Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Friday, June 14, 2013

Гийгүүлэхүй

На
Намар
Намрын навчис намрын салхитай найзлахаар одлоо
Намрын шувууд нарны тойрогт саатахаар нислээ
Намрын буга намрыг дуулахаар хоолой заслаа
Намрын найр намрыг үдэхээр шуранхай хадаалаа

Ба
Орчлон
Барих барьцгүй , жолоо цулбуургүй хийсвэр орчлон
Барьц алдмаар, бажгадаж хууртмаар, яг л солонго шиг орчлон
Баруун гараа гасланд, зүүн гараа жаргалд дүрээд
Баруун гараараа нулимс арчиж, зүүнээрээ алгаддаг орчлон

Ха 
Диваажин
Хаа байна диваажин гэж хорвоогоор нэг  бархирч
Хаа сайгүй эрж хайж цөхрөнгөө барлаа би
Харин тэгтэл сэтгэлд минь хээв нэг  орж суучихаад
Хайж явсан диваажин минь тамтай хамт заларч байж

Га
Ертөнц
Гартаа барьж байна би орчлон хорвоог
Гаслан зовлонтой нь, баяр баясалтай нь гартаа барьж байна
Гараар минь дамжаад, бүх биеэр минь цус шиг гүйдэг юм энэ хорвоо
Гарцаагүй тэхлээр би өөрөө хорвоо ертөнц юм

Жа
Гийгүүлэхсэн
Жамаараа яваа ертөнц гэж санаа амаралгүй
Жалга дов тойрсон мухар санаанд авталгүй
Жаран жарнаар орших ид хавыг олоод
Жаахан ч атугай гэрлээр бусдыг гийгүүлэхсэн

За
Залуу нас
Залуу сайхан нас минь  дэндүү хурдан дууслаа даа
Залхуу мунхаг хоёртой дэндүү удаан нөхөрлөлөө дөө
Заяасан биеийн амрыг даан ч дэндүү харлаа даа
Засаг  мөнгө  хоёрт итгэж сүжрэлгүй явлаа даа

Да
Ганцаардал
Дахин дахин   зүүнээс л  мандах юм энэ нар
Дассангүй дээ би энэ улигт эргэлтэнд
Дандаа шинийг үргэлж шинийг хүссээр байгаад
Дасахгүй нь дээ би энэ нар дэлхий хоёрт



Tuesday, June 4, 2013

Эгшиглэхүй

                                           А

Асрын өндөр хөх уулс, асгатай хөх уулс, билүү шиг хөх уулс
Аавын минь өссөн өтөлсөн өнхөрсөн газар шороо юм шүү дээ
Асга чулууды нь алгаараа нэг илээд үзээрэй, үзээд үнэмшээрэй
Анхны цас доороосоо хайлдаг,  халуухан дулаахан дэлхий юм шүү дээ

                                           Э
Эргэх дэлхийн энэтэй хаяанд, эрээн цэцэгтэй  уулсын дунд
Элгэн хадтай, хүрэн асгатай, будан хүзүүвчтэй уулсын дунд
Ээмэгний шигтгээ шиг, эрдэнийн хэлтэрхий шиг нуур бий
Ээж минь энд, ээжийгээ  баярлуулж, дуугаан хадаан мэндэлж байж

                                          И
Ихэрхүү, бас хүнийрхүү цаг хугацааг эвхэж түрийлчихээд
Ихсийн онгонг сэртэл, дэлхийн өвсийг өндийтөл  цуурдах уу
Ингэж л нэг,  удаан мөрөөдсөн өвөг дээдэстэйгээ уулзах уу
Ирэх цагийн цэцэд  мэргэдэд сургаалыг нь дамжуулах уу

                                          О
Орилоод ч нэмэргүй, дуудаад ч сонсохгүй алсын хязгаарт одоод
Одоо дэргэд минь эзгүй , очоод уулзахын аргагүй байгаа
Орчлонд ирэхдээ миний харсан хамгийн эрхэм хүн
Орхиод одсон ээж минь, жинхэнээсээ бурхан, бүтээгч бурхан байсан

                                         У
Улаангомд юм бүхэн бий, дутуу зүйл нэг ч үгүй
Улаан зосоор будсан банзан хашаанууд, улаан тоосгон байшин барилгууд
Улаан навчит намрын модод, навчис хөглөрсөн чулуун гудамжууд
Улаан навчит моддын дундах  учирахуй, хагацахуй, уярахуй, баясахуй  бүгд бий

                                         Ө
Өргөн  дэлхийн хаа нэгтээ, усан дунд ч газрын хээлэнд ч
Өнгөрч баларсныг  буцаагаад авчрах шидтэн байна уу
Өөр юуг ч гуйхгүйээ, аав ээжийг минь л амилуулаад өг
Өртөг хөлсөнд нь санаа зоволтгүйээ, өөрийгөө өгсөн ч чадна би

                                         Ү
Үүрээр намайг нэгэн зүүд сэрээв,  / үргэж цочмоор бас баясмаар зүүд/
Үүрэг нуурын хөх эрэг  дүнхийгээд, доор нуур цэнхэртэнэ
Үхрээ туугаад, хаашаа ч юм  яаран  одох аав минь харагдав
Үүр хээрийнхээ оронд лусын морь унаад хатируулж одох нь үзэгдэв