Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Wednesday, December 26, 2012

Хайр.., миний хайр

Уул нурдаг, ус ширгэдэг, ургамал ганддаг
Ураг тасардаг, уурга хугардаг, ухаан балартдаг
Урам хугардаг, нурам хийсдэг, утаа сарнидаг
Ухаангүй хайр минь хэв мөнх хайрласаар

Цас ордог, лавсан ордог, дараа нь хайлдаг
Бороо шивэрдэг, хонуут шивэрдэг, дараа нь арилдаг
Цэцэгс ганддаг, хатаад унадаг, дахиад ургадаг
Борхон зүрхний хайр минь хувиралтгүй оршдог

Цаг өнгөрдөг, нисэн нисэн оддог, эргэж ирдэггүй
Ус урсдаг, давлан давлан урсдаг, эргэж урсдаггүй
Хүмүүн төрдөг, өсдөг, өтөлдөг, үхдэг эргэж төрөхгүй
Миний хайр чамайг хайрласаар мөнхөд оршдог

Thursday, December 20, 2012

Миний таних орчлон

Худал инээд нь хүртэл ардаа үнэнийг нуудаг
Хуурамч орчлонг би алмайрах ч сөгөөгүй явнаа
Үнэн худлын хил нь дэндүү бүдэг заяасан
Үүлгэр орчлонг би анзаарах ч завгүй явнаа
**********
Нэгэн гараараа би хорвоогоос гуйлга гуйна, итгэл гуйна
Олдсон жаахан итгэлээ агуу сэтгэлээр бордоно
                                                                /ургуулах гэж/
Нөгөө гараараа би орчлонд өглөг тараана, сэтгэл тараана
Үлдсэн цөөхөн сэтгэлээн асар итгэлээр гоёно
                                                               /урамшуулах гэж/

Friday, November 30, 2012

Хүн чулуу

Хүн чулууны өвөрт хүн болж төрсөөн би
Хүн чулууны энгэрт эрхэлж наадаж өссөөн би
Хүн чулуудын дунд энэхэн насаа элээгээд
Хүн чулууны сүүдэрт хүний орчлонг орхиноо би

Monday, November 26, 2012

Бороо

Чамтай намайг болзуулах гэж тэр бороо орсон юм
Чамайг норгох гэж, миний хүрмийг тайлуулах гэж орсон юм
Үснээс чинь дуслах борооны ус уруул дээр чинь бөнжигнөхийг
Үнэсэхээр завдсан над харуулах гэж тэр бороо орсон юм

Saturday, November 24, 2012

Охин ирлээ

Дутуу сонссон бүүвэйг минь гүйцээн дуулах  гэж
Дундуур эдэлсэн жаргалыг минь дүүргэж өгөх  гэж
Дүнсгэр хөх орчлонд жаргалын инээд нэмэх гэж
Дүрлэгэр хөөрхөн охин минь  ижии аавдаан ирлээ

Өрх гэрийнхээ жаргалд нэгэн хөг нэмэх гэж
Өрлөг ээжийнхээ нойрыг үүр шөнөөр хугаслах гэж
Өргөн дэлхийн уйг цэнгэлийн инээдээр үргээх гэж
Өөдөсхөн жаахан охин минь ижий аавдаан ирлээ

Монгол бүсгүйн үзэмжинд нэгэн өнгө нэмэх гэж
Морьтон ардынхаа заншлыг өртөөлөн дамжуулах гэж
Дэлгэр сайхан орондоо баярын ай нэмэх гэж
Дэндүү хөөрхөн охин минь ижий аавдаан ирлээ

Sunday, November 11, 2012

Рубай

Мянган жилийн өмнө ч минийх байсан аа мэдэх үү
Мянган жилийн өмнөх миний хайрыг  таних уу
Мянган онд ч унтрахгүй дурлалын одны гэрэлд
Мянгантаа шившин залбирснаар минийх болсноо мэдэх үү

Tuesday, November 6, 2012

Зурагтын нэвтрүүлэг үзээд бичсэн нь

Тэмээ тэмээн нүүдэл
Телевизээр гарваа
Тэргэл сарны доор
Хээр хонож харагдваа.
Тэртээд үлдсэн нутаг минь
Санааны дотор сүүмэлзвээ
Тэмээн нүүдэлд ханьсаад
Дагаад явмаар санагдваа

Чамдаа

Хөнгөн залуу насны минь
Онгон сэтгэлийг уяраасан
Мянган онд ч хувиршгүй
Ханьхан амраг чамдаан би
Огшин омогшин цохилох
Дагшин зүрхний гүнээс
Багтран багшран гарах
Бадаг шүлгээн зориулнаа

Улсын хүүхнүүд олон чиг
Уяран хайрласан нь чи минь шүү
Уулын цэцэг олон чиг
Чамдаан барих нь ганцхан шүү

Sunday, November 4, 2012

Дөрвөл

Хатирч морины явдал эс гүйцэх нутагт
Ханьхан хонгор чамайгаа бэрлэм билээ
"...Халх ойрадын нутаг алсхан боловчиг
Хайрлан саналцахуйн агаар нэгэн буйзаа..."

Огшин түрхрэх зүрхний хайр хийгээд
Ойрад халх нутгийн алсхан хийгээд
Омголон залуу насны дурлал хийгээд
Орчлон дахины явдал агаар нэгэн буйзаа

Ураг удмын заяанд нэгэн явдал буй
Урт холын амьдралд нэгэн аялгуу буй
Уйдах завгүй дурлалд нэгэн хайр буй
Улам улмаан санах хонгор чи минь буй

Tuesday, October 9, 2012

Хайлаасны мөчир

Хайлаас модны  мөчир нь болбол хө
Хавар оройхон навчилваа даа хө
Ханьхан хонгор бүсгүйтэйгээ  ээ хө
Халуухан зүүдэндээ хоёулхан аа даа хө

Зулзган хайлаасны мөчир нь болбол хө
Зуны сардаа гоёмсог хон доо хө
Зүрхний амраг бүсгүйтэйгээ хө
Зүүдэн дундаа  хоёулхан аа даа хө

Найгал зандан хайлаас нь болбол хө
Намар оройтовч ногооноороо хө
Найланхай амраг бүсгүйтэйгээ хө
Нарнаар ч сарнаар ч хамтдаа яа хө

Өвгөн цохиотын хайлаас нь  болбол хө
Өвлийн сардаа цантайхан даа хө
Өөрийн амраг бүсгүйтэйгээ хө
Өвлөөр ч зунаар ч хамтдаа яа хө

Thursday, May 17, 2012

Чамдаа

Сайхан дууг сайхан дуулна гэдэг аз жаргал
Сайхан хүний тухай дууг сайхан дуулж жаргая даа

Тормогор хар нүдний чинь тухай
Хар нүдийг чинь харсан бүхэн биширдэг тухай
Харсан бүхэн бишрээд хайрладаг тухай 
Хайрлагч олноос би л ганцаараа  хамаардаг тухай

Сайхан дууг сайхан дуулан жаргая даа 
Сайхан чиний тухай дуулан жаргая даа

Бүсгүй болгонд олдоогүй гоо үзэсгэлэнгийн тухай
Бүрэнхийн дунд гэрэл гэгээ мэт санагдах тухай
Бүрэг номхон ч бас гал цогтой аашны чинь тухай
Бүлээн бие халуун зүрхээ зүгээр л зориулмаар тухай

Дуулаад уярлаа, 
                     уяраад хайрлалаа 
                                  хайрлан дууллаа амраг минь ээ
Дуу бүхнээн чамдаан зориууллаа хонгорхон минь ээ



Хөхөлбий сарны чанх дэргэд

Хөрстийн дээр хөхрөгчийн доор
Ус шороо хоёрын ураг салсан
Тэр хязгаарт тэлчилж төрсөн
Дэрс хатгасан хонины  хоргол

Хөрстийн дээр хөхрөгчийн доор
Зовлонд цадаж зовлого амрааж
Зоргоороо, яг л хэрмэл бадарчин мэт
Хөл хөсөр гар газар

Хөрстийн дээр хөхрөгчийн доор
Зэгэл сарны гэрэл чонын нүд мэт ёлтойж
 Зэргэлгээн мэт, зүүдэн мэт
Зэрвэс үзэгдээд сэм арилаад

Хөрстийн дээр,  хөхрөгчийн доор
Хүүхэд ч юм шиг хүүхэн ч юм шиг
Эргэлзэж, эндүү харж, эргүү төлөг болж
Зуумхай нохойн соёог илж үзэж

Хөрстийн дээр хөхрөгчийн доор
Хичнээн удаан, эсвэл анивчих зуур
Тоймгүй, тоолж баршгүй, тогтоошгүй
Савлах зүрхийг сая л мэдээд

Хөрстийн дээр хөрстийн дээр
Хөхрөгчийн доор, хөлгүй мандалд
 Хөхөлбий сарны чанх өөдөөс
Хөхийтлээ ширтээд хөхөртлөө хараад...

Яг тэр хөхөлбий сарны дэргэд

Thursday, March 15, 2012

Намайг сонгосон эх орон

Намайг мэндэлхэд аав минь алган дээрээ тосож аваад, баруун чихэнд минь эх орныг минь шивнэж өгсөн юм
Ингэж би ааваасаа эх орноон хүлээж авсан
Ангир уургаан амлуулж ээж минь над эх орныг минь хүлээлгэн өгсөн юм.
Баривчны минь мөрөн дээр хумсын чинээ ювуутай цуг эх орныг минь ээж минь хадаж өглөө.
*********
Нутгийнхаан цэцэгт дэнжид амрагтайгаан учирч эх орноон би хамтад нь хайрлалаа
********
Ааваасаа хүлээж авсан эх орноон би хүүдээн хүлээлгэн өгч баруун чихэнд нь шивнэлээ
Хань минь миний багын  баривчийг үрдээн өгөхдөө эх оронтойгоо цуг өглөө
********
Эцгийн минь эрэлхэг төрх, эхийн минь хайлган сэтгэл намайг эх орондоон хайртай болгов
Юугаар ч сольшгүй, солих ч аргагүй эх орон минь би таных.
*********
Аавын минь гадагшаа хал, дотогшоо хайр миний эх орон билээ
Ээжийн минь ангир уураг, ухаант үгс миний эх орон билээ.
Үрсийн минь зөөлөн үнэр, дэггүйтэл миний эх орон билээ
Амрагийн минь хатан тэвчээр, хайр энэрэл миний эх орон билээ.
*********
Ийм эх орноон хайрлахгүй байж яаж болном бэ
Юугаар ч сольшгүй, солихын ч аргагүй эх орон минь та минийх

Friday, January 27, 2012

Баян хоосон хоёр

Ганаа Дайвы хоёр үй зайгүй найзууд биш боловч хоорондоо муугүй хоёр.
Энэ хоёр нэгэн улсын үйлдвэрт  хориод жил цуг ажиллаж байгаа.
Харин амьдарах аргын хувьд тэс өөр улсууд
*********
Дайвы,  хотод ойрхон мал хуйтай,  аав ээж, дүү нар нь идэх хүнс, мах сүүгээр хэзээ ч тасалж байгаагүй.
Тэд нар дээр Дайвыгийн данстай нилээн олон мал байдаг гэсэн.
**********
Жилд нэг машин сольж унадаг хүн.
Анх "Нива" унаж эхлээд, шат ахиулсаар одоо Ланд -105 хэмээх ланжгар машинтай.
Бас ойр зуур унах бензин тосонд гамтай жижиг тэрэг ч бий.
Харин ажилдаа машин унаж ирнэ гэж ёстой нэг байхгүй дээ.
Дэмий юманд зарлага гаргана гэхээс дотор нь муухайрдаг хүн.
Тийм дээ ч ийм чинээлэг болсон байх.
***********
Хааяа хагас бүтнээр зуслангийнхаа байранд очих, найр наадамд  явах зэрэг цөөхөн юманд л Ландаа унадаг.
Баян тарганаа бусдад гайхуулах гэж тэр шүү дээ.
***********
Дайвыгийн чинээлэг болоход нөлөөлсөн бас нэг хүчин зүйл  бий.
Тэр нь ажлын газраасаа юм хумсалдаг зан.
Энэ нь үнэхээр гэм биш зан болчихсон.
Ажлынхаа жолооч нараас тав арван литрээр дизель түлш хямдхан авч тавьчихаад, гэр лүүгээ ундааны саваар зөөнө.
Ингэж зөөсөөр байгаад хоёр  тонн  болгоод авсан.
***********
Жижиг сажиг эрэг боолт, хадаас зэргийг зах дэлгүүрээс авч үзээгүй хүн.
Мужаанаас таван ширхэг хадаас гуйлаа гэхэд харамлавал нүдний булай, нэрийн хор болно биз дээ.
***********
Дайвы хамт олны  нийллэг, үдэшлэг цэнгүүнд нэг ч удаа орж байгаагүй, хэн нэгэнд нь үхэл хагацал, өвчин эмгэг тохиолдлоо гэхэд шахуулж шаардуулж байж, үглэж дуулж байж хэдэн цаас хагас дутуу өгөхчөө аядна.
Танд ийм явдал тохиолдвол хамт олон чинь бас л ингэж тусална шүү дээ гэхэд өөдөөс:  -Би та нараас юу ч горьдохгүйээ. Над өөрийгөө болгочих бэл хөрөнгө хангалттай байна. Та нараар дутахгүй хэмээн баярхана.
***********
Оны "Аминдаа арчаагүй хүн" номинацид хамгийн тохирох хүн бол Ганаа.
Энэ сайхан үйлдвэрт өчнөөн жил ажиллачихаад Ганаад хураасан хойш тавьсан зүйл юу ч байхгүй.
Дайвы Ганаа хоёр эсрэг тэсрэгийн хоёр туйл л гэсэн үг.
Ганаад хөдөө гадаа, мал хөрөнгө  байхгүй.
Хүнсний захаас л үргэлж авдаг.
***********
Сахлын машинаас өөр машин барьж үзээгүй, угаалгын машинаас том машин эзэмшиж үзээгүй хүн.
Гэлээ гээд амьдралдаа гутарч гуньж үзээгүй.
Үргэлж өнөөдрөөрөө амьдарч, архи таарвал ууж, авгайдаа хааяа загнуулж, хамт олон найз нөхөд, тэр ч бүү хэл танихгүй хүнд хүртэл тус дэм болохоос татгалзахгүй.
Багаасаа өнчин өрөөсөн өссөн болохоор хүний зовлон хуваалцсан л нэг амьтан.
***********
Ажлын газраасаа юм хумсалхыг  хамгийн муухай нүгэл гэж үзнэ.
Нээрээ л ажил хийж цалингаараа амьдарч болоод байхад хулгай хийнэ гэж юу гэсэн үг вэ.
Гэм нь,  Ганаа,  хулгай хийдэг улсыг үзэж чаддаггүй ч,  бас матаж чаддаггүй.
***********
Дайвы болж л өгвөл өртөг багатай амьдарна гэсэн лоозонтой бол, Ганаагийн Философи  тэс өөр.
Ганаа,  сэтгэл нь цаддагүй хүн бол жинхэнэ ядуу хүн, юм үзэж нүд тайлсан  ёстой баян хүн гэдэг бол сэтгэл нь ханасан хүн гэж бодох ажээ.
***********
Баян ядуугийн туйл болсон ийм хоёр хүн байх.

Tuesday, January 17, 2012

Чи бидэн хоёр

Чи бидэн хоёр зүсээрээ адилхан
Чи бидэн хоёр зүрхээрээ адилхан
Чи бидэн хоёрын нулимс адилхан
Чи бидэн хоёрын инээд адилхан
Чамтай учраарай гэж бурхад намайг ерөөсөн
Чамайг хайрла гэж архад намайг адисласан
Чи бидэн хоёрын хувь тавилан ганцхан
Чи бидэн хоёрын хуримын шөнө ганцхан
Чи бидэн хоёр нэгэн амьны хоёр бие
Чи бидэн хоёр нэгэн биений хоёр амь
Чамтай учруулах гэж тэнгэр намайг хөтөлсөн
Чамайг хайрлуулах гэж газар намайг дагуулсан


                Надад байж болох хамгийн эрхэм сонголт
                 ухаант гэргий чамдаа зориулнам