Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Saturday, August 31, 2013

Цагийн эрхшээлд

Цаг хугацааны эргүүлэгт орж энэ хорвоод ирээд
Цаглашгүй ихийг үзэж, тоолшгүй ихийг сонсжээ
Цагаан хар хос мөр үлдээж,  орчлонг гэмтээсээр
Царцуу хөх ертөнцийн бүх л замыг туулжээ
Цаг гэнэт зогсож, зам харгуй дуусжээ
Цагийн эргүүлэгт өртөж, эндээс тэгээд явжээ

Дурлал

Дурлалын тэнгэр сумныхаа зэвэнд
                   миний сүнсийг түрхээд
Дурын нэгэн лүү биш,
                   ганцхан чамайг онилжээ.

Thursday, August 29, 2013

Диваажингийн үнэр

Шумуул хөлөглөн гэрлийн зүг одхуйяа
Шунгинах дэвэлт нь салхийг яран яран нислээ
Шуугин өнгөрөх салхи чихнээ баахан тээртэй
Шумар дэнгийн халууныг мартуулах ч янзтай
Бороо орохын өмнөх аниргүй бөгчимд
Буруу зөвгүй исгэрэх далавчны чимээнд дасжээ
Уулын толгойд очсон оройн залхуу нар
Улаан царайт өвгөн эвшээх мэт санагдаад
Дэндүү бяцхан шумуулын сонсогдох төдий дуутай
Дэвэх далавчны аясаар диваажин үнэртвэй


Tuesday, August 27, 2013

Зориулав

Цэнхэр хөвчийн модондоо
Дуучин шувууд нь жиргэхлээр
Алсад үлдсэн нутагтаа
Дуулаад очмоор санагдана

Тогоруу явгалах хөндийдөө
Морин зэрэглээ хатирхад
Хүрэн уулсын нутагтаа
Хүрээд очмоор бодогдоно

Тэнгэр болсон буурлууд минь
Угтан тосоод авахгүй чиг
Энгэрийн цэцэгээ дэлгээд
Нутаг минь намайгаа хүлээнээ

Monday, August 26, 2013

Мөрийн хөтөлбөр

Өт шиг нүцгэн ирсэн
Өт шиг нүцгэн буцнаа би
Хонгио шиг хоосон ирсэн
Хонгио шиг хоосон буцнаа би
Хайрын хүчээр төрсөн юмчинь
Хайрласаар байгаад буцнаа би
Хүмүүний сэтгэлд гэрэл нэмэхээр
Хүйлэн орчлонд төрсөн би
Зурсан чүдэнз шиг дүрэлзсээр
Олдсон насаа дуусганаа би

Saturday, August 24, 2013

Эхлэх цаг

Сав шимийн учрыг олон жил бэдэрлээ
Сархаданд хөлчүүрч онгодын нойрыг сэрээлээ

Жингийн цуваа

Жингийн цуваа, нохойг дагажээ
Жингэнэх хонхыг сүүлчийн тэмээнд зүүжээ
Хандсан зүгтээ сажлах энэ цувааг чухам
Хаа хүрэхээр гарсныг мэдэх хүн байхгүй
Бурантагаа сугалсан сүүлчийн тэмээ
Бударгана шүүрсээр бусдаас хоцорчээ
Хөтөч хөвүүн анзаарах ч үгүй
Хөдөх замыг дэмий л хараачилна
Жингийн цуваа алсран холдсоор
Жилийн газрыг нэгэнт туулжээ
Ухаан мулгуу хөтөч хөвүүн
Улаа эргэтэл явган таваргажээ
Тэмээн жин нохойг дагажээ
Тэнэмэл салхи зогдры нь хийсгэжээ
Хоцорч үлдсэн сүүлчийн тэмээ
Хонхоо дуугарган алсад үлджээ

Thursday, August 22, 2013

Дээрэмчдийн хот

Дээд гэгээрлийг олохоор эргэлтгүй шийдэж
Дээхнэ нэгэн хувраг орон өргөө босгожээ
Гэгээнтний босгосон өргөө тэл тэлсээр
Гэм нүглээр дүүрсэн мангасын ходоод болжээ
Дээрэм тонуул аллага хядлага дэлгэрч
Дээрхийн буурин дээр нүгэл бүхэн цэцэглэжээ
Энэ хорвоогийн хамаг бузар гаарч гүйцээд
Энэлэнгийн нулимс газар дэлхийг балчиг болгожээ
Нарангэрэлт маань тэнгэрийн цонхоор есөнтөө хараад
Найдвар тасарч урам нь хугараад харцаа буруулжээ
Босгосон өргөө нь буяныг мартаж нүгэлд унаад
Босоо ороолонгийн үүр болсныг харсан байжээ

Халхын хавтгайд

Халхын хавтгайд амьдрал буцалж байдаг
Зарим нь гэгээрэлд хүрч байхад
      зарим нь булан талхны төлөө бусдыг хөнөөж байдаг
Зүрхээ өгөөд зарим нь дурлалцаж байхад
      зүсээ буруулж зарим нь үзэн ядалцаж байдаг
Цатгалдаад зарим нь буцааж бөөлжиж байхад
     өлсгөлөнгөөр зарим нь нүд аниж байдаг
Халхын хавтгайд амьдрал буцалж байдаг
Зарим нь хайрын дотор төрж байхад
      зарим нь занал хорслын доор төрдөг
Уй гашуугаар заримыг нь үдэж байхад
      баяр хөөрөөр заримыг нь үддэг
Нулимсандаа зарим нь живж байхад
     инээдэндээ зарим нь хахаж байдаг
Халхын хавтгайд олон олон үйл өрнөж
     амьдрал буцалж байдаг
Халхын хавтгайд амьдархад
     заримдаа баярлан дэвхэцмээр
        заримдаа галзуурч солиормоор
Халхын хавтгайд уйдахгүй

Wednesday, August 21, 2013

Цэвэр сэтгэл

Сэтгэлийг  минь  угаасаар  гашуун болсон юм нулимс минь
Нулимсанд угаагдаад цэвэрлэгдсэн юм сэтгэл минь
Нэр ашиг уруу тэмүүлж явсан гэнэн насаа
Нээрэн би хичнээн их өрөвдөнө вэ

Хувийн шүлэг

Эрдэнийн цагаан үүл гэрэлтэж харагдав
Ээжийн минь дүр тодроод ирэв
Эндсэн үрийг минь тэвэрсэн харагдав

Асар тэнгэр гэрэлтэж харагдав
Аав минь тэнд морьтойгоо харагдав
Алдагдсан үрийг минь эрхлүүлж харагдав

Аав ээж минь бурхад байжээ
Авралын дээд архад байжээ
Нүгэл үйлдээгүй цэвэр сэтгэлтэй
Нүцгэн үр минь дэргэд нь очжээ