвааг Идэр сэвхийтэл өргөн гүүний нуруун дээгүүр тохоод:
-Чи энийг өргөж буулгаж чадахгүй.
Очоод холбоос суры нь огтлоод унагачих.
Харин гүүгээ нааш авч ирэх гэсний хэрэггүй.
Зүгээр л тавиад явуулчих.
Энд байгаа унагандаа ирж л таараа.
**********
Гэртээ ирээд барвааг задалтал дотроос нь хүний хэрэглэж болох бүхий л хогшил гарах нь гайхалтай.
Хөөрөг гаанс, торго дурдан, алт мөнгөн эдлэл.., дутуу юм ер алга.
Ойр дотныхондоо нарийн нандин олзноосоо хишиг хүртээлээ.
Хэд хоног хэл сураггүй алга болсныг нь хавь ойрынхон баахан гайхаж эрэл сурал болжээ


*Барваа гэдэг нь ямааны арьсыг зүйж хийсэн шуудай мэт сав. Нэг барвааг 4-5 ямааны арьсаар үйлдэх ба бүр 8 ямааны арьсаар хийсэн нь ч бий аж.

Thursday, June 17, 2010

Шаштир

/Үргэлжлэл/
Маадыр-Оол үлдсэн цөөхөн малаа нутгийн айлд орхиод шилийн сайн эр болох замыг хөөхөөр шийджээ.
Хааяа бүр Ховдын хойд сумдаас хэсэг бусгаар нь адуу хөөж, Тагна давуулаад, буцахдаа бас л танил сайн эрсийнхээ дамжуулсан хэдийг туун буцна.
Хамгийн хэцүү нь орос цэргийн хараанд өртөхгүй хил давах явдал байв.
Заримдаа  хилийн харуулын сиймхийг харж хилийн цаана айлд бүгэх хэрэг ч гарна.
**********
Ингэж явахдаа зам мөрөө засуулах гэж Саяан нутгийн  алдартай бөөгийнд очлоо.
Зайран  өвгөн,  Маадыр-Оолд  хулгай хийхээ зогсоохгүй бол ойрын хугацаанд маш хэцүү зовлонд унах болно гэж сануулжээ.
Итгэж биширсэн Маадыр-Оол тэндээ үлдэж энгийн номхоноор амьдрах гэтэл өвгөн зайран бас л зөвшөөрсөнгүй.
Зайран өөрөө КГБ-ийн хараа хяналтанд байсан ажээ.
***********
Маадыр-Оол ахархан хугацаанд зайран өвгөний ганц охинд сэтгэл алдарсан.
Харин зайран өвгөн тэднийг орос газраас холдож, хилийн цаана, монгол нутагт амьдрах хэрэгтэй гэж зөвлөжээ.
Үр хүүхдийнхээ  алсын замыг нь нэвт харсан ч юм билүү.
Маадыр-Оол, эхнэр Саяанагаа дагуулсаар монгол газар ирж нутагласан түүх ийм болой.
***********
Хүүхэд гаралгүй олон жил болсны эцэст ганц хүүтэй болж, түүндээ Тавхи-Оол буюу монголоор Тавхай гэсэн сонин нэр өгсөн билээ.
***********

Wednesday, June 16, 2010

Шаштир

Тэр цагт тува,  монгол, соёот бүгдээр холилдон аж төрдөг байсан билээ.
Бүгд өөр өөрийн хэл соёлтой боловч нэгэн уул, нэгэн нуурыг тойрон, нэгэн голыг өгсөн уруудан эвтэй найртай аж төрцгөөж байв.
**********
Тогмидынх дөрвөд айл.
Хөрш нь харин Апык гэгч тува айл билээ.
Тогмидынд хүүхэд тогтдоггүй байжээ.
Лам ч, бөө ч, тэр ч бүү хэл хасаг молла ч арга чарга хийж дийлэхгүй байв.
Олон ч хүүхэд нь энджээ.
Ердөө ой өнгөрөө л эндчихдэг гэмтэй болов.
**********
Апык  хөршийнхөө энэ зовлонг мэддэг болов ч тус хийж эс чадна.
Аргаа барахдаа хий дэмий л дунд хүү Маадыр-Оолыгоо хөршийндөө туслуулахаар хааяа явуулна.
Тогмид эхнэртэйгээ энэ хүүд сайн гэж жигтэйхэн.
Тэг тэгсээр хэдэн жилийн нүүр үзэхэд Маадыр-Оол Тогмидынд дасаж, нэг өвөл бүр тэднийд өвөлжжээ.
Хавар гэртээ харих гэтэл монгол орос хоёр гүрэн хилээ тогтоогоод заагласан нь энэ хоёр хөршийн бууцны дундуур хиллэж таарчээ.
**********
Хүүхдээ авах гэж хил дээр ирсэн Апык хилийн орос цэрэгт баригдаад сураггүй болох нь тэр.
Апыкийн эхнэр олон малтай, бүл чадал муутай нь эрхээр нөхрийнхөө араас явж эс чадна.
Зусланд гарах цагаар урьд малын хулгайч байсан нэгэн настай хүнээр хүүхдээ авахуулахаар болжээ.
**********
Тогмидынхыг Нарийн салаа хэмээх газар зусаж байтал эртний танил сайн эр нэг шөнө ирэв.
Маадыр-Оолыг сундалсан хоёр хүн Тагнын баруун салаанд зусаж байсан Апыкийн эхнэрийнд ирсэн нь Тогмид, Маадыр-Оол, малын хулгайч эр гурав ажээ.
**********
Хэдэн хоног  хэлэлцсэний эцэст хөршүүд учраа ололцож, Маадыр -Оол,  Тогмидын хүүхэд болов.
Эрийн цээнд хүрсэн Маадыр-Оол цэргийн албанд мордож гурван жил алба хаагаад буцаж ирлээ.
**********
Тэр зун урьд хожид тохиож байгаагүй усан бороотой зун болжээ.
Тогмид эхнэртэйгээ малынхаа хойноос хөөцөлдөж явсаар, нуурын  давалгаанд хамагдаж орсон хэдэн хонийг гаргаж ирэх гэж яваад хоёул эндэв.
Ингээд нэгэн айлын гал голомт хэний ч буруугүйгээр харлаж орхилоо.
  /Үргэлжлэл бий/

Friday, June 11, 2010

Миний монгол

Есөн эрүү давсан Ард Аюуш шиг монгол
Есөн хөлт цагаан туг шиг монгол
Үхрийн ширний дайтай газар шиг монгол
Үзүүр тохой үлдсэн сур шиг монгол
Хэцүү То вангийн цэцэн билэг шиг монгол
Хэтэрхий өндөр Майдар шиг амарлингуй монгол
Амарсанаагийн ухаарал шиг шиг монгол
Ану хатны эрэмгий зориг  шиг монгол
Хиагтад түмэн хужааг хөөсөн дөрвөн зуун морьтон шиг монгол
Хиаруулж өөрснийгөө дараа нь буудсан цөвүүн цаг шиг монгол
Богд Жавзандамбаас урвасан Хатанбаатар шиг монгол
Босоогоор нөхцөж ялсан Манлай ван шиг монгол

Thursday, June 10, 2010

Залуудаа сонсож явсан сонин хачин ярианууд /хоёр/

/Гэрийн бугийн тухай /
Чунчук-Оолынх нилээд чинээлэг айл.
Харин харамч хахираараа нутаг голдоо алдартай.
Тэднийх  хэд хэдэн зарц барлагаар малаа маллуулж, хэдэн ядарсан эмэгтэйгээр гэр орныхоо ажлыг хийлгэнэ.
Харин тэднийхээ  хөлс харамжий нь байнга багадуулна.
Шивэгчдийнх нэг, ганц бие бүсгүй өлссөндөө болоод, тэдний шуудайтай хуучин аарцнаас өчүүхэн төдийг  хумсалж орхижээ.
 Гэрийн эзэд үүнийг олж мэдээд, дэлбэртлээ уурлаж, хөөрхий зарц бүсгүйг нэвширтэл зодоод, өвөлжөөний арын хадтай энгэрт аваачиж, том чулуугаар даруулж алахаар чирэв.
Энэ үед ухаан орсон зарц бүсгүй эздээсээ өршөөл эрэн, сүүлчийн хүчээ шавхан энэлэн орилж эхэллээ.
Гэвч харгис хэрцгий Чунчук-Оол, хөдөлж ч чадахгүй болсон зарц бүсгүйг өчүүхэн ч өрөвдөн энэрсэнгүй.
Бүсгүйг итгэлт зарц нараараа чирүүлж аваачаад, том гэгчийн гонзгойвтор үхэр  чулуугаар ууцан дээгүүр нь даруулж орхиод харив.
Гэртээ ирээд бусад зарц нараа цуглуулж, хэрэв бүсгүйг сулласан, эсвэл хоол унд өгсөн хүн байвал оронд нь чулуугаар даруулж алах болно хэмээн сүрдүүлжээ.
Тэр үдшээс хойш гурав хоногийн турш хөөрхий бүсгүйн энэлэнт дуун сонсогдсоор байсан боловч хэн ч түүнийг сулласангүй, хэн ч түүнд балга ус өгсөнгүй.
Гурав хоногийн дараа Чунчук-Оолын хот айл өвөлжөөнөөсөө хаваржаа уруугаа нүүхээр өглөө эртлэн ачаалж эхлэв.
Харин нөгөө зовлонт бүсгүйн дуу сонсогдохоо больсон байлаа.
Очиж үзвэл хэдийнэ амь тавьжээ.
Тэр цагаас эхлэн Чунчук-Оолын гэрт  хоол унд байлгадаггүй үл үзэгдэх далдын хүч бий болсон бөгөөд, нэгэн шөнө Чунчук-Оол орондоо нас барсан байв.
Өнөөх зарц бүсгүйн сүнс эздийнхээ хоол унданд хоргодсон ба, дургүйгээ хүрвэл гэрийн эзнийг шөнө нь үхүүлчихдэг зуршилтай болжээ.
Чунчук-Оолын удам хэдэн үеээрээ энэ гэрийн бугтай хамт амьдарч байгаа юм.
Гэрийн буг нь идээнийхээ дээжийг өгөхгүй бол гэрийн эздээс хэн нэгий нь шөнөдөө үхүүлдэг болжээ.
***********
Шимекма  ажилсаг, бас авхаалжтай сэргэлэн бүсгүй билээ.
Нас бид хүрээд өөрийн хайрт хүнтэйгээ суув.
Харин хадам болох айл нь гэрийн бугтай юмсанж.
Гэрийн буг нь хадам аавынх нь гэрт ханын толгойноос өлгөсөн эсгий уутанд байдаг байлаа.
Хадам ээж нь Шимекма-д гэрийн бугийнхаа талаар хэлж өгөөд, идээ умдаа болгоныхоо дээжийг заавал тусгай аяганд нь хийж тавьж байхыг чандлан захижээ.
Шимекма ч хадмынхаа хэлснийг ягштал биелүүлж, цай чанах, хоол хийх, тогоо нэрэх болгондоо дээжийг нь гэрийн бугт зориулж аяганд хийж тавьдаг байв.
Гэрийн буг ч хүнд үзэгдэхгүйгээр нөгөө дээжий нь ууж идээд эсгий уутандаа орчихдог байлаа.
Эдний гэрийн буг нь  хилэгнэхээрээ эздийнхээ малыг хиаруулж хаядаг зуршилтай юмсанж.
Шимекма өвөг дээдсээсээ гэрийн бугийн хор хөнөөлийг сонсож өссөн болохоор, хадмынхаа бугийг устгаж үгүй хийх ухаан сийлэв.
Бэр болсныхоо хойтон зун хадмынхаа гэрт тогоо нэрж байлаа.
Тогоо нэрээд, шинэхэн халуун архины охийг гэрийн бугийн аяганд хийж тавих ба тэр тоолон буг гарч ирж уусаар байжээ.
Тогоогоо нэрж дуусаад хартал өнөөх гэрийн буг тусгай аяганыхаа дэргэд согтоод, уутандаа ч орж чадалгүй уначихсан унтаж байв.
Тэр нь тохойн чинээхэн биетэй, үзэшгүй муухай царайтай хүн гэхэд хүн биш, булай муухай юм  байлаа.
Шимекма гэнэт бодсоноо хэрэгжүүлэхээр шийдэж, өнөө бугийг шүүрэн авч буцламхай халуун цагаа уруу хийж орхив.
Тэр орой хүртэл  энэ тухай хадмынхандаа хэлсэнгүй.
Үдэш нөхөртэйгээ хоёул аарцаа шүүхээр уутандаа цагаагаа уудалж дуустал савны ёроолоос хүний сүүжний яс гарчээ.

Saturday, June 5, 2010

Аймхай хүн

    /Монгол Улсын баатар Бэгзийн Гиваанд зориулав/

Хайртай бүхнээсээ урвахаас  айдаг байсан юм тэр
Харь дайсанд бууж өхөөс үхсэн нь дээр гэж боддог байсан юм тэр
Өрлөг ээжийнхээ өмнө буруутахаас айдаг байсан юм тэр
Өргөсөн тангарагаасаа няцахаас айдаг байсан юм тэр
Өрөөсөн гартай болсон ч нуувчинд хоргодохоос айдаг байсан юм тэр
Өөдгүй үйл хийгээд амьд үлдэхээс айдаг басан юм тэр
Өнгөлзөгч дайсныг амьд үлдээхээс айдаг байсан юм тэр
Өөрийн нөхдөө хаяхаас айдаг байсан юм тэр

Thursday, June 3, 2010

Залуудаа сонсож явсан сонин хачин ярианууд /нэг/

Хүүхэд байхдаа мөн ч хэрэгт дуртай жаал байж дээ би.
Нөгөө өрөөний онгорхой хаалгаар томчуулын хуучлахыг зөндөө сонсдог байж билээ.
Тэр үед сонссон сонин хачнаасаа хуваалцахаар шийдлээ.
**********
Манай нутагт 50-60-аад оны үед нэг их марзан өвгөн байж гэнэ.
Нэрий нь  мартчиж,  Балдан гээд нэрлэчье.
Балдан гуайн хаваржааны  буурин дээр  залгаа сумын айл дураараа ирээд хашаа хороогоо бариад явчиж гэнэ.
Тэгээд сум багийнх нь дарга нарт хэлтэл тоогоогүй юм байх.
Тэхлээр нь мань Балдан гуай нөгөө барьсан хашааных нь хажууд газар ухаж цайны хунз өрөөсөн өнцгий нь цухуйлган булаад, хайрцагны завсраар сарлагийн сүүл бага зэрэг цухуйлгаж, эмэгтэй хүний хөндөгдсөн, хуучин оршуулганы булш маягтай болгоод орхичиж гэнэ.
Тэгтэл хэд хоногийн дараа нөгөө хашаагаа барьсан эзэд нь буулгаж аваад ум хумгүй явчихсан байсан гэнээ. Бодвол сэжиглэсэн байх.
***********
Тэр үед нэгдэл малчиддаа уналгын морь, ачилгын тэмээ олгодог байж л дээ.
Хүмүүс заримдаа бусдын тэмээг эзэнд нь хэлэхгүйгээр ачилганд хэрэглэж, эцээж тураагаад хаядаг байсан гэнэ.
Балдан гуай тиймэрхүү хүмүүсээс тэмээгээ хамгаалахдаа бөх, чихнээс нь хөсрий  хохимой толгой зүүгээд явуулчихдаг байна.
Ийм тэмээнд  хүмүүс сэжиглээд ойртдоггүй, бас сураг ажиг нь байнга сонсогдож, хаана байгаа нь мэдэгдэж, эрэл сурал болохгүй хоёр сайн талтай гэнэ.
***********
Ирвэстэй хэмээх газар хүрэхэд хэцүү уулын мухар.
50-иад оны үед Дарам гэдэг хүн энэ газар нэгэн хадны доогуур гялалзсан шар зүйл харжээ.
Арайхийж мацсаар дэргэд нь очиж үзвэл шингэвтэр алт байж гэнэ.
Тэгээд захаас нь татаж үзвэл зуурсан гурил шиг сунаж байж.
Ташуурандаа ороож эвхсээр байтал тасралтгүй хөвөрч бүдүүрсээр нэг литрийн бидон шиг болох мөртлөө огт тасрахгүй байж гэнэ.
Тэгэхлээр нь буцааж орхичоод, өртөө хэрийн хол байсан гэрээсээ хүрз жоотуу аваад гурав хоногийн дараа очтол нөгөө хадны доор шар  эрээн могой цагариглаад байж байсан гэдэг.
***********
Увс нуурын араар битүү модтой Шивэр гэж газар байдаг.
Дэнзэн  эндээс гэртээ харихаар сумын төв рүү мориор оройхон гарчээ.
Цагаан гэгээ тасрахын алдад ойн захад гарч иртэл өмнө нь багашаархан гэр горхины захад харагдаж гэнэ.
Бууж цай уугаад мордох санаатай морио шонгоос уяад гэрт ортол халуу дүүгээд цай чанаж байх бололтой гэнэ.
Гэрийн хүмүүстэй мэндэлж дуусаад арагшаа эргэж араг налаад эргэж хартал эргэн тойрон юу ч байхгүй, ганцаараа тушаатай мориныхоо өмнө сууж байсан аж.
***********
Чойжоо гэж толгой холбож ярьдаг өвгөн  60-аад оны дундуур нутаг сольж, хотод нүүж иржээ.
Автобусны урд хаалгаар дайрч орж ирсэн Чойжоо гуайг кондуктор загнаж, урд хаалгаар орж ирчихээд мөнгөө төлөхгүй санаатай. Даналздаг дөрвөд вэ энэ тэр болоо л явчиж.
Тэгтэл Чойжоо гуай хэдэрлэж:
Төв хороонд Цэдэнбал даналзаж
Төв цэнгэлдэхэд Баянмөнх даналзаж
Төв театрт Түмэндэмбэрэл даналзаж байхад
Төв замын түрэмгий улаанд  /автобусыг хэлсэн бололтой.  зох./
Би даналзахад яадаг юм гэсэн гэдэг.

Tuesday, June 1, 2010

Ээжийгээ бодохуй

Хонгорхон  бага насандаа
Хормойноос нь чирэгдэж өслөө дөө
Холоо одсон ээжий минь
Тэндээсээ хүүгээ санав уу даа

Алдрай бяцхан байхаасаа
Аашлуулж аргадуулж өслөө дөө
Аргалд явчихсан ээжий минь
Тэндээсээ хүүгээ ерөөв үү дээ

Энхэр жаахан байхаасаа
Энгэрээс нь зүүгдэж өслөө дөө
Эгнэгт одсон ээжий минь
Тэндээсээ хүүгээ ерөөв үү дээ

Tuesday, May 25, 2010

Тайгын дуун /хоёр/

Чандага шиг цагаан царайтай
Чандаганых шиг хархан нүдтэй
Чандаган цамцтай торомгор бүсгүй
Чандага адил оволзтол түгшээд
Чадалт гөрөөчинг шохоорхон ширтэнэ

Чадалтайд нь очдог омгийн заншлаар
Чандаган цээжээ түүнд өгчээ
Чандаган зүрхээ дотроо чагнаад
Чандаган өлгийтэй бяцхан үртэйгээ
Чармайн хүлээсээр өчнөөн уджээ

Чандага харагдамгүй цастайд явсан
Чадалт гөрөөчний хүйтэн цогцос
Чамархайндаа балтны сорвитой
Чарган дээр ирж явааг
Чандага шиг бүсгүй хэрхэн мэдэх вэ
Чарлаант учирлыг яахин зөгнөх вэ

Monday, May 24, 2010

Тайгын дуун /нэг/

Хөөмий мэт хөх тайгыг
Хөөмий мэт хөхөмдөг манан
Хөөмийлөх мэт ороогоод
Хөөмий мэт ангалын ёроолоор
Хөөмий мэт усан үсчээд
Хөөмий мэт энэ хөвчид
Хөөмий цууртай бий бийлээд
Хөөмий мэт хөмөн гуталтай
Хөөмий мэт гөрөөчин хархүү
Хөөмий мэт үндсэн сөөхийндөө
Хөөмий мэт дүнсээ нэрээд
Хөөмий мэт тойрон бийлэх
Хөөрхөн охидыг алмайран ширтэнэ.

Monday, May 10, 2010

Монкейгийн уралдаанд зориулав.

Амьдралд битгий бууж өгч өвдөг сөхрөөрэй залуусаа.
Миний амьдрал нэг хэсэг асуудал, бэрхшээлээр дүүрэн байсан юм.
1993 онд хайрт эмээ маань тэнгэрт харвав.
1994 онд аав маань бурхны орноо одлоо.
1995 онд ээж маань аргалд явчихсан.
1996 онд газар дээрх ганц эгч маань хүнд өвчинд ороогдоод, бүхэл бүтэн таван жилийн турш эмнэлэг домнологоор яваад арай хийж нэг юм хөл дээрээ боссон.
Яг тэр жил би хоё хөлгүй болсон юм.
Эгч бидэн хоёр оонын эвэр шиг хоёулхнаа улс.
Эгчийгээ хүнд өвчтэй байхад сургууль ном над утгагүй санагдаад, араваа дөнгөж төгсөнгүүт, эгчдээ хэлэлгүй ажил хийж бага ч болов амьдралд нь нэмэр болох гэж барилгын ажилчин болов.
Хоёр жил харвасан сум мэт өнгөрч, эгч маань ч халамжит хань, сайн хамт олныхоо буянаар хөл дээрээ бослоо.
Эгчийг эмнэлэгээс гарсны маргааш би барилга дээр ажиллаж байгаад, осол болж хөлөө хүнд юманд даруулаад, хоёр хөлгүй болсон.
Харин эгч хүргэн ах найз охин /миний эхнэр/ гурав миний төлөө сайн ч явсан.
Гурван удаа хагалгаанд орж хөлөө тайруулаад хоёр гуятайгаа үлдсэнээс хойш найман жилийг ардаа орхижээ.
Над энэ бүх бэрхшээлийн өмнө сөхрөх эрх байгаагүй.
Яагаад гэвэл ямарч хамаатан садангүй үлдэх эгч маань байна, бас хайртай эхнэр минь байна, голомт сахих нуган үр минь байна.
Энэ бүхнийгээ орхиод бэрхшээлд бууж өгч өвдөг сөхрөх эрх надаа байгаагүйээ.
Хэдэн жилийн өмнө эгч хүргэн ах хоёр ятгасаар ШУТИС-д эчнээгээр суралцаж төгслөө. Мэргэжил эзэмшиж ажил эрхлэх гэсэндээ бус, бусад хүмүүсд амьд байгаагаа, амьдрах итгэл дүүрэн багаагаа харуулах л гэж тэр юмаа.
Энэ бүхнийг бичиж байгаагийн учир нь, бусад хүмүүс, тэр дундаа залуус, бэрхшээлийн өмнө битгий сөхрөөсэй гэсэндээ билээ.
Та ядуу байж болно, баян ч байж болно.
Хамгийн гол нь өгөөмөр байгаарай.
Та өвчтэй ч байж болно, асуудалтай ч байж болно.
Гол нь тэвчээртэй байгаарай.
Та ууртай ч байж болно, эсвэл уурладаггүй ч байж болно.
Болж л өгвөл уучламтгай байгаарай.
Та эмзэг ч байж болно, хэрсүү ч байж болно.
Гол нь ухаалаг байгаарай.

Friday, April 30, 2010

Хэдэн шүлэг минь

Хэдэн шүлэг минь
Хэлхээтэй үгс минь
Шавхаж мушгимаар
Шал нойтон
Шараа болмоор
Шалдан нүцгэн
Шанагаар цохиулах
Шалтаг болмоор
"Шар хаданд" очих
Томилолт болмоор
Хуурай, нойтон
Худлаа, үнэн
Ус шиг
Сувс шиг
Хэдэн шүлэг минь
Хэлхээтэй үгс минь
Уур бармаар
Уцаарлаж тээршээмээр
Усы нь шавхмаар
Ураад хаямаар
Өрөөлөөс нуумаар
Өөрөөсөө ичмээр
Хэдэн шүлэг минь
Хэлхээтэй үгс минь
Хэзээ хаана
Хэрхэн яаж
Хэл нь чангарч
Хөлд орно доо
Хөөрхий дөө...
Ширэн нүүртэй эзнийхээ
Ширээний нүдийг эзэгнээд
Шийдсэн царайлаад хэвтэж л байхаас
Шидэл... гэж...
Хэдэн шүлэг минь
Хэлхээтэй үгс минь...

Thursday, April 29, 2010

Хайрын дуун

Хатан Сэлбийн жавар нь болбол хө
Хайруу өвлөөр чангарч байна хө
Хайртай хонгорын минь ааш нь болбол хө
Халуун зүрхийг чангаана л даа хө

Жирмэн Сэлбийн жаврыг нь  болбол хө
Жишүүлдэсхийгээд сөрнө л дөө хө
Жинхэнэ амраг чамайгаа л болбол хө
Жиндүүлчих вий гэж зовно л доо хө

Урсгал Сэлбийн жавар нь болбол хө
Уруул хацрыг хайраад л байна даа хө
Урьхан хонгорын хайр нь болбол хө
Уужаа нэвт  дулаацуулна даа хө

Wednesday, April 28, 2010

Эмээ

Миний эмээ Саяана гэж удган эмгэн байсан юм.
Хэдэн нас хүрснийг нь, бас хэзээ төрснийг нь би сайн мэддэггүй.
Нүүрээрээ дүүрэн үрчлээтэй тува эмгэн.
Аавыг өөд болохын урьд жил гэнэт бие барчихаж билээ.
Бие сайтай, хөнгөн шингэн эмээ байсан даа хөөрхий.
************
Жаахан байхдаа хэнгэрэгний дохиур нь гэх үстэй годгор юмнаас нь үхтлээ айдагсан.
Айх хэрэггүйээ, энэ чинь ид шидтэй дохиур байгаа юм, ханиад гриппийг ганцхан дохиод эдгээдэг юм, гэж ээж хэлснээс хойш тэрэнд нь бүр одоо хүртэл итгэсээр байдаг юм.
Манайхны хэн нэг нь халуурч бүлээрвэл эмээ тэр дохиураараа домноход үнэхээр л гайгүй болчих шиг санагддагсан.
************
Эгч бидэн хоёрыг өөрийнхөө натигай онгонд ойртуулна гэж байхгүй.
Саваагүйтээд нэг хэсэг тамхи татдаг байв.
Тэрнийг минь эмээ мэдчээд, ааваас нууж хааяа янжуур ширхэгээр өгнө.
*************
Онгоноо хааяа залахдаа ойлгохын эцэсгүй хэлээр, /бодвол тува хэл байсан байх/  толгой сүүл холбож, сөөнгөтөн шүлэглэх нь одоо ч санаанд илхэн байна.
Тэр үед нь үнэхээр  л ерэн есөн атаа тэнгэр буугаад ирэх шиг санагдаж, нэг тийм гэхийн тэмдэггүй сонин орчин бий болдог байж билээ.
Эмээгийн дуу хоолой эрс өөрчлөгдөж, эршүүд бас бурханлиг, цаанаа л нэг ариун тансаг болдогсон.
*************
Цагаан сараар эгч бидэн хоёрт "цэлбэн" хэмээх  тосонд чанасан бин бэлэглэдэг байлаа.
Одоо болтол, эгч бидэн тэр ёсы нь хаяхгүй гэж цагаан сарын битүүнд хүний тоогоор цэлбэн хийж тавьдаг.
Хийж тавих болгондоо эмээгээ байж тэсэхийн аргагүй ихээр санан дурсдаг даа.
*************
Яагаад ч юм эмээ маань үйл үртэсэнд баахан тааруухан.
Оёх шидэх юмыг ээж  эгч хоёр л амжуулдаг байв.
Үйл үртэсгүй ээжтэй болоод ч тэр юм уу, аав маань харин яг л эмэгтэй хүн шиг оёж шиднэ.
Бодвол эмээ маань ухаантай хүн болохоороо өөрийнхөө амжуулж чадахгүй юмыг ганц хүүдээ сургасан ч юм билүү.
*************
Одоо бодоод байхад ганц хүүгийнхээ  /тэр нь манай аав/  хойно орохгүй гэсэндээ өөрийнхөө шүтдэг тэнгэр шүтээндээ өөрийгөө даатгаж, ааваас урьтаж тэнгэрийн орондоо одсон ч юм шиг.
Эх хүн хүүхдийнхээ ард үлдэх шиг амьдын там хаана байх билээ.

Monday, April 26, 2010

Хөглөгөр их Алтай

Ханагар Алтайн ууландаа
Хаврын наран ээлээ дээ
Харцаараа сургасан аавыгаа
Санан санан дууллаа даа

Хөглөгөр Алтайн ууландаа
Хөхөөн дуу уянгаллаа
Хөгшин буурал ээжийгээ
Санан санан дууллаа даа

Холын Алтайн ууландаа
Хонхон цэцэг ганхлаа даа
Хоёр буурлаа санахаараа
Хоолойгоо эгштэл дууллаа даа

Tuesday, April 20, 2010

Хайр

Тэр угаасаа ядарсан амьтан
Нарантуулын цайны газруудаар эргэлдэж байгаад, хүмүүсийн анхаарал сулрангуут тавагтай хоолы нь туучихдаг болоод уджээ.
Энэ ажилдаа бүр мэргэшч орхиж.
Хааяадаа цагдаад баригдана.
Цагдаа түүнийг харин нэг болгож тавина даа.
Мөрөн дээрээс нь чирч гулдарч ирээд өвдөг тахим уруу нь өшиглөж, унаад өгвөл маяглаж баашиллаа гээд элэг бөөр эрүү шанаа уруу нь элдэв ёсорхолгүйгээр цохиж балбаж өшигчиж өшигчөөд, аахилж ядартлаа энэ зодуураа үргэлжлүүлнэ.
Бүдүүн цагдаад баригдвал аз таарлаа л гэсэн үг.
Яагаад гэвэл бүдүүн эр амархан аахилдаг.
Ялангуяа огцом таргалж байгаа бол бүр сайн.
************
Нэгэн зовлонт эх аврал эрэхээр лам дээр ирлээ.
Хүүхэд нь эдгэшгүй өвчнөөр өвдөөд хэдэн сарын нүүр үзжээ.
Эмнэлэгээр мөнгөө дуустал яваад "эмчилгээгүй"  гэсэн хариу сонсов.
Эцсийн эцэст хүүхдийнхээ зовлонг бага ч болов нимгэлэхээр лам бараадсан нь энэ.
Ламд эх хүүхэд хоёрын зовлон огтхон ч падгүй.
Өргөл барьц нь гайгүй бол, хэн ирж юугаа ярих нь ердөө ч санаа зовох зүйл биш.
Ингээд тэр зовлонт хүмүүнд хүйтэн хөндий царайлж байгаад хэдэн үг хэлнэ.
Юу гэвэл: "төдөн сая төгрөг өгөөд хүүхдээ өвчнөөс салгавал салга, өөрөө л мэд" гэжээ. 
************
Энэ бол өнөө цагийн хайр ажээ.

Monday, March 22, 2010

Нутгийн дуун

Тэсийн голын унага нь
Тэлмэн жороо явдалтай
Тэргэл сар шиг бүсгүй нь
Тэнгэр баясам  ааштай

Увс нутгийн  унага нь
Усан тэлмэн жороотой
Уран голшиг  бүсгүй нь
Усхал ялдам ааштай

Хотгойд газрын унага нь
Хонин жороо явдалтай
Холын од шиг бүсгүй нь
Хонгор ялдам ааштай

Tuesday, March 16, 2010

Ахмад дайчны өчил

Ард үлдсэн бүхнийхээ төлөө дайтав би
Авгай хүүхэд аав ээжээ бодон бодон дайтав би
Ах ламынхаа зааж өгсөн зүрхэн тарнийг
Амандаа уншин уншин дайтав би
Аадар бороо шиг цутгах сумнаас
Айхын завгүй давшин давшин дайтав би
Анд нөхөр минь эрсдэн унахад
Аварч амжилгүй хараан зүхэн дайтав би
Эх орноон хайрлан харамлан дайтав би
Эхнэр хүүхдээн бодон бодон дайтав би
Ээжийнхээ хэлж өгсөн мэгзэмийг
Шившин шившин дайтав би
Энгэрээн хожим цоолуулъя гэж
Бодохын завгүй дайтав би
Эр хүн гэдгээн мартан
Уйлан унжин дайтав би
Эцэс сүүлд нь өөрөө өрөөл татуу болов би
Энд тэндээ шархны сорвитой
Эцэнхий хатингар өвгөн болов би

Monday, March 15, 2010

Модны гэлэн

Модны гэлэнгийн нэрийг хэн ч мэдэхгүй, бүгд л "МОДНЫ ГЭЛЭН" л гэлцэнэ.
Хэзээ, хаана хэнийх  гэгч айлд мэндэлснийг нь бүр ч мэдэхгүй.
**********
Базар зуслан дээрээс хэдэн тэмээгээ говь уруу алдаад, араас нь эрэл сурал болсоор Сагилийн голын модонд зусаж буй Модны гэлэнгийнд иржээ.
Зуны ид халуунд голын ялаа хэдгэнэ манан татсан мэт бужигнаж, чихэнд чийртэй дүнгэнэнэ.
Ялаархан тэчьяадах морио модны мөчирөөс уяад, гэрт орвол Модны гэлэн гэрийн хоймор дээш харан хэвтэх агаад, гэрийн дотор сэрүү татаад, ганц ч батгана үл харагдах нь гайхмаар.
**********
Базарыг гэрийн эзэн өөд нь сууж тухлахыг уриад домботой  халуун цайнаас хийж барив.
Энэ халуунд яасан ч халуун цай вэ дээ гэж бодож амжтал аягатай цай нь аандаа зэлгээхэн болох нь мэдрэгдэж айх гайхах зэрэгцүүлэв.
Тэмээгээ алдсанаа хэлбэл, Модны гэлэн, тэмээдий нь зүс зүсээр нь, тэхдээ одоо яг хаана,  хаашаа харж байгааг нь хүртэл, яг харж байгаа мэт хэлж өгөөд, тэмээгээ аваад заавал эргэж ирэхийг хүслээ.
**********
Сагилийн голын модноос гараад  хоёр саахалт хэр явтал тэмээд нь яг л Модны гэлэнгийн хэлсэнээр байж байх нь тэр.
Хэдгэнэд хазуулаад улаан эрээн болсон хэдэн тэмээгээ туусаар голын мод уруу арайхийн орж Модны гэлэнгийнд ирвэл, гэлэн бээр уугиулсан хомоол барьсаар гарч ирээд тэмээ болгоны өмнө нэжгээд хомоол тавьбал, байж ядаж байсан унаа тэмээ нь ялаархаж тэчьяадахаан болиод тайван хивэх нь үлгэр домог л гэлтэй.
**********
Модны гэлэн Базарыг гэрт орохыг уриад, өөрөө гаднаас хонины хөлдүү гуя оруулж ирээд хоол хийж, унаа тэмээгээ амрааж хоноод өглөө эрт яв гэж ятгалаа.
Базарт гэрийн эзний хэлснээс зөрөх зүрх байсанүй.
Гэртээ байгаа юм шиг тухалж хоносон Базар өглөө эртлэн босож зуслан гарахаар Улаан давааг чиглэн хөдөлжээ.
**********
Давааны бэлд иртэл, хавцлын ёроолоор урсах жижигхэн горхи цусаар урсаж байх нь тэр.
Өнгөрсөн шөнө энэ замаар улаан цагаан хоёр орос хөөцөлдөж өнгөрсөн бөгөөд, улаан нь цагааныгаа ихэд дийлээд, эсэргүүцэл үзүүлсэн болгоныг хиартал хядсан нь тэр ажээ.
Даваа өгсөх тутам хүний цогцос тааралдах нь олширч, үхээрийн өмхий самхай үнэрээс унаа мал үргээд, арайхийн давааны оройд гарлаа.
Базар ийнхүү Модны гэлэнгийн ачаар дайн, дээрмийн хөлөөс амь мэнд гарсан байжээ.
**********
Ховдын Ногоон хувилгаан Сагилийн голын эрэгт тарьсан тариагаа хурааж авахаар албат шавь нартайгаа  намар оройхон Улаан хотгорт  ирээд хэд хонов.
Нэгэн өглөө тэрхүү буудаллагсад дээр нөхөөстэй дээлтэй хатингар  морьтой царай муутай нэгэн хүн ирж, уяан дээр буутал, хувилгаан сандарч тэвдэн гарч ирээд, гүйх шахам очиж хормойноос нь адис авлаа.
Ховдын их Ногоон хувилгаанд хормойноосоо адис өгсөн тэр гуйранч царайт бол мөнөөх алдарт Модны гэлэн байжээ.
**********
Хувилгаан багший нь өмнөө сөхрүүлж хормойгоороо адисласанд гайхаж эгдүүцсэн Ногоон хувилгааны шавь нар тэрхүү гуйрамчийг чадаж, эрдмий нь сорихоор шийдлээ.
Гуйрамч царайтыг хувилгааны гэрт орж саатах зуур, хувилгааны  шавь нар нөгөөх эрийн ташуурыг авч гэрийн дээвэр завсар нууж орхив.
**********
Ирсэн гийчин явахаар болж Ногоон хувилгаанаар сугадуулж мордон хотны зах орчим очсоноо ганцхан ухасхийгээд хөх чоно болон хувирч жирсхийн алга болов.
Энэхүү үзэгдлийг харсан хувилгааны шавь нар нуусан ташуураа үзтэл, тэр газар нь цагирагласан могой байх нь тэр.
**********
Модны гэлэн ирсэн хүнийг гуйж, голын шугуйгаас нэгэн хус тайруулж, холтос мөчрий нь цэвэрлүүлээд гэрийнхээ ард хаяснаас хойш даруй гурван жил болжээ.
**********
Улаангомын газар албан хэргээр  ирсэн Жалханз хутагтад мөргөж адис авахаар, Боршоон ловон лам  жууз тэргээр шавь дагуулуудаа дагуулсаар, зам зуур Сагилийн голын адаг,  Үзүүрийн гарамаар өнгөрч явтал жуузных нь өрөөсөн гуя хугарч гэнэ.
Болсон явдалд ихэд сэжиглэсэн ловон, ойролцоо байх  Модны гэлэнгээс учрыг асуулгахаар элч илгээв.
 Модны гэлэн ирсэн элч нарыг дайлж цайлаад, гурван жилийн өмнө бэлдсэн нөгөө хусаа өгч явуулжээ.
***********
Муу санаатны хатгах үг До яамны төлөөлөгчийн сонорт хүрчээ.
Модны гэлэнг барьж шийтгэхээр бүхэл бүтэн баг цэрэг аймгийн төвөөс дүн өвлөөр  гарлаа.
Сагилийн голыг адгаас нь эхэлж самнасан ногоон малгайтнууд Модны гэлэнгийн гэрт ирвэл, гэрийн дотор амьд амьтан байсан шинж өчүүхэн ч байхгүй байлаа.
Эргэн тойрныг ажиглан нэгжиж байсан цэргүүд, ойрмогхон гарч явсан бололтой морьны мөр олов.
Мөрийг дагаж явсаар ойн чөлөөнд гарч ирвэл уг морины мөр чонын мөр болон хувирсан байлаа.
Эргэн тойрон ямар ч мөр улбаа байхгүй байх агаад, өнөөх чонын мөр тэнгэрт гарсан мэт алга болжээ.
***********
Модны гэлэнг хаашаа одсон, хаана байгааг хэн ч хараагүй, хэн ч мэдэхгүй болов.

Tuesday, March 9, 2010

Хүүхдийн яриа

Шоргоолжийг шууд жоом иднэ
Жоомыг шууд голио иднэ
Голиог шууд зурам иднэ
Зурмыг шууд тарвага иднэ
Тарвагыг шууд чоно иднэ
Чоныг шууд ирвэс иднэ
Ирвэсийг шууд арслан иднэ
Арсланг шууд мангас иднэ
Мангасыг шууд динозавр иднэ
Динозаврыг шууд хүн иднэ

Sunday, March 7, 2010

Зуны шөнийн болзоо

Сартай шөнө, хэдэн бүгээн үүл толгодын дээр тогтноод
Сан бэйсийн аргамаг шон дээр шилгээхэд
Санхьюу гөлөм, жиижүү дөрөөтэй хэдэнтээ харшихад
Сар сувдан даруулга нэгэнтээ гялсхийгээд
Санчиг санчигаан илбэж, сормуус хөмсөг шүргэлцээд
Санааны үзүүрийн үгс намуухнаар хөврөөд
Салахыг мартсан хос зүрх бие биесээ тэврээд
Холын оддын мишээл, цагаан гэгээнд уусаад
Хомоол үгүй шон дээр саарал морь тургилваа
Арван хэдхэн насандаа хайрын харцанд ээрэгдээд
Ангир цээжээ тэврүүлж бусдын хайрыг мэдэрсэн
Алиахан хонгор бүсгүй, Сэндэр охиныг аялсаар
Амраг жаахан хархүүг энхрий нүдээр үдвээ.

Wednesday, March 3, 2010

Нүдгүй Ээвек

************
Ногоон малгайтууд сохор хүнийг хүртэл буудаж байв.
************
Түүнийг Ээвек гэнэ.
Тэр төрөхдөө л нүдгүй төржээ.
Нутгийнхан нь түүнд "Нүдгүй Ээвек" гэдэг хоч өгчээ
*********
Хэзээ яаж сурсаныг бүү мэд, ямартаа ч тэр буддын хөлгөн судруудыг уншиж сурчээ.
Сахил санваар байгаагүй боловч айл, айлд уригдан очиж, засал ном айлдах болжээ.
Түүгээр ч үл барам ихэл, хуур хөгжмүүдийг хүн хүнээс илүү эзэмшээд, олон цугларсан газар хөгжимдөж, нутгийнхнаа хөгжөөнө.
Корло хэмээх үндэсний тоглоомыг бусдаас гаргуун сураад хүмүүстэй тоглохдоо маш их булхайцна
*********
Далдыг харах ховорхон увьдастай тул эрэлчинд төдийгүй зовлонт хүмүүст тус болох нь их ажээ.
Хүүхэд уйлагнасан ч Ээвек, хүн өвдсөн ч Ээвек, эх төрсөн ч Ээвек, мал алдсан ч Ээвек, жасаа хурсан ч Ээвек.
Ээвекгүй асуудал байхгүй болов.
Жасаа хурж байхдаа урдаа хөлгөн судар тавиад, эгээ л харж байгаа юм шиг унших ба, хажуугийн ламдаа: "За яг эндээс цааш унш" хэмээн номын үсгэн дээр хуруугаараа зааж өгдөг ажээ.
**********
Ээвект, айлд уригдахдаа унадаг номхон хээр морь байх агаад, түүнийгээ "Газарч хээр" хэмээн өргөмжилнэ.
Хээр морь Ээвекийг ямар ч хол газраас гэртээ авч ирдэг бөгөөд, гэрийн гадаа ирэн иртлээ хаашаа ч үл хазайх аж.
Аргагүй л газарч нэрэндээ тохирсон унаа байв
**********
Тэр нутагт, хол ойрдоо цуутай нэгэн хулгайч байдаг байлаа.
Тэрээр Ээвекийн газарч хээрийг өөрийн болгох арга сүвэгчилсээр уджээ.
Хулуун авч болох боловч Ээвекийн эрдэм чадлаас битүүхэн айгаад зүрхэлж эс чадна.
Гэвч шуналын гал сүүмэлзээстэй.
**********
Хулгайчийн тэсвэр барагдаж, нэгэн шөнө газарч хээрийнчөдрийг авч суллаж үзэв.
Ямар ч өөрчлөлт, гэм хор мэдэгдсэнгүй.
Газарч хээрийн чөдрийг хоёрдох удаагаа авч туршиж үзэв.
Мөн л хэвийн байсаарӨөрчлөлт эс гарахад эрэмшсэн хулгайч гуравдах шөнө морийг авахаар очоод, чөдрөнд хүртэл, хамаг биеээр нь цахилгаан цахих мэт болж, баруун гар нь морины хойд хөлд, зүүн гар нь урд хөлд нь наалдан пад.
**********
Өглөө өрхөө татахаар гарсан Ээвекийн эхнэр орь дуу тавьсаар орж ирэх нь тэр.
Учир нь шөнөжингөө чөдөртэй морь алдлан дагаж хоносон том биетэй хүнийг хараад цочирдсон ажээ.
Ухаан орж учрыг гадарласан эхнэр нь "Хүнийг амьдаар нь тамлаад яасан нүгэлтэй амьтан бэ" хэмээн Ээвекийг зүхэн загнав.
Ээвек өөдөөс нь тайвнаар инээмсэглэж: "наад тулганы захаас атга үнс аваад үлээгээд цацчих цаадах руугаа" хэмээн өчлөө.
***********
Амандаа хутга хөндлөн зуусан хүдэр эр андгай тавьсаар орж ирэн Ээвекийн өмнө сөгдөв.
Тэр цагаас уг хулгайч, Ээвекийн юманд гар хүрэхээ больсон ажээ.
***********
Ээвек дал гарсан хойноо өөрийнхөө хэрхэн төгсөх талаар урьдчилан хэлж байжээ.
Цагаан морин жилийн лам нарын бослогын дараа ногоон малгайт нар нутгийн лам ноёдыг хаман буудахад "Нүдгүй Ээвек" хамрагдаж амин тус газраа тухайн цэргүүдэд буудагдан нас баржээ.
************
Ногоон малгайтууд сохор хүнийг хүртэл буудаж байлаа.

Friday, February 26, 2010

Хэдэн нөхөддөө

Алгаан дэлгээд угтдаг
Анд нөхөд минь
Арвайн тал шиг сэтгэлтэй
Найзууд минь
Алдалж тэврээд тосдог
Ахан дүүс минь
Андын халуун итгэлтэй
Нөхөд минь
Та нар минь намайг
Хүн болгодог
Та нар минь намайг
Амьд байлгадаг
Аав минь ч юм шиг
Ээж минь ч юм шиг
Анд нөхөдгүй бол
Би хэнсэн билээ

Thursday, February 11, 2010

Шинийн нэгний шүлэг

Аавтай байлаа би
Алгаддаг аавтай байлаа би
Ааг омог, алдаа эндэгдлийг минь
Алгадаж дардаг аавтай байлаа би
Алга даа одоо
Амирлангуйн орноо одсон доо аав минь
Алгадах аавтай байхдаан
Аархуу байж дээ би
Алаг хорвоогийн үнэнийг яалтай
Аав минь дээ

Ээжтэй байлаа би
Эгэмнээс минь татдаг ээжтэй байлаа би
Эндэж гэнэдэж бүдэрхэд минь
Эгэмнээс минь татаж босгодог ээжтэй байлаа би
Энд алга даа одоо
Энхжин тэнгэрийн орноо одсон доо ээж минь
Ээжтэйгээн байхдаан
Эрэлхүү байжээ би
Энэхэн хорвоогийн үнэнийг яалтай
Ээж минь дээ
            
2009-2-25   09,20     Улаанбаатар

Wednesday, February 10, 2010

Миний тумбаш

Цаасан тагтаа минь салхинаа хийсвэй
Модон туулай минь дэгдэхээ мартавай
Уулын мичний минь ухаан самуурвай
Тугал заан минь тураалд орвай.
***
Ай хөөрхий миний эвтэй дөрвөн амьтан...

Monday, February 1, 2010

Салж хагацаж болохгүй

Та хоёрын сүнсийг бурхан тэнгэр нэгэн биед илгээсэн юм.
Харин та хоёрын сүнс газарт ирэхдээ нэг нь нөгөөгөө зөв олохын тулд эрэгтэй нь эр зоригийн биенд, эмэгтэй нь гоо үзэсгэлэнгийн биенд шингэжээ.
Ингэснээр та хоёр бие биенээ зөвөөр олсон бөгөөд, улмаар хоорондоо нэгдэж, нэгэн бие болсон билээ.
Энэ нэгэн биеийг чинь бурхан багш аравнайлан адисласан юм.
Салж хагацах нь бурханы аравнайлсан нэгэн биеийг хувааж буй хэрэг билээ.
Хуваагдсан биесүүд дэмий тэнэж одох ба эргэж зөв замдаа орох хүртэл хүчир зовлонг үзсээр ертөнцийн мөнх бусад шингэх болой.
Иймд та минь эл хагацахуйн зовлонгоос ангид оршигтун.

Зуун зууны турш...

Зуун зууны турш алалдан тэмцэлдсээр
Зуун зууны турш авралцан тэтгэлцсээр
Зуун зууны турш үзэн ядалцсаарЗуун зууны турш үхэн дурлалцсаарЗуун зууны турш хуримлан найралсаарЗуун зууны турш хууран мэхэлсээрЗуун зууны турш мэргэдийг нулимсаар
Зуун зууны турш мэдэн будилсаар
Зуун зууны турш цэргээ зассаарЗуун зууны турш цэцдээ буудсаарЗуун зууны турш алалдан тэмцэлдсээрЗуун зууны турш авралцан тэтгэлцсээр
Зуун зууны турш

Зуун зууны турш ....

Wednesday, January 27, 2010

Чи минь ээ

Сайвар жороо урсгалтай
Сагилийн цэнхэр гол минь ээ
Сайны ерөөлөөр учирсан
Бүсгүй хонгор чи минь ээ
Зүрхэн тольтоос холдоогүй
Зүүдэн дундаас салаагүй
Бүсгүй хонгор чи минь ээ
чи минь ээ

Харгиа халгиа урсгалтай
Харигийн цэнхэр гол минь ээ
Хайрын тавилангаар учирсан
Бүсгүй хонгор чи минь ээ

Зүрхэн тольтоос холдоогүй
Зүүдэн дундаас салаагүй
Бүсгүй хонгор чи минь ээ
чи минь ээ

Боргио долгио урсгалтай
Боршоон цэнхэр гол минь ээ
Борхон зүрхний амрагхан
Бүсгүй хонгор чи минь ээ

Зүрхэн тольтоос холдоогүй
Зүүдэн дундаас салаагүй
Бүсгүй хонгор чи минь ээ
чи минь ээ

Wednesday, January 20, 2010

Хөөрхий

Эргэн эргэн санагдах
Эрэгнэгийн уулс минь хөөрхий
Ээжийг минь орлоод үлдсэн
Хонгорхон эгч минь хөөрхий

Бодол бодлын дундаа
Богзгийн уулс минь хөөрхий
Борхон амьдарлын минь түшиг
Хонгорхон эгч минь хөөрхий

Үелзүүр холоос санагдах
Үүрэг нуур минь хөөрхий
Үүрч дүүрч өсгөсөн
Хонгорхон эгч минь хөөрхий

Нутаг зүгийн уулс нь
Нулимстай зүүдэнд хөөрхий
Нуур шиг сэтгэлээн дэлгээд
Настай эгч минь хөөрхий


Sunday, January 17, 2010

Мөргөлийн дуун

Сансрын салхи билүүдсэн
Арван гурван Алтай мину
Салгахын орноо одсон
Аавын минь заяагч сахиулсан мину

Хөврөн хөврөн нүүдэллэх
Хөвөн цагаан үүлс мину
Хөхөөрөөн даллаад хурайлдаг
Ээжийн минь заяагч сахиулсан мину

Түрхрэн түрхрэн шаагидаг
Түргэн урсгалт угаасан* мину
Түмэн дөрвөдийн мишээл
Турьхан хонгорын минь сахиулсан мину

Буурал сахлаа намируулсан
Нутгийн цагаан савдаг мину
Буруу энгэртээр** эрхэлсэн
Нуган үрийн минь сахиулсан мину

Мөргөж байна таньдаа би
Мөрөн дээр минь оршигтун
Буруу бүхнээс хамгаалагтун
Бусдыг энэрч сургагтун


*Угаасан ус, төрсөн газар гэсэн утга
**Буруу энгэртэй баривч өмсгөж энхрий хүүхдээ муу зүгийн эздээс хамгаалдаг ёс тувачуудад бий.

Tuesday, January 12, 2010

Хань минь

Өр зүрхний ганцхан хайр минь, өрөөсөн тал минь
Хань минь, ижил минь, хайраар зурсан эрхэм зураг минь
Тэнгэрлэг, эрхэмсэг, өнгөлөг царайлаг минь
Тэсвэр тэвчээрийн үлгэр жишээ минь

Өөрийгөө мартаж хайрласан хайр минь
Өөрөөсөө харамлаж хайрласан хайр минь
Өнийн зүүдээр дамжин ирсэн хань минь
Өрхний минь оосрыг насаараа даллах ижил минь

Хичнээн жил чамайгаа хайрлав даа
Хичнээн жил чамайгаа зовоов доо
Хичнээн жил чамайгаа жаргаав даа
Хичнээн жил бидэн хоёр цагийн шалгалтыг давав даа


Friday, January 8, 2010

Анчин болсон түүх

Аюур өвгөн он гараад ерэн насны босгыг алхлаа.
Идэр залуудаа тэр нутаг усандаа нэртэй анчин байсан юм.
**************
Арван гуравны жил орохынхоо урьд өвөл аавынхаа цахиур буугаар буудаж сурчээ.
Хэрэм үнэгийг гаргаахаа болив.
Хулгана сарын дундуур, идэр есийн хүйтэн тачигнасан нэгэн өдөр, мал бэлчээрт гарсны дараа аавынхаа урт хар бууг хөндөлсүүлэн үүрээд, "Хөх эрэг"-ийг чиглэн шогшуулав.
Хөх эрэг гэдэг нь Үүрэг нуур луу түрж орсон гучаад алд орчим өндөр хадан цохио билээ.
***************
Цохионы орой дээр мацуулсаар гарч ирэхэд нар уулын толгойд очиж, мөсөн нуурын мандал, жаргах нарны туяанд гялтганан, хэмжээ хярхаггүй том болор адил үзэсгэлэнтэй харагдана.
Оройн жавар эхэлж, хүн морины амьсгал, мөсөн аялгуу дуулах мэт цангинан царгина.
Ер юм бүхэн, нуурын мөсөн мандлаас авахуулаад, цасан нөмрөгт хадан цохио, цохионы ар шилээр урсах жижигхэн голын уур цан савсуулсан харз, харзны эргийн цөөн хэдэн гацуур цөм мөсөн болор аялгуу дуулах мэт сонихон сэрэл мэдрэмж төрүүлнэ.
***************
Гэтэл цохионы өврөөр, нуурын мөсөн мандал дээгүүр арван хэдэн чоно гарч ирэв.
Чононууд цувран явах бөгөөд, хамгийн урьд өлөгчин нь бололтой, жавхайсан нарийхан биетэй чоно жарваганан шогшино.
Түүний араас, биеэр арай том чоно даган сайварлаж араас нь бусад нь цувран дагажээ.
Цуварч яваа чононууд, Аюурын нүдэнд ачаатай тэмээн цуваа шиг сүртэй харагдана.
****************
Аюур, гэнэт ангийн хорхой нь гозолзож, буудахаар шийдэв.
Цэнэглэж зэхсэн цахиур буугаа шийрлэж, хамгийн өмнө яваа өлөгчин чоныг хараалаад, дал хавсран хаж* орхив.
Ард нь яваа чононууд балмагдах мэт хоромхон зог туссанаа унаад өгсөн өлөгчинлүүгээ нэгэн зэрэг ухасхийн дайрч, тасар татан хаях нь тэр.
Тэгээд буун дуу гарсан цохионы зүг хар хурдаараа давхилдав.
Өлөгчингүй болж, бараг галзуурсан сүрэг чоно цохионы оройд бээцийн суугаа Аюурт өш хорслоо тайлахаар айсуй.
*****************
Айсуй чононуудаас сүнсээ хальтал айсан Аюур, яах учраа олохоо болиод, муу цахиур буугаа цэнэглэхээр дэмий л дарь, хорголжоо цувуулан хийгээд сүмбэдэх гэж оролдож байв.
Айснаасаа болоод хамаг бие нь салганан чичирч, түрүүчийн чоно ойртож ирээд, амьсгаа нь хүртэл сонсогдох шиг санагдлаа.
Хашгирах гэвч дуу нь үл гарна.
*****************
Буугаа сүмбэдэх гэж салгалан чичирч байхад нь, бууных нь бөгсөнд данхны чинээ чулуу цохигдон, таг таг гэж дуугарч байгааг анзаарлаа.
Нөгөө чулууг буугаараа түлхээд үзтэл, муухан хөдөлж байв.
Тэгэнгүүт хүчлэн түлхэж, дөхөж ирсэн түрүүчийн чононы өөдөөс, хадан цохионы уруу нөгөө чулууг өнхрүүлж орхив.
*****************
Өндөр дээрээс өнхөрсөн чулуу улам хурдаа аван ойж буусаар уруудахад, улангассан чононууд чулууны хойноос хөөцөлдөж, бүгд буцан харайлгацгаав.
Тэр хойгуур, Аюур буугаа ч авах сөгөөгүй морь луугаа унан тусан гүйж хүрээд, үсрэн мордож, гэрийн зүг галзуурсан юм шиг давхиуллаа.
*****************
Хэд хоногийн дараа, айдас хүйдсээ арай гарсан хойноо, Аюур нөгөө газраа ирж хаяж орхисон буугаа авах гэтэл, чононууд хондогы нь юу ч үгүй болтол химлэж хаяаад, энд тэндээ цусан толботой, царил мэт урт хар гол төмрийг нь л үлдээсэн байжээ.



*-Буудах гэсэн ойрд үг.


Saturday, January 2, 2010

Өдрийн тэмдэглэлээс...

Тэтгэврийн мөнгөө авах санаатай тэргэнцэр дээрээ эвхийгээд сууж байхад минь нэгэн бүдүүн хүүхэн дугаарын урдуур дайрч ороод тэнд байсан өрөөл татуу хэдийг амьд амьтан байна ч гэж тоолгүй /уг нь хэн нэгний тэтгэврийг авах санаатай л явах шиг болно лээ/ кассын бүсгүйг загнаж байгаад мөнгө тоолж аваад гарч одов.
*****************
Нилээн хүлээсний эцэст тэндээс гарч явахдаа довжооны шатнаас буух гэж мунгинаж байтал 19-20 орчим насны давжаахан залуу ирж туслаад нэгэн удаагийн зовлонгоос салгав. / Манай нийслэлийн албан газрууд тэргэнцэртэй болон, хараагүй хүмүүст зориулсан замтай болчихвол мөн ч олон хүн ерөөнө дөө тэднийг./
****************
Гэртээ харих санаатай мунгинаж байхад нилээн яаруу яваа болов уу гэмээр бүсгүй тэргэнцрийн хүйтэн төмөр бариулнаас халшралгүй түрсээр зам хөндлөн гаргаж өгөв.
****************
Байраа чиглэн гэлдэрч явах замдаа амарч байтал миний үеийн халамцуу залуу ирж, нийгмийн шаар шавхруугаар минь дуудаж агсрав.
Түүнийхээр бол Улаанбаатар, цаашлаад Монгол улсад байгаа хөгжлийн бэрхшээлтэн нэртэй хоолны савнуудыг бүгдий нь устгачихвал л эх орон хөгжих юм байна.
***************
Сайн муу нийлж сав дүүрдэг гэдэг ч, хорвоо дэлхий дээр сайн нь муугаасаа хавьгүй илүү байх ёстой гэж итгэж бодож найдаж явдаг юм. Хорвоогийн тоос хөдөлгөж явахад минь бага ч атугай тус хүргэсэн хүмүүсийг ерөөж залбирч явдаг, харин нүүр лүү минь нулимж, бага зүйл дээр ч дээрэнгүй , эсвэл өрөвдсөн харцаар ширтэх хүмүүст хэзээ ч гомдож өширхөж явсангүй. Гомдлоо гээд ч яах вэ дээ. Бусдын буруу зөвийг шүүх эрх мэдэлтэй ч биш дээ.