Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Thursday, December 15, 2011

Дөрвөн цаг

   Хавар
Хүүхдийн цээлхэн инээдэнд хорвоо дэлхий бүлээсвээ
Хөндий талын цэцгүүд сэрвэсхийтэл ургаваа
Хүйлэн хөх зэрэглээ тодорч бүдгэрч наадваа
Хөхүүртэй цэгээ ганзагалсан морьтон шиг харагдваа
    Зун
Уулын модонд хөхөөн дуун цаанаа  нэг л уянгатай
Усны хөвөөнд том багагүй , чухам нэг л жаргалтай
Уяран дуулмаар хан хорвоогийн өнгө нь нэг л тодхон
Уйтгар гунигийг угаасан бороо нь хүртэл солонготой
    Намар
Найрын гурван сар нь хөхүүрээн аваад буцлаа
Намираа цагаан бороо хацар норгон урслаа
Настай ээжээ санасан нулимстай минь цуг урслаа
Насны шувуу санчиганд минь сөдөө наагаад нислээ
     Өвөл
Цасан хөнжил дэлхийг хучаад ачаа мэт хүндэрчээ
Цагийн модод цасыг  даахгүй гунихрах мэт бөгтийжээ
Өвөл цагаар хорвоо бүхэлдээ цайвар агаад буурайхан
Өвгөд эмгэдийн тэргүүн адил цаанаа нэг л бууралхан

Sunday, November 6, 2011

Энэ юу вэ

Миний бичсэн шүлгэнцрүүд хэн нэгэнд нь хэрэг болсон бололтой.
Ханьдаа,  Охин минь гэсэн хоёр бичлэг маань өөр хүний нэрээр энэ долоо хоногийн "INFO TV" сэтгүүлийн эхний нүүрэнд хэвлэгдэж орхиж.
Энэ хулгай юу, юу вэ?

Saturday, October 22, 2011

Бүүвэй бүүвэй


Алдрай бяцхан үр минь бүүвэй бүүвэй
Аз жаргалын цэцэгхэн   минь   бүүвэй бүүвэй
Хан хурмастын элчхэн    минь бүүвэй  бүүвэй
Хайртай жаахан охин минь бүүвэй бүүвэй

Дэгдээхий  жаахан үр минь бүүвэй бүүвэй
Дэлгэрч яваа цэцэгхэн  минь бүүвэй  бүүвэй
Дэлхийд ирсэн элчхэн минь бүүвэй  бүүвэй
Дэндүү хайртай охин минь бүүвэй бүүвэй

Энхрий  жаахан үр минь бүүвэй бүүвэй
Эрх нялх цэцэгхэн минь бүүвэй  бүүвэй
Энх амгалангийн элчхэн минь бүүвэй  бүүвэй
Мөнх тунгалагхан  охин минь бүүвэй бүүвэй

Thursday, August 4, 2011

Жаргалтайн дэлгэр долоон сар

Долоон сар угаасаа монголчуудын сар бололтой.
Миний эргэн тойрныхон л долоон сар гарангуут догдлоод эхэлдэг юм.
Наадамдаа бэлдэх олныг харж догдолно.
Наадамчдыг харж догдолно.
*******
Хүүхэд байхдаа аавтайгаа үзсэн наадам санаанаас гардаггүй юм.
Аав маань өөрийн найз улсын зааны цүнхтэй хувцсыг барьж хөөргий нь өвөртөлчөөд намайг анхаарах сөгөөгүй бүсий нь мушгиж өндөлзөж суудагсан.
Хөөрхий талийгч заан тэр үед нэг их олон давахгүй ч гэлээ бас ч гэж түргэн шуурхай уран гоё барилдаанаа үзүүлсээр л байсан үе.
Сониноос тэр наадмаар заан, манай аавд хөөргөө бэлэглэсэн нь одоо ч байгаа.
********
Гучин наадам үзэхдээ өнөө жилийнх шиг урт, бас гоё наадам байгаагүй санагдана.
Арван хоёрны шөнө наадам дууслаа гэж бодсон чинь болоогүй байжээ.
Арван жилийн найзуудтайгаа Тэрэлжид өнгөрүүлсэн нэг хоног, энэ гучин жилийн хамгийн дурсамжтай өдрүүдийн нэг боллоо.
Миний хийсэн шорлого тэдэнд таалагдсан бололтой.
Харин тэдний маань жаргалтай, бага зэрэг халамцуу царай л намайг илүү жаргалтай болгож байв.
*********
Харин Тэрэлжийн голын усыг "нөгөө хоёр" хөлөөрөө туучихад, санаа дагаад ч тэр үү, сэрүүн тунгалаг урсгал нь бүх биеээр гүйх мэт тэр гэхийн тэмдэггүй таатай мэдрэмж төрж байлаа.
"Тий тий яасан хүйтэн ус вэ?" хэмээн намайг дуу алдахад найзууд маань хөгжилдөн инээлдэж байсан нь бас л нэг жаргал.
*********
Урьд нь зөвхөн гэр бүлээрээ наадамддаг байсан бол энэ жил найз нөхөдтэйгээ наадлаа.
Гучин жилийн тэртээ Баянаа аварга түрүүлж Цэрэнтогтох аварга үзүүрлэж байж.
Гучин жилийн тэртээ Тулгаа заан одтой хийморьтой сайхан барилдаж, хотол наадамчдаа шуугиулж байж.
Гучин жилийн тэртээ аав ээж хоёр минь жаргалтай болж байж.
Гучин жилийн тэртээ, улс монголынхоо хилийг сэтгэл зүрхээрээ манах нэгэн хөвүүн хорвоод мэндэлж байж.
Ай хөөрхий жаргалтайн дэлгэр долоон сар мину.
Монгол түмний минь долоон сар мину.

Wednesday, June 22, 2011

Аавын үнэр

Хэдэн үе дамжсаныг хэн ч үл мэдэх адууны саран тамга манайд бий.
Манай гэрийн гол шүтээний буланд, тэр тамга, бас “Даян гүү” хэмээх даавуун дээр зурсан бурхан, аавын бүс, хөөрөг мэтсийн цомхон зүйлс байдаг.
Даян гүү, саран тамга хоёр  ч яахав намайг мэдээ орсон цагаас манай гэрийн хойморт эмээгийн онго натигайтай цуг оршсоор ирсэн.
***********
Хэдэн жилийн өмнөөс, эгч маань бөөгийн сахиус авч, улаач болсноос хойш манайд, манай хойморт байх болсон юм.
Харин аавын бүс, хөөрөг хоёрыг би сайн дураараа шүтээн болгон тахисаар ирлээ.
Аавыгаа санахдаа би бүс хөөрөг хоёрыг нь үнэртдэг.
Чухам тэр агшинд, хорвоогийн хамгийн мундаг хүн болох, аавын минь амьд ахуйн үнэр хамар нармайд мэдрэгдэж, халуун бүлээн өвөрт нь тэврүүлэх мэт хачин сайхан мэдрэмж төрдөг  юм.
***********
Тэр мэдрэмжийн дотор, холын аянаас буцаж ирээд духан дээр минь үнэрлэн үнэсэх,  зүггүйтэхэд минь ороолгох тэлээний үнэр холилдон, ертөнцийн, үгээр хэлж дийлэшгүй  нэг тийм гэхийн аргагүй зүрх огшоосон үнэр ханхалдаг.
Тэнгэрийн орноо одоод арван хэдэн жилийг үдээд байхдаа ч  үнэрээрээ  намайгаа энхрийлэн эрхлүүлж, зандран загнах аав мину.
***********
Таныхаан, өвөг дээдсийнхээн гал голомтыг унтраалгүй сахин явахдаа, таныхаа сэтгэлд дотно тэр үнэрийг муу хүү чинь мартаагүй л явна.
Өдий идэр насандаа, үр хүүхдүүддээ мартагдахааргүй дурсамж үлдээж чадаагүй яваа бядуу хүүгээ аав минь өршөө.
Сыгыдай, Саяана хоёртоо өвөг дээсийнхээ хүн чанарыг л үлдээе дээ.
**********
Уул шугамандаа би эцэг хүн.
Харин миний үнэрийг хожим хойно үр ач минь мэдрэх болов уу.

Wednesday, June 15, 2011

Аврагч

Эмч залуу хариуцлага алджээ.
Үнэндээ  туршлага дутсан ч байж мэдэх.
Тэрээр хүнд өвчнөөр шаналсан  нэгэн бяцхан хөвүүнд буруу онош тавьж, буруу оношоороо эмчлээд үхэлд хүргэсэн аж.
*********
Хүүгийн эцэг эх болох  хос хоёр залуу галзуурахад ганц хуруу дутуу байлаа.
Хүүхэд нь буруу оношлогдсоноос болж эндсэн гэдгийг мэдсэнгүй.
Зүгээр өвчин хүндрээд, эмнэлэг эмч хоёрт дийлдсэнгүй л гэж ойлгоцгоожээ.
*********
Харин эмч залуу хариуцлага алдсанаа нуугаад өнгөрөв.
Уул шугамандаа түүний ажилладаг  тасгийнх нь бусад эмч нар хуйвалдаж өнгөрөөжээ.
Тэрнийхээ төлөөсөнд хамтрагч нараа баардуулж,  дайллаа.
Тасгийнхаа эрхлэгчид тусгайд нь бэлэг сэлт гардуулж, хойшдын замаа ч засаж амжив.
*********
Тасартлаа ууцгаасан эмч нар гэр гэртээ харьцгааж,  эмч  залуу ч гэрээ зүглэв.
Гэртээ иртэл,  саяхан ханилсан эхнэр нь цаг наргүй ажилтай эр нөхрөө хаяад арилжээ.
Цочиж, цочирдсон эмч залуу, эхнэрээ эргүүлж авч ирэхээр хадмынх уруугаа яарав.
Тэгээд  гараажаас машинаа асаан гарлаа.
*********
Налайхын замд аймшигт осол гарчээ.
Спорт загварын япон тэрэг, өөдөөс ирсэн ачааны том тэрэгтэй мөргөлдөөд, замын хажуу уруу онхолдож, хэд хэд хөрвөөгөөд базсан цаас шиг болчихсон байв.
Жолооч нь шал согтуу байх агаад, шамшийж орхисон машинаасаа гарч чадахгүй ухаан нь балартсан байлаа.
********
Аврагчид,  түргэний эмч, замын цагдаагийнхан бүгд тэр даруй хүрч очжээ.
Машины сэгэн дотроос жолоочийг нь гаргаж авах гэж бүх хүчээ дайчилцгаав.
Ямартаа ч хүн танихын аргагүй болчихсон жолоочийг амьтай голтой юм гаргаж авчээ.
Тэдний дотроос нэгэн шавилхан биетэй залуу бусдаас илүү идэвхийлэн ажиллаж,  дөнгөж гаргаж ирсэн жолоочид, хиймэл амьсгаа хийж ухаан оруулсан байна.
********
Үхэл хагацал гэдгийг биеэрээ мэдэрч хаширчихсан тэр аврагч, шавилхан биетэй залуу, бэртсэн жолоочийг үхчих вий гэхээс яс хавтайж байлаа.
Хэрэв үхчихвэл, бас нэгэн эх, нэгэн эцэг, нэгэн бяцхан үр, нэгэн халамжит хань өнчирч хоцрох болно гэж бодож байв.
Учир нь тэр хэдхэн хоногийн өмнө хайрт үрээсээ хагацаад өнчирч үлдсэн эцэг билээ.
*********
Жолооч залуу, олон сар хэвтэж эмчлүүлсний эцэст хөл дээрээ босчээ.
Өөрийнх нь амийг аварсан, аврах албаны гурван ажилтанд  баярласан талархсанаа илэрхийлэх гэтэл ямар ч боломжгүй болсон байжээ.
Галын аюулаас хүний амь аварч яваад хоёр нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байлаа.
Үлдсэн нэг нь мөнөөхөн өөрийнх нь буруугаас эндсэн бяцхан хүүгийн аав байжээ.

Wednesday, June 1, 2011

Хогчин

Хөдөөнөөс хотод шилжиж ирсэн нэгэн эр байх.
Хоногийн хоолоо залгуулах гэж хог түүнэ.
Хэдэн жилийн өмнө нүүрлэсэн их зуднаар байдагаа бараад хот бараадсан нь энэ.
********
Хогноос юу эс гарах вэ дээ.
Шил, лааз, ундааны сав олдвол  өдрийн баяр л гэсэн үг.
Завааруулж хаясан тантангаас гарахгүй юм ч гэж байхгүй.
Холын хөдөөд эрдэнэ болмоор зарим юм энд өмхий ялгадасан дотор хэвтэх нь бий.
********
Хоолны үлдэгдэл, хатаагаад хаясан бүтэн талх, гутал хувцас, хэрэглэсэн хэрэглээгүй бэлгэвч, нялх хүүхдийн живхтэй ялгадас, томчуулын гялгар ууттай  өтгөн шингэн дундаас өөрт хэрэгтэйгээ ухаж төнхөж гаргаж авна.
Өдөржингөө хог түүгээд заримдаа, талхны ч мөнгөгүй харьдаг байхад,
 заримдаа хоёр гурван шуудай  ундааны сав, архины шилтэй буцах нь ч бий.
*********
Дунд баазын албан тушаалтай,  хээнцэр туяхан бүсгүй байх.
Нэгэн том даргын нарийн бичиг хийдэг хэрэг л дээ.
Залуухан, царайлаг, бие хаа  нуруу туруу гэж ёстой л хангайн согоо.
Загварын тайзан дээр гунхалзаж явмаар, эсвэл дэлхийн гоо бүсгүйчүүлтэй өрсөлдөж явмаар сайхан амьтан.
*********
Саяхь хүүхэн гэтэл энэ бүхэнтэй хавьцахгүй ажлаар хоолоо олж иднэ.
Дарга  нь   шударга  эр  хүн биш ажээ.
Даргын бусармаг явдал нэмэгдэх тутам, бүсгүйн өдрийн тэмдэглэл улам бүр "уншууртай"  болно.
Хааяа өдрийн тэмдэглэлээ сөхөж даргынхаа өнгөрсөн паянг сануулж мөнгө саана.
*********
Өдрийн тэмдэглэл өргөжих тусам бүсгүйн түрийвч зузаарна.
Түрийвч зузаарах тусам  авах идэхүйн шунал тачаалын гал нь улам дүрэлзэнэ.
Тэр хэрээр хэрэглээ нь ч тансагжина.
Хэрэглээгээ дагаад даргыг саах нь ч  улам даамжирна.
**********
Даргын бусармаг явдлуудаас бүсгүйн өдрийн тэмдэглэлд ороогүй үлдсэн зүйл огт байхгүй.
Авилга хээл хахууль, архидалт, хүүхэндэлт, аллага, дарамтлал гээд хорвоо дээр байж болох муу муухай бүхэн  бүсгүйд тэмдэглэгджээ.
Ёстой л хогийн тантан гэсэн үг.
Бүсгүй  энэ хогийн тантангаа өдөр бүр ухдаг болжээ.
**********
Хог түүдэг эр, ердөө л ажил олдохгүйн улмаас ар гэрээ тэжээх арга олсон нь тэр.
Гоо бүсгүй харин бусдын хогийг  ухахдаа тэндээс гарах өмхий самхайг огтхон ч үл анзаарна.

Monday, May 30, 2011

Сыгыдай


Аанж,   хүүтэй болсондоо баярлаад нөгөө муу хоёр мухар  хөл нь газар хүрэхгүй байв.
Хэт их баярлаад, тэргэнцэр дээрээ дэвхцэх шахаж байлаа.
Бодоод байхнээ их эзэн хааны төрсөн өдрөөр хүү төржээ.
Нэр нь хүндэднэ гэж эмээгээд, хүүдээ их хааны нэр алдрыг өвлүүлж төвдсөнгүй.
Харин,  их хааны, омог төгөлдөр, эрэлхэг зоригт  хоёрдугаар хөвгүүний нэрийг билэгшээн өгчээ.
********
Сыгыдайг зургаан настайд нь сургуульд оруулжээ.
Угийн хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд тул багш нь Сыгыдайг хамгийн урд талын ширээнд суулгасан байв.
Юм л бол хойш урагш харж дэгдэгнээд, нэг бол босож гүйгээд хичээл дээр ер зүгээр суудаггүй хүүхэд аж.
Нөгөө, нялх тугал бараас айдаггүйн үлгэрээр, багшаасаа эмээнэ гэж байхгүй.
Тэвчээр нь барагдсан багш нь Сыгыдайг чихнээс нь хөтөлж авчраад ширээнд нь суулгатал, өвдсөндөө болоод уйлчихсан.
Тэгээд багш уруугаа ууртай нүдээр хялайж,  "Чамайг аавд  хэлнэ" гэж сүрдүүлсэн гэдэг.
*********
Сургуульд ороод удаагүй байхдаа л баахан найз нөхөдтэй болчихсон байна.
Тэдний нэг нь Мөнхөөнөө гэх дэрчгэр туранхай бор жаал.
Сыгыдай Мөнхөөнөө  хоёр байнга хамт.
Мөнхөөнөөд ах нь гадаадаас айхтар том аалз хэдэн жилийн өмнө авч ирж бэлэглэжээ.
Гэрийнхэн нь нөгөө аалзнаас нь зэвүүцээд, алга хий, зайлуул гээд үглээд байдаг юм гэнэ.
Тэрийгээ найз Сыгыдайдаа бэлэглэсэн нь бий.
Дунд гарын аяганы дайтай  аварга аалз, хархад нүдэнд хүйтэн зэвүүн ч гэлээ, дасаад ирэхээр тун ч эелдэг, зөөлөн тэр  амьтан,  Сыгыдайн гэр бүлийн нэг гишүүн болж амжсан.
Гэрийнхэний хэнээс ч айхгүй, зөөлхөн үсэрхүү хөлөөрөө гар хөл хүзүү нүүрээр нь тэмтчин гүйж  эрхэлнэ.
Аалзандаа Сыгыдай нэр өх гэж удаан бодсоны эцэст  "Маахай" гэж нэрлэжээ.
*********
Байрны гадаа багачууд тоглох нь тоглож, хөөцөлдөх нь хөөцөлдөөд зуны жирийн л нэг өдөр.
Хүүхдүүдийн цовоо цолгин, цаанаа л нэг гэгээлэг цангинасан инээд, дуу шуугиан тасрахгүй.
Зам дээр маузаар тоглож байгаа өөрийнхөө үеийн жаалуудыг Сыгыдай сониуч нүдээр харан зогсоно.
Тэгснээ, нэг жаалтай  тохиролцсон бололтой, маузы нь унаж баахан жирийлгэснээ ирж төлбөрөө барагдуулах бололтой.
Тэр нь мөнөөх том биетэй аалзаа харуулна гээд амалчихсан юмсанж.
Нөгөө маузны эзэн жаал Сыгыдайгийн аалзнаас айж орилоод, аалз нь хүүгийн хашгираанаас айж тэвдээд орох газраа олж ядан сандчаад мөн ч хөгийн юм болж билээ.
*********
Өнгөрсөн намар Аанжынх бүл нэмж, хөөрхөн охинтой болжээ.
Сыгыдай  дүүдээ хайртай гэж жигтэйхэн.
Өөрийнхөө хамаг нандин бүхнээ, дүүдээ бэлэглэхээр амалчихсан.
Хичээлийн хэрэглэлүүдээ, роликоо, бүр Маахайгаа хүртэл шүү.
*********
Сыгыдай хөвүүн энэ өдөр найман нас хүрлээ.
Аав ээж  охин дүүтэйгээ хамт гадуур явж баяраа тэмдэглэхээр догдолно

Sunday, May 15, 2011

Өндөр хээр буюу хүний мөс

Жанлав өвгөн хүнд өвчинд нэрвэгдээд их удаан хэвтэв.
Зуны гурван сарыг өргөмөл ганц хүү, эмгэн хоёрынхоо асрамжинд өнгөрөөгөөд, намаржаандаа  ганцхан хоноод бурханы орноо одов.
**********
Жанлавт хэдэн сайхан морь байдаг.
Тэдний дундаас өндөр хээр морио л унана.
Өндөр хээр морь, Жанлав хоёр бараг ах дүү, аав хүү шиг ижилдсэн хоёр билээ.
Өндөр хээр уг нь их номхон морь.
**********
Сумын төвийн хашаан дотроо морь эзэн хоёр, яг л аав хүү хоёр шиг аяглана.
Жанлавыг гэрээсээ гарч хашаан дотуураа нааш цааш холхиход өндөр хээр,  эзнийхээ мөрөн дээр эрүүгээ тавин дагана.
Гэртээ орох хүртэл нь ингэж дагасаар, үүдэн дээр үүрссээр үлдэнэ.
Гэтэл Жанлаваас өөр хэнийг ч ойртуулахгүй.
*********
Хавар морь дэллэх үеэр нэг удаа нутгийн залуус өндөр хээрийн дэлийг засах санаатай оролдоод     ер барсангүй.
Өндөр хээр  яг л зэрлэг догшин араатан. бар арслан мэт догширч, чөдөр тушаа бүхнийг тасар татан цамнав.
Залуус цөхрөнгөө бараад Жанлав гуайг дуудуулжээ.
*********
Жанлав өвгөн бугуйлаа мөрөндөө эгэлдэргэлсээр ирээд адууны захаас гуруйлбал, эзнийхээ дууг таньсан өндөр хээр үүрссээр ирж дэргэд нь зогсов.
Жанлав,  хээр мориндоо хандаж, "Яагаад байгаа юм дээ. дэлээ авахуулчихгүй.  Хамаг амьтан бужигнуулаад, яаж байгаа юм" хэмээн өхөөрдөх, зэмлэх хослуулан өгүүлбэл хээр морь гэмших мэт үүрсэн зогсоно.
Жанлав,   залуусын нэгнээс хайчы нь гуйж аваад, өндөр хээрийгээ дэллэж билээ.
*********
Жанлавыг өвчтэй хэвтэж байхад, хээр морь ижлээсээ тасран ирж гэрийнхээ ойр эргэлдэж байдаг болов.
Жанлавын хүү нь тэнэг ч гэмээр алдаа хийсэн нь хээр морийг барьж аргамжсан хэрэг байлаа.
Нэгэнт хүрээд ирсэн морийг барьж аргамжиж хоноод, маргааш нь ижилд нь нийлүүлэх гэсэн биш хэрэг бурууджээ.
**********
Өндөр хээр, хүүг ирэхэд үүрссээр ойртов.
Анзааргатай хүн байсан бол өндөр хээрийн нүдэнд нулимс цийлэгнэж байгааг харах байлаа.
Өндөр хээрийг гэрийнхээ ойр аргамжиж орхижээ.
Тэр шөнө Жанлав өвгөний бие муудаж эхэллээ.
Сахиж хоносон, эмгэн,   хүү,  өвгөний хамаатны хоёр гурван хүн хэрэндээ л  тэвдэж хонов.
**********
Өглөө болоход өвгөний ухаан саруулшиж, өргөмөл ганц хүүдээ сүүлчийн үгээ захиж байлаа.
Хээр морь яасан ийснийг анзаарах сөгөөтэй хүн гарсангүй.
Эмгэн, хүү хоёр өвгөний ая талыг харсаар бүхнийг огоорсон байжээ.
Харин хээр морь аргамжааны суртайгаа алдуурсан ч бүү мэд, хулгайлагдсан нь ч бүү мэд алга болсон байжээ.
*********
Үдийн үед өвгөн тэнгэрт халив.
Үдээс хойш хээр морь алга болсныг мэдэцгээжээ.
Алдуураад ижилдээ нийлсэн байх гээд тооцгоосон ч үгүй.
Жанлав өвгөний ажил явдал өнгөрөөд, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж байлаа.
Өвгөний хүү хээр мориныхоо сургийг гаргахаар адуун дээр ирсэн боловч алга байжээ.
*********
Батсүх  зуслангаас намаржаандаа  нүүдэл хийх тэмээнийхээ эрэлд яваад нилээн оройтов.
Шөнө дундын үед ойролцоо зусаж байгаа Жанлав өвгөний хот айлын урдуур алсуур тойрсхийн ергүүлж яваад,  нэг нутгийн  Амар Далай гэгч хоёр залуу өвгөний өндөр хээрийг хөтөлж яваатай халз таарчээ.
Тэдний хэн нь ч тоймтой юм хэлж чадсангүй, мэнд мэдэх төдий болоо  л, зөрцгөөв.
*********
Батсүхийн хонь Амарын хоньтой нийлчихжээ.
Амар Батсүх хоёр хонио ялгах гэж бөөн хэрүүл хараал болцгоов.
Батсүх Амарыг давахын тулд бүрлээч Жанлав өвгөний  хээр морийг хөтөлж явсны нь үгийн далиманд  сануулж байв
Амар Батсүхийн хониноос монжих гэж оролдсон нь бүтэлгүйтжээ.
*********
Хэд хоногийн хойно нутгийн залуус нийлж өвлийнхөө түлээ түлшийг бэлдэхээр ууланд гарцгаав.
Тэдний дотор Батсүх, Амар Далай нар ч багталцжээ.
Арваад хоногийн дотор өвлийнхөө түлээг бэлдхээр явсан улс, тэр оройгоо бөөн уй гашуу чирч иржээ.
*********
Амар Батсүхтэй маргаснаа Далайд хэлжээ.
Тэгээд хоёул үгсэж, Батсүхийг тонилгохоор тохирлоо.
Тохиромжтой цаг нь  ирэв.
Амар Далай хоёр, эвий нь тааруулж байгаад гэрчээс салсан нь тэр ажээ

Saturday, April 30, 2011

Ээжийгээ санаад

Харууслаа би,  ээжийнхээ хойноос
Харамлалаа би, эрлэгийн хаанаас
Гэмшлээ би, ээжийнхээ хойноос
Гэгэлгэн сэтгэл минь  эмтэрлээ

Уйллаа би, ээжийнхээ хойноос
Ухаарлаа би, энэхэн хорвоог
Дуудлаа би ээжийнхээ хойноос
Дууллаа би, ээжийгээ санаад

Уйлан дуудлаа  чиг ээжийнхээ хойноос
Уяран дууллаа чиг ээжийгээ санаад
Уулзах аргагүй зөндөө холдлоо ч
Унтах нойрноор зүүдэнд ирнээ

Thursday, April 21, 2011

Ээждээ бичсэн захидал

Арван нас ч хүрээгүй бяцхан охинд хэзээ ч эдгэшгүй аймшигт өвчин тусчээ.
Хорвоо ямар хүний зовлон зүдгүүрт цадна ханана гэж байх биш дээ.
Охиныг зургаахан сартай байхад ээж нь яг энэ өвчнөөр өөд болсон аж.
Харин эцэг нь охинтойгоо үлдсэн.
*******
Охины эцэг өвчтэй охиноо гэртээ орхичихоод ажилдаа гарна.
Ажил нь,  бараан зах дээр.
Наймаачдын барааг чингэлэгнээс лангуу уруу, лангуунаас чингэлэг үрүү зөөж хоёр амаа тэжээнэ.
*******
Охин ээжээ зөвхөн зургаар нь л мэднэ.
Ухаан орсон цагаасаа ээжийгээ зүүдэлдэг болсон байлаа.
Ээж нь охиндоо зүүдээр нь дамжин хааяа ирдэг байсан бол, сүүлийн үед шөнө бүр ирдэг болсон аж.
Харин охиныг өвчнийхөө тухай мэдэж авснаас хойш ээж нь ер ирсэнгүй.
Эжийгээ санахдаа охин доорхи захиаг бичжээ.
*******
Ээжээ...
Та ойрдоо яагаад ирэхгүй байна вэ?
Би таныгаа ямар их санаж байна гээч?
Аав ирэх болоогүй л байна.
Аав ажлаа тараад замаараа надын эмийг авч ирэх болохоор бүр ч оройтох байх.
Та аавын хажууд байдаг ч болоосой.
Аав заримдаа шөнө босоод гал зуухны өрөөнд орж надаас нуугдаж уйлдаг болчихсон.
Ээжээ...
Би урьд шөнө бие засаж яваад аавын уйлж байгааг харсан.
Аав гэрлээ асаачихсан байсан юм чинь.
Гарынх нь салаа болгоноор нулимс нь урсаа л байна лээ.
Аавыгаа би маш их өрөвдсөөн.
Аавд яг одоо та л хэрэгтэй байна ээжээ.
Болдогсон бол таныгаа тэр холын орноос авч ирээд аавдаа хань болгохсон.
Эртээр ирсэн эмч намайг найдваргүй гэж хэлсээн.
Тэхдээ надаа хэлээгүй, аавыг дагуулж гараад хэлж байгаа нь хаалганы завсраар сонсогдсон юм чинь.
Аав хоолоо ердөө ч идэхгүй юмаа.
Намайг унтаж байхад яваад бүүр орой ирдэг болохоор би гэртээ ганцаараа л хоолоо иддэг.
Тэхдээ заримдаа эрт ирдэг л дээ.
Эрт  ирэхээрээ "Охиндоо гоё хоол хийж өгнөө"  гээд миний дуртай будаатай хуурга хийдэг.
Ээжээ...
Би аавдаа маш их санаа зовж байнаа.
Намайг байхгүй болчихоор аав минь их ганцаардах байхаа.
Ганцаараа байх муухай.
Ээжээ.. Би удахгүй тань дээр очих болуу, эсвэл ондоо  тийшээ очих болуу?
Тань дээрээ очдог бол мөн гоёо.
Харин аав маань л ганцаараа шөнө болгон уйлах байх даа, тиймээ ээжээ.
*********
Хэдэн сарын дараа охин үнэхээр ээж дээрээ очжээ.

Tuesday, April 12, 2011

Бурхдын эрхшээлд...

Солиорч гүйцсэн бурхдын эрхшээлд
Сохор хүн шиг тэмтчин хөтлүүлж
Солирт хорвоог туучиж явахдаа
Сохор хорхойг ч онож гишгээгүй

Харваж яваа солирын тухай
Харуулдаж унасан толирын тухай
Тэнгэр бурхдын тургисан шүлс
Тэмтчигч намайг оносон тухай

Бичихгүй байж чадахгүйн тухай
Битүүлэн нууж болохгүйн  тухай
Бие сэтгэл эрхгүй болоод
Бийрэн лааны насгүйн тухай

Тэнэглэж бодох минь энүүхэндээ
Тэнгэрийн таалал юм шүү дээ

Thursday, March 31, 2011

Помпейн сүүлчийн шөнө

Уул нь энэ явдал гэгээн цагаан өдрөөр болсон юм.
Харин энэ өдрийн нар, тэнгэр цөм харанхуйн хар далайд умбаж, од сар ч үзэгдэхгүй болсноос шөнө хэмээн нэрийдвэй.
*********
Тэр өглөө тэнгэр цэлмэг, тахиа донгоддогоороо донгодож, үүр цайдгаараа цайж, нар маддагаараа мандаж,  амьдрал буцалж эхэлсэн юм.
Гэтэл бага үдийн алдад, Везувий уулын оройг харанхуй манан   бүрхээд, тэр манан аажмаар ихсэж, манангийн зүгээс халуун салхи үлээж эхлэв.
*********
Хүмүүс андуурсан байжээ.
Андуурснаа мэдэх хүртэл, тэр мананг Зевсийн сүмийн тахилч ламаас бусад нь  ер тоосонгүй.
Харин ноход улин гасалж, муур тахианууд орох байх газраа олж ядан сандралдаж байхад хүмүүс л анзаарахгүй, анзаарсан ч тоож үзэхгүй байлаа.
*********
Тэр өдөр  нэгэн дайчин эр хорвоод мэндэлснээ зарлан, часхийтэл уйлж, нэгэн эхийн баярын нулимс ядарч сульдсан хацрын даган бөмбөрч байв.
Шинэ дайчны аав, язгууртан залуу аав болсноо тунхаглан усан үзмийн дарсанд халамцаад, халамцсандаа өөрийн боолуудынхаа тэн хагасыг чөлөөлөв.
*********
Тэр өдөр нэгэн баатар дайчин, удам залгах идэрхэн хүүдээ харвах намнах, илдээр тулалдах эрдмийг заан хичээллээд, хөлсөө урсган байв.
Баатар эрийн эхнэр язгууртан бүсгүй хажуу гудмаар өнгөрөх хуримын урт цувааг харан, залуу насаа дурсана.
*********
Тэр өдөр хуриманд уригдсан, чөлөөлөгдөөд удаагүй байгаа тариачид хатуу дарсанд халамцаад, нөмрөн ирэх аюулыг үл тоомсрон гуйвлана.
Хуримлагч хосууд жаргалдаа умбаад, зочид гийчдийн өмнө бал бурманд хөлчөөд, үнсэлцэн таалалцан байна.
*********
Угаасаа чөлөөт иргэн байгаа  нэгэн ядуулаг айлын хүүхдүүд, эндүүр өнгөрөх хуримын чихэр жимснээс горьдон, сайртай гараа монцойлгон сууцгаагаад, исгээгүй талхны өөдөс ч болов олоод идчихийг хүсэмжилнэ.
Ажилдаа дарагдан түүртсэн эцэг нь чөлөөт иргэн болж төрсөндөө баясавч, хоногийн хоолны бядууд цухалдана.
Эр нөхрийнхөө олж ирсэнд сэтгэл нь цадаагүй эхнэр хэрүүлийн үгсийг шидлээстэй.
********
Захын гудмаар нэгэн язгууртан хүний оршуулгын цуваа хүндэтгэлтэйгээр өнгөрч явах бөгөөд, гантиг чулуун австай шарилыг олон нүцгэн боол мөрөн дээрээ өргөн явна.
Насаар нөхрөөсөө үе мултарсан залуу бүсгүй гашуудлын хар нөмрөг хэдэрч, нүүрээ гивлүүрээр хагас халхлан алхана.
Хөгшин авааль нөхөр талийвч, залуухан нууц амрагтай байгаадаа сэтгэл цатгалан боловч, гаднаа энийгээ ил үл харагдуулан, худал гашуудагч болон явна.
********
Сүмийн тахилч, туслахуудаа тал тал тийш илгээн түгшүүрийн мэдээг дамжуулаад, өөрөө харанга дэлдэн түгшүүр зарласан боловч хэн ч тоосонгүй.
Тэр их хотын дээгүүр үнс нурман манан нүүгэлтэн, асар хурдан тархаж, халуун хайлмаг хуйлран бууж, хад чулуун бороо асгарч эхлэхэд бүгд мэгдэн сандарч хандсан зүгтээ гүйлдэж гарлаа.
********
Хамгийн түрүүнд хуримлагч хосууд энэ гэнэтийн цохилтонд өртөөд, дуулж байсан дуугаа ч дуусгаж амжилгүй үнс нурманд булагдав.
Энэ бүхнийг харж мэдсэн нэгэн баян худалдаачин өөрийн боолуудаа чөлөөлөхийг амлаад, алт эрдэнэстэй авдараа авахад нь туслахыг  хүслээ.
Чөлөөлөлтийн сургаар бүх боолууд нь арван хүн арай хийн өргөдөг алт эрдэнэсий нь дамжилан гарцгаав.
Харин  эзэн нь гэрээсээ гарч амжилгүй галтай нурам, халуун хайлмалд дарагдан орь дуу болон эцэслэлээ.
********
Гадаа гарч амжсан боолууд, эрх  чөлөөтэй болсноо мэдрээд, эзнийхээ алт мөнгийг хувааж авахаар яаран тохиролцоод онгойлгожээ.
Хамгийн ард зогссон хамгийн  жижиг биетэй нэгэн боол бусдыгаа ар нуруунаас нь мэсээр дүрж аллаа.
Тэгээд алтыг авах гэтэл дээрээс нь хад чулуун бороо, халуун нурамтай холилдон буух нь тэр.
********
Шинэ нярайлсан эх,  гадаа гудамжинд болж байгаа үймээн шуугианыг сонсоод,  муу совин татаад дэргэдийн шивэгчин боолоо явуулж харуулав.
Шивэгчин эргэж ирэхдээ нэг ч үг хэлж чадахгүй ээрч мууран гацаад, хоёр нүднээс нь нулимс бөмбөрнө.
Учир нь нярай хатагтайгийн эр нөхөр нь тэвэрт багтамгүй том чулуунд дарагдаад үхсэн байлаа.
*********
Тэр хоёрыг учраа ололцхын завдалгүй орд байшин нь чичрэн доргиж, дээвэр дээр нь ямар нэгэн хүнд юмс асгаран буух нь мэдэгдэв.
Бусад аягач боолууд, хатагтайгаа аврахаар орж ирсэн боловч, үүд хаалга нь дээврийн хөндөл модонд дарагдаад яалт ч үгүй болсон байв.
Тэгээд тэдгээр шивэгчид, гэрийн шүтээний өрөөнд орцгоож, эздийнхээ үнэтэй цайтай бүхнийг хамж эхэллээ.
*********
Харин өөрийнх нь авсан нь бусдынхаас өчүүхэн харагдаад, өөр зуураа хэрэлдэн зодолдож, үс зүсээ зулгаалцан, дээр доороо оролцов.
Энэ үеээр амь үрэгдсэн хатагтайгаа орхиод, үлдсэн нялх үрий нь тэвэрсээр дэргэдийн шивэгчин мөлхөн гарч ирлээ.
Нялх хүүхэд болж буй явдлыг үл ойлгон үнэгчилнэ.
********
Ямар аргаар, ямар нүхээр шургаж гарч ирсэн нь тодорхойгүй тэр шивэгчин, аягач эмсийн нанчилдааныг хараад жигшивч, бяцхан хүүг аврах нь бүхнээс чухаг тул үүд үрүү мөлхсөөр байв.
Гэтэл түүнийг нэг аягач шивэгчин хараад бусаддаа хэлснээр, түүнийг амьд үлдээхгүйгээр шиидлээ.
Бүгд гартаа тааралдсанаар зэвсэглэн дайрч, нялх үр шивэгчин бүсгүй хоёрыг зүйл дуусгав.
Гэвч тэд гарч амжсангүй.
Эзний байшин тэр чигээрээ нуран унаж, дотроо байсан бүгдийг дараад, дээрээс нь халуун лав урсан ирж буллаа.
********
Зогсоол уруу дөхөж явсан хөлөг онгоцны  аянчид  энэ бүх гай гамшгийг хараад, мэл гайхаж цэл хөхрөв.
Зогсоолдоо орж чадалгүй задгай тэнгист хэд хоног зогссон хөлгийнхөн арай хийж газардацгаав.
Холын аянаас гэртээ, ээждээ ирж байсан идэрхэн хөвгүүн, одоо очих ээжгүй болсноо мэдээд тэнгэр газар доргитол уйлж гашуудна.
Аянчид бүгд уй гашууд умбажээ.
Тэднийг ирэхэд үнэндээ гамшигт галав юүлэлт, нүгэл буян бүгд дуусаад, үнс нурам ч үгүй, нэг үгээр хот газрын гаваар орсон мэт алга болсон байлаа.
Өөр газар оронд шинэ хот цогцлоохоор, шинэ боолчлол, шинэ нүгэл тарихаар тэд хөлөгтөө суун одоцгоов

Tuesday, March 29, 2011

Дурсамж

Миний аав.
Анх хүүтэй болчоод аавынхаа тухай ингэж их бодож дурсаж байгаагүй санагдана.
Хааяадаа намайг тэлээгээрээ ороолгоно.
Ер хэсэгтээ мартахгүй болтол нь болгож тавьна шүү дээ.
Би айлын хоёрхон хүүхдийн бага нь.
Ми ний дээд талд эгч минь бий.
Эгчийг загнаж зодохгүй мөртлөө намайг заримдаа айхтар сүрхий ороолгохоор нь үхтлээ гомдоно.
*********
Миний зодуулах шалтаг мундахгүйл дээ.
Заавал нэг болохгүй хэрэг тарьсан байна.
Харин одоо хүү маань л болохгүй хэрэг тарьдаг.
Миний хүү гэж хорвоогийн хамгийн дэггүй хүүхэд бий.
Одоо хоёрдугаар ангийн тэр залуу болохгүй боль гэсэн бүхнийг яг эсрэгээр нь хийдэг хүн.
Хааяа би түүнийгээ ороолгодог.
Яг тэр үедээ л хөөрхий муу аавыгаа  байж тэсэхийн аргагүй ихээр  санадаг даа муу хүү чинь.
*********
Миний аав арван гуравтайдаа ааваасаа  /өвөөгөөс/  өнчирч хоцорсон юм билээ.
Намайг дэггүйтэх үед, тэсвэр нь барагдаад ороолгож байхдаа өөрийнхөө эцгийг бас л яг над шиг санан дурсаа байлгүй дээ.
Аав минь намайг  ухаан сууж амжаагүй, арван гуравхан настай байхад минь  ариун тэнгэрийн оронд заларчихсан юм.
*********
Ердөө долоохон хоног хэвтээд  л өнгөрчихөж билээ.
Аавыг өнгөрч байхад их олон хүн манайд ирсэн санагддаг юм.
Ирсэн улс намайг ер уйлуулахгүй.
"Чи энэ айлын ганц эр хүн нь. Тийм болохоор ээж эгч хоёроо өргөж, тэтгэж, сэтгэлийн дэм өгч байх ёстой. Чи л уйлбал энэ айл нулимсан далайд живэх болно" гэцгээж байв.
Цаанаасаа нэвчээд байгаа их орь дуу,  их  гашуун нулимсыг барьж тэвчинэ гэдэг арван гуравхантай жаалхүүд ахдаж байсан юм.
Оршуулганы урьд орой гэрийн хойно байгаа амбаарт орж, хуучин хөнжилд толгойгоо шургуулж байгаад  байдаг бүх нулимсаа дуустал, амьсгаагаа задартал орь дуу тавин уйлж билээ би.
Ээж эгч хоёртоо мэдэгдэхгүй гэж тэр шүү дээ.
Над өөр арга олдоогүй юм
Гэхдээ энэ бүхэн тийм ч удаан үргэлжлээгүйээ.
Тэр үеэр амбаараас юм авахаар орж ирсэн хамаатны эгч намайг аргадаж болиулсныг санаж байна.
**********
Оршуулганы маргааш  эгчийн минь аймхай  нүд, ээжийн гунигтай, гал нь унтарсан харц намайг хатуужуулж, тул загасан мэт тулбиран гаслахы минь болиулж байлаа.
Намайг тэгж харанхуйн дунд тэмтчиж явахад хүргэн ах минь л түшиг тулгуур болж байсан юм.

Аавын найзууд
Аавд минь нэг их олон найз байсангүй.
Бүр намайг жоохон байхад нэг их том биетэй ах хааяа аавтай цуг манайхаар ирдэг байсан нь Монгол Улсын заан агсан Тулгаа гуай байж билээ.
Энэ хүнтэй л аав минь их удаан нөхөрлөсөн дөө.
Манайхыг хотод ирж суурьшсанаас хойш хүртэл манайхаар ирдэг байж билээ.
Олон цөөн үггүй, монгол эр хүний сонгодог жишээ болсон тэр агуу хүн одоо бас л алга.
***********
Аавын найз нөхөд дотроос хамгийн содон хүн нь нэг хэлгүй ах байсан юм.
Аав тэр хүнд жигтэйхэн сайн.
Амьдрал нь тийм ч сайнгүй л хүн байсан юм шиг.
Манайхаар ирэхэд нь аав тамхи тарианы мөнгө, хоол ундны мөнгө өгөхгүй гаргана  гэж байхгүй.
Аавыг хэвтэрт орсноос хойш тэр ах л их эргэж тойрсон доо зайлуул.
Одоо хөдөөний нэг айлд мал маллахаар явчихсан сурагтай.
***********
 Миний ээж
Миний ээж жирийн л нэг дөрвөд эмэгтэй байлаа.
Байлаа гэхийн учир нь ээж минь аавыг тэнгэрт хальсны дараа жил, яг нэг жилийнх нь ой дээр нас барчихсан юм.
Дэргэд байнга байж, намайг асарч тойлж  байгаа ханиа хараад, ээжийнхээ  хайр энэрлийг зүйрлэн санадаг аа би.
**********
Аав минь хааяа, суран бүсээр хувцасны гаднаас ороолгодог байсан бол, ээж маань улаан нүүрэн дундуур тас хийтэл алгадаа хаядаг байж билээ.
Би одоо боддог юм.
Аав ээж хоёр минь  богино наслахаа мэдсэн юм шиг, намайг эрт ухаан суулгаж хатуужуулах гэж тэгж гар хүрдэг байсан байх.
Тэгээд ч би багадаа хэрийн хүний тэсвэр барагдмаар дэггүй хүү байсан л даа.
***********
Хүний дээд аав ээж хоёр минь  нэгэндээ  хязгааргүй их хайртай байсан хэрэг.
Аавыг оршуулж байхад ээж минь хэд хэдэн удаа муужирч унан сандаргаж билээ.
Тийм ч болохоор ээж минь аавын хойноос яарчихсан байх гэж би одоо боддог юм.
***********
Одоо би нэлээн их хатуу хөтүү зүйлсийн ард гарчихсан, бас ч гэж хэрэндээ ухаажих маягтай болчихсон, хань ижил үр хүүхдүүдтэй сахал самбайтай хөгшин хархүн болчихсон байна.
Тэгсэн хэрнээ тэнгэрт одсон аав эжийгээ хааяа санаад л байх.
Уржнангийн сар шинээр анх удаа бие дааж цагаан сараа тэмдэглэж билээ.
Тэр шинийн нэгний өглөө тэнгэртээ сацал сацаж, өргөл өргөж байхдаа  аав ээжээ санаад уйлах дөхсөн.
Тэгээд гэртээ орж ирээд доорх шүлгийг бичсэн юм.
*************

Шинийн нэгний шүлэг

Аавтай байлаа би
Алгаддаг аавтай байлаа би
Ааг омог, алдаа эндэгдлийг минь
Алгадаж дардаг аавтай байлаа би
Алга даа одоо
Амирлангуйн орноо одсон доо аав минь
Алгадах аавтай байхдаан
Аархуу байж дээ би
Алаг хорвоогийн үнэнийг яалтай
Аав минь дээ

Ээжтэй байлаа би
Эгэмнээс минь татдаг ээжтэй байлаа би
Эндэж гэнэдэж бүдэрхэд минь
Эгэмнээс минь татаж босгодог ээжтэй байлаа би
Энд алга даа одоо
Энхжин тэнгэрийн орноо одсон доо ээж минь
Ээжтэйгээн байхдаан
Эрэлхүү байжээ би
Энэхэн хорвоогийн үнэнийг яалтай
Ээж минь дээ
*****************
Тэнгэр өршөөх болтугай.

Monday, March 14, 2011

Нэгдэлжих хөдөлгөөний эргэн тойронд

Хорьдугаар зууны энэ их үйл хэрэг, өөртөө таарсан адал явдлуудыг дагуулсаар байсан байдаг.
Тавиад оны эхээр анхны  нэгдлийг яагаад ч юм баячууд байгуулсан байдаг.
Гэтэл зарим баячууд нь нэгдэлд орохоос аль болох хойш суун чаргууцалдаж байсан нь ч бий.
*********
"Ялалт" нэгдэл байгуулагдаад арваад жил болсны хойно 1959 онд хувьдаа олон малтай  чинээлэг айлуудаас малы нь хүчээр хураан авч нийгэмчилж байв.
Малаа хураалгасан нэгэн өвгөн хар буун харамсахдаа боомилж үхжээ.
Харин Авир гэгч эр нийгэмчлэлээс нууж авч үлдсэн малаа халуун намраар нядалж, хэд хоног хуушуурдсан гэнэ.
Хуушуур нь сумын наадам дээр иддэгээс тэс өөр болсон аж.
Гурил нь түлэгдэж бөөн хар юм болсон атал, мах нь улаанаараа байх нь тэр.
*********
Нэгдлийн шинэ дарга, сумын хэсгийн төлөөлөгчтэй хамт, нэгдэлд элсээгүй айл өрхийг сэнхрүүлж, ухуулах ажлаар  холын багуудад явж байлаа.
Тэд сайн малчин Дэлгэрэхийн хотонд иртэл гэрийн эзэн буу шийдэмтэй угтав.
Дарга төлөөлөгч хоёрын толгой дээгүүр хий буудаад, "Малаасаа өнчин ишиг ч та нарт өхгүй. Хүчээр авах гэвэл та хоёрын амиар солино"  гэж сүрдүүлээд цаазаар авах ял сонсжээ.
*********
Сүүлд бас л хөдөө ажлаар явж байсан нэгдлийн дарга, хамаатныхаа айлд хоног тааруулав.
Баруун талын орон дээр унтсан нэгдлийн дарга, өглөө боссонгүй.
Сандран шалгавал, гэрийн гаднаас шимээсгээр туурга нэвт сүлбэж орхисон байлаа.
Баруун хаяагаар нэлийсэн цус урсч байсан гэдэг.
*********
Нийгэмчилсэн малаа туугаад, нэгдлийн төв орохоор гурван морьтон хөдөлжээ.
Шинээр нэгдлийн дарга болсон багийн дарга Дунгар, нярав Цэжин, малчин Пэрэнлий нар аж.
Голын өтгөн ой дундуур тавиад мод газар мал тууна гэдэг тийм ч амар байсангүй.
Хавчил ганганд шахагдаад модноос гарч болохгүй байлаа.
*********
Тэд арай чуу голын шугуйгаас гарч, ойн захад, дэнж дээр хоноглоцгоов.
Шинэдийн саран хэдийнэ шингэж, түүдэг ч унтарлаа.
Тууварчдаас түрүүлж ирээд отож байсан гурван хүн тэдний зүг сэмээрхэн дөхөцгөөв.
Гэтэгсэд гартаа, голд нь тугалга цутгаж үзүүр хэсгий нь хар төмрөөр бөгжилж хүндрүүлсэн урт урт ташуур баьцгаажээ.
*********
Үүр цайж, эртэж шувууд жиргэлдэнэ.
Тууварчдын хэн нь ч боссонгүй.
Тэд үүрд нойрсоцгоожээ.
Энэ үед тувагийн хил давахаар "Дааган дэл"  хэмээх газраар мал туусан гурван хүн явж байв.
*********
Нэгдэл байгуулагддагаараа байгуулагджээ.
Хүчирхийллийн аргаар хийгдсэн энэ ажил ямартаа ч нэг талдаа гарсан байна.
Харин шинэ тутам нэгдлийн тоо томшгүй их малд хашаа саравч тун ч хэрэгтэй байжээ.
Малаа хураалгаад, хийх ажилгүй болсон нутгийнхан хашаа хорооны мод бэлдэх кампанид дайчлагдав.
*********
"Дэвсэг"  гэж  зах  хил нь мэдэгдэхгүй хавтгай хөвч байх.
Нэгдлийнхэн тэр хөвчийн модыг ч ёстой нэг хиаруулж байлаа.
Бүр нэг улангассан юм шиг, өстэй юм шиг, дайснаа дарж байгаа юм шиг хядаж байлаа.
Захгүй хөвч нэг л мэдэхэд оочин цоочин модтой,  ердөө нэг,   шүд нь энд тэндээ хугарсан сам шиг л юм үлдсэн.
Энэ их сүйтгэлийн ажил ч бас чамгүй хэл ам дагуулав.
*********
Мод бэлтгэгчдийн дотор,  ургаа мод унагаахыг нүгэл гэж үздэг улс ч мэр сэр байсан юм.
Үнэхээр ч тэдний бэлдсэн мод, нэг байтугай нэлээн хэсэг нэгдлийн малд хашаа барьж хүрэлцэхүйц байлаа.
Энэ ажлыг буруушаасан Жаргал гэгч залуу нэг л өдөр унагааж буй модонд даруулан нас барчихсан.
*********
Идэр Давааням хоёр  нэг голын хоёр.
Харин тэдэнтэй гал болсон Чулуун  мухар сүсэгтэй ч гэмээр залуу байлаа.
Чулуун мод бэлтгэлийн ажлыг бүхэлд нь буруушаах боловч мөнгө цалинд нь татагдаж иржээ.
Гэвч ажил хийнэ гэж байхгүй.
Нөгөө хоёр   хамтрагчдаа  ёстой нэг хар дараа болж байлаа.
**********
Идэр Давааням хоёр Чулууныг нэгмөсөн хашраахаар шийджээ.
Залхуу Чулуунаас урьтаж ажилдаа гарсан хоёр, хэд хэдэн ургаа  модыг хөрөөдөж, унахад бэлэн болгоод орхичихов.
Харин Чулуун цай ундаа ууж идээд злхуутай нь аргагүй мацсаар айсуй.
Явсаар тэр хоёрын хөрөөдөж бэлдсэн моддын ойр ирэхэд хамгийн дээд талын моды нь Идэр хүчлэн түлхэв.
Идрийн түлхсан мод унахдаа доод талынхаа модыг дарж, тэр мод нь  ч дараагийнхаа модыг дарна.
Тэг тэгсээр Чулууны хажууд байсан мод дээд модондоо дарагдан газар харуулдан унахдаа дороо Чулууныг аван унажээ.
Зүгээр бага зэрэг хашраая гэж бодсон бодол нь аюулт аллага болон хувирсныг хараад нөгөө хоёр арай л өмдөндөө  чацга алдах дөхжээ.

Thursday, February 17, 2011

Чамдаа

Сэтгэлийн минь диваажинд ганцхан цэцэг ургаж,  
                                                                 Тэр нь чи
Сэрүүн сайхан хангайд нь ганцхан согоо дүүлж, 
                                                                 Тэр нь чи
Зүрхний минь нууранд ангаахайтай ангир хөвнө
                                                                 Тэр нь чи
Зүүдний минь ууланд зулзагатай хэрэм эрхэлнэ
                                                                 Тэр нь чи
Алжааж сөхөрхөд минь ганцхан бүсгүй түшнэ
                                                                  Тэр нь чи
Амармагийн тэнгэр ганцхан дагина бий
                                                                  Тэр нь чи

Monday, February 14, 2011

Хайрын шувуухай

Зүрхний минь гүнд ургасан хайрын цэцгийн үрийг
Зүггүй нэгэн шувуухай зуугаад нислээ энхрий минь
Зүрхний чинь ховдолд зуусан үрээ суулгачихаад
Зуун хаврын тухай жиргэн наадлаа энхрий минь
Зүрхэнд чинь зориулж дуугаан дуулдаг билээ би
Зүрхээрээн чи тосон сонсдог билээ энхрий минь
Идгүй шидгүй махан биеийг тэр л дуун
Идэрхэн жигүүртэй болгодог билээ энхрий минь
Бидэн хоёрыг тойрон нисдэг хайрын шувуухай
Хэдэн зууныг ч алжаалгүй давах жигүүртэй билээ
 Ай энхрий минь  энхрийхэн минь дээ

Sunday, January 30, 2011

Хэдэн сул мөртүүд

Үүрэг нуурын  зэгс нь лимбэн дуугаар наадваа
Үдшийн цолмон одон уулан цаагуур одвоо
Үүлэн дундаас шагайсан шинэдийн саран жаргаваа
Үелзүүр холын бодол нутгийн дээс алхваа.
**********
Хөлгүй далай мэт            Өвч тайгын дундах
Хөгшин гацуур мэт          Өвгөн аавын энгэрт
Хэрэм наадах мэт             Ач үрс нь эрхэлэхэд
Хэлэх үг ховордом           Аз жаргал дэлгэрнэ
**********
Хал үзсэн зүрх шиг бэлбэлзэн чичирсэн
Хачин гунигтай намрын сүүлчийн навч
Хүйтэн цагийг туулаад гарчих санаатай
Нүцгэн мөчрөөс зүүгдэн савчих нь харагдана
**********
Сариг цагаан ингэний
Яриг цагаан ботго мэт
Хариг цагийн насаа
Хэрэг болгон дурсваа

Wednesday, January 26, 2011

Тэртээх он жилүүдийн тууж

1930-аад оны дундуур энэ явдал болсон юм.
********
Дорлиг цэргийн албаа хаагаад, эрдэм номтой, буудах цавчих эрдэмд боловсорсон сайхан эр болоод иржээ.
Бичиг үсэгт нэвтэрхий боловсорсон тул аймгийн дотоодыг хамгаалах газарт алба хаах болжээ.
********
Энэ албанд ороод тэрбээр  бяцхан хаан болжээ.
Бусад албан хаагчдын адил дураараа дургиж сурчээ.
Хүмүүсийн хувь заяагаар наадна гэж юу болохыг үзүүлээд өгч байв.
Загнаж зандрахаас авахуулаад, дарамтлан зовоох, эрүүдэн тамлах хүртэлх эрдэмд энд л боловсорч байлаа.
*********
Тэр үед, улс орон даяар лам нарыг хар болгох кампанит ажил ид эрчээ авч байжээ.
Эсэргүүцсэн хэнийг ч болов барьж хорих, буудан хороох эрх аймгийн дотоодыг хамгаалахын хэдхэн хүнд л байв.
Хэн дуртай нь, юу санасанаа хийж байлаа.
**********
Хөдөөгийн нэгэн хийдээс хар болоогүй үлдсэн хөгшин залуу хэдэн лам нарыг аймгийн төвд хөөж иржээ.
Дорлиг бусадтайгаа нийлээд энэ хэдийг ёстой нэг болгож тавьж байв.
Тэднийг лам болохоос татгалзсан, намын шийдвэрийг эсэргүүцсэн хэмээн  ял тулгаж, эрүүдэн тамлаж гарлаа.
*********
Сүүл сүүлдээ нөгөө ял нь Саж ламын хамсаатан болж хувирав.
Өдөржин унд хоолгүй байцаагаад, шөнө болохоор ногоон малгайтнууд ээлжлэн жижүүрлэж байцааж байлаа.
Ялангуяа Дондов хэмээх  хижээл ламыг бусдаас илүү тамлан зовооно.
*********
Харин Дондов ламын хамаатны дүү  Тогтох гэгч залуу дотоодыг хамгаалахын шоронгийн хуяг хийдэг байжээ.
Авга ламынхаа тамлуулж байгааг хараад үнэхээр зүрх нь шимширч байв.
Тийм ч их эрх мэдэлгүй жирийн цэрэг болохоор авга  ламыгаа хайцаалж дийлэхгүй байлаа.
Нэг өдөр шоронгийн хонгилоор  туугдан сажилж яваа Дондовыг Дорлиг гэнэт зогсоож, элдвээр хараан занаж зүхэн  цохиж балбаж гарав.
*********
Олон өдөр эрүүдүүлсэн Дондов дороо л өнхөрөөд өглөө.
Баашлав хэмээн Дорлиг ч улангасан зодно.
Дондов ёолж бархирах ч тэнхээгүй болжээ.
Тэгээд ёолсонгүй хэмээн уурсаж, Дорлиг нагааныхаа бариулаар ам руу нь цохисоор хамаг шүдий нь байхгүй болгов.
Тэгсээр ядарсан Дорлиг балбалтаа зогсооход, Дондов ламын чих, хамар ам, нүднээс нь цус асгарч байлаа.
*********
Хонгилд гулдайн унасан ламтанг  Дорлигийн туслах нь чирч гулдарсаар камерт нь оруулж хаялаа.
Энэ бүхэн Тогтохын нүдний өмнө боллоо.
Дорлиг  гарахдаа,  болсон явдлыг гадагш задруулсан хүнийг эсэргүүний хамсаатан гэж үзээд өчиггүй буудна хэмээн  сүрдүүлжээ.
Хэд хоногийн дараа Дондов ламтанг бусад лам нарын хамтаар Гашууны голд аваачин бууджээ.
 /Угаасаа энд цаазын ялыг гүйцэлдүүлдэг байж/
*********
Болсон бүх явдлыг өөрийн нүдээр харсан Тогтох дотроо дотоодыг хамгаалахын энэхүү хүмүүн бусын үйлдлийг үзэн ядаж байлаа.
Ер нь энэ муу ёрын албанаас холдохыг хүсэж байв.
Шууд хаячих гэхээр цэргийн албаных нь хугацаа дуусаагүй байдаг.
Тэгээд нэг л өдөр албаныхаа бууг аваад оргочихов.
*********
Оргодол цэргийг эрэн сурвалжлах ажил аймаг даяар өрнөлөө.
Эрлийн хэсгийг мөн л Дорлиг ахалжээ.
Дорлиг хоёр цэрэг дагуулан Тогтохын суманд нь очив.
Тогтох  гэрийнхээ ойр ууланд нуугдаж байлаа.
Зуны дулаан цаг тул даарахын зовлон үгүй.
Бас нөөц сум ихтэй хурдан буутай  болохоор айхын зовлон байхгүй.
********
Дорлигийн бүлэг гэр орныхны нь хэрхэн түйвээж байгааг холоос ч гэсэн харж байв.
Тэгээд, гэр бүлийнхээ өмнөөс, хилсээр хөнөөгдсөн авга ламынхаа өмнөөс Дорлигийг алж өш хонзонгоо тайлах адын хүсэлд автав.
Дорлигийн гурвыг аймаг уруу буцхад нь уулын модон дотуур дагав.
Морьтой улсыг явганаар далаад мод газар дагана   гэдэг амар ч ажил биш аж.
*********
Тэгж явсаар Гашууны голын хөндийрүү бууж ирэв.
Гурван морьтон голоос морио услахаар буухад нь нэгий нь буудаж унагав.
Хаанаас буудаж байгааг  Дорлигийнхан  мэдэхгүй хэсэг мэгдэв.
Энэ зуур  Тогтох  давуу байдлаа ашиглан гурван морий нь буудаж орхив.
Явгалж орхиод, ганц Дорлигийг л амьдаар нь барьж авахыг хүсэж байв.
Тэр ёсоор болж нэг цэргий нь бас л нам буудаж орхилоо.
*********
Дорлиг Тогтохыг танилаа.
Дондов ламын хамаатан гэдгий нь саяхнаас  судалж мэдсэн байжээ.
Буудахдаа Тогтохоос хавьгүй илүү  мэргэн байв.
Нэг л гэм нь сум цөөхөнтэй үлджээ.
Дорлиг самбаачлан буудалцсаар Тогтохын мөрийг шархдуулаад сумаа дууслаа.
Тээр жил цэрэгт байхад нь орос сургагч бэлэглэсэн ангийн хутгатайгаа үлджээ.
**********
Ямартай ч гар хоосон биш болохоор Тогтохыг хуурч ойртуулаад хутгалж орхьё гэж бодож байв.
Тогтох харин идэрхэг бадриун Дорлигийг гардан дийлэхгүйгээ мэдээд шархдуулсан нь дээр гэж бодож байлаа.
Дорлиг, "Тогтохоо  битгий буудаарай, бууж өгье. Миний сум дуусчихлаа" хэмээн ориллоо.
Тэгээд хутгаа ханцуйндаа нууж, буугаа хөсөр шидээд, гар өргөн босоод ил гарч ирэв.
**********
Тогтох  моддын завсраар шагайж хараад Дорлигийн өвдөгний нүдийг буудан сөхрүүллээ.
Буугаа бэлэн барьсаар ойртон очвол,  Дорлиг цус садрах өвдөгөө тэврэн ёолон орилж байв.
Тэгснээ ойртон ирсэн Тогтохын цээжрүү хутгаа сурмаг гэгч нь шидлээ.
Арайхийн зайлж амжсан Тогтохын зүүн гарынх нь булчин хурц хутганд бага зэрэг эсгэгдэв.
Шүдээ зуун ойртож очоодДорлигийн нөгөө хөлийнх нь өвдгийг нэмж буудлаа.
*********
Дорлигийн ёолох дуунд хангай цуурайтаад байхаар нь өөрийнх нь хутгаар хэлий нь огтолж хаяв.
Өс хонзон гомдолдоо болоод юу ч хийхээс буцахгүй болжээ.
Тогтох өөрөөсөө биеээр том Дорлигийг суран бүсээр нь оосорлон үүрч гол уруудан алхлаа.
Өөрөө шархтай, тэгээд ба с биеэр том хүнийг үүрч явна гэдэг амаргүй даваа байв.
Явсаар байгаад, хүн цаазалдаг хонхорт орж ирлээ.
*********
Дорлигийг буулгаж хаяад жаал амьсгаагаа даран амарлаа.
Эгэм мөрнийх нь шарх тэсэхийн аргагүй шархиран өвдөнө.
Оршуулганы нүхийг шүдээ зуун цохисоор байгаад ухаж бэлэн болгоод бараг сар болсон, үнэр орж бээсэн авга ахынхаа цогцсыг гаргаж ирэв.
Эхлээд нүхнийхээ ёроолд Дорлигийг амьдаар нь хэвтүүлэв.
Тэгээд дээрээс авга ахынхаа цогцосыг байрлуулаад булж эхэллээ.
*********
Дорлигийн амнаас нь цус садарч, хоёр нүднийх нь нулимс булгийн ус мэт асгарч байлаа.
Тогтох үзэн ядах, өс хонзондоо болоод Дорлигийг огтхон ч өрөвдсөнгүй.
Амьд үхсэн хоёр хүнийг булж дуусаад, буугаа эрүүн доороосоо тулган гохы нь дарлаа.
Гашууны голын хөндийд буун дуу түр намжиж, голын ус юу ч болоогүй мэт мэлмэрэн урссаар.

Monday, January 10, 2011

Худалч Раднаагийн яриа

Жараад оны үед манай нутагт шош хочтой Раднаа гэж тоймгүй худалч өвгөн байж.
Хүмүүс Раднаа гэхээсээ илүү шош л гэнэ.
Шош хоч авсан нь ч бас учиртай.
Залуудаа Богд хааны цэрэгт явж  шош пулемётоор мянган хар цэрэг хиаруулсан гэж яриад энэ алдрыг нутгийнхнаасаа хүртжээ.
Шош гуайн ярьсан зарим дэгс ярианаас та бүхэнд хүргэж байна.
********
Нэг зун  хэдэн тарвага буудахаар муу цахиур буугаа үрээд Баянзүрхийн баруун хавцлаар өгсөж явлаа.
Гэнэт баруунаас зүүн тийш орой дээгүүр минь гэрийн чинээ  цагаан юм хийсэх мэт эргэлдэн өнгөрөв.
Цочин зогтусаад лавлан харвал Их зүрхэний орой дээр гэрэл цацруулсан цагаан онгоц буучихлаа.
Хэрэгт дурлан очиж харсан чинь,  дотроос нь харин манай Гагарин найз инээд алдан бууж ирээд  намайг алтан гадсаар шагнаж орхиод онгоцондоо суугаад хийсэх мэт эргэлдэн ниссээр явчихлаа.
Тэгтэл харин тэр  алтан гадсаар нь манай дүрсгүй хүүхдүүд морь аргамжсаар байгаад элэгдэж, одоо нэг төө хэрийн годгор юм л  авдрын ёроолд хэвтэж байна.
**********
Далаад оны дундуур мань Шош гуай сайн тууварчин гэж сайшаагдаад хөрш Тува улсын нийслэл Кызыл хотоор аялжээ.
Аяллаас ирээд доорхи түүхийг ярьсан гэдэг.
   -Пээ тэр Кызылийн ёолох  /ёолк буюу шинэ жил/  яасан сайхан боловоо.
Бүр Бережнов  /Бережневийг ингэж дууддаг байж/ дарга хүртэл морилж ирлээв шүү дээ.
Бид хэд ч дуу нийлүүлээд ёоолж гарлаа.
Манай Бережнов дарга ч бас л сайхан шуранхайтай ёолдог залуу байдаг шүү.
**********
Ах нь залуудаа аргаль угалзын бөөсөг барьж үзэж л явлаа.
Тээр жил Цагааншувуутын наранд хэдэн аргаль идээшилж байгаа нь дуранд харагдав.
Ганц аргаль хаж  /буудаж/   авдаг хэрэг гэж бодоод салхин доороос нь очоод гэтэж гарлаа.
Гэтээд л байлаа гэтээд л байлаа.
Тэгсээр байгаад бүр ойртлоо.
Тэгээд ер нь аль зэрэг ойрхон очиж чадахаа үзье гэж бодоод гэтэж ойртсоор л байлаа.
Тэг тэгсээр яг ард нь очоод бөөсөгнөөс нь  бариад автал, байдаггүй шүү, тасхийтэл тийрч орхиод  асга шаргиулсаар тачигнаад,  арилж одлоо.
/уул нь эрийг нь угалз, эмийг  нь аргаль гэдэг/
**********
Бар ирвэс гэдэг амьтан ч урт сүүлтэй ч гэж жигтэйхэн, сүүлэндээ тэнхээтэй ч гэж тоймгүй хайрхан байдаг шүү.
Эрэгнэгийн толгодоор малын эрэлд явж байсан чинь урдхантаа  бүдүүнээрээ бугуйн чинээ,  урт гэгчийн  эрээн юм хэвтэж байна.
Сониучирхан морин дээрээсээ шүүрч аваад, угзарч орхитол, юу болсныг бүү мэд.
Нэг мэдсэн чинь мориноосоо салчихсан, тэээр тэнд гурван хамар даваад өнхөрч очоод байв.
Тэгтэл тэр эрээн юм  нь барсын сүүл байж л дээ.
Сүүлээ гурван хамар давуулж тохоод хэвтэж байсан нь тэр байж.
Сүүлээрээ намайг мориноос ховх татаад гурван хамар давуулж  шидсэн нь тэр  юм байж.
***********

Monday, January 3, 2011

Ах дүү хоёр

Батааг хоёрхон настай байхад нь аав нь ээжээс нь салж өөр айлд хүргэн орчихсон юм.
Дөнгөж ой хүрч яваа охин дүүгий нь ээж нь айлд үрчлүүлэх гэж оролдсон боловч хэн ч авсангүй.
**********
Түүнээс хоёр жилийн дараа цэргээс халагдаж ирсэн нутгийн залуу ээжтэй нь ханилан суув.
Залууг  Зоригт гэнэ.
Батаагийн ээж,  Зоригттой суугаад  бас нэгэн охин төрүүллээ.
Гэхдээ тэр, төрөлтийн хүндэрлээс болж нас барав.
**********
Тэдний нутагт гоо үзэсгэлэн, уран үйлээрээ алдартай Цээмаа гэх бүсгүй аав ээжтэйгээ амьдардаг байлаа.
Зоригт эхнэрээ нас бараад жил болсны дараа Цээмаатай гэрлэв.
Бурхан, гоо үзэмж, ухаан бүхнийг Цээмаад гар таталгүй хайрласан атал, харин үр хүүхэд төрүүлэх хувьгүй орхижээ.
**********
Арван хэдэн жил ханилсаны эцэст, тэд нэгэн оюутан бүсгүйн хүнтэй суугаагүй байхдаа төрүүлсэн хөвгүүнийг үрчлэн авлаа.
Ийм удаан хүлээсэн нь ч учиртай.
Нөхрийнхөө дагавар хүүхдүүдийг, гары нь ганзаганд, хөлийн дөрөөнд хүргэж, амьдарлын захад хүргэх гэж л тэгсэн юм байж.
**********
Зоригт Цээмаа хоёр амьдаралаа сүрхий ч өөд нь татжээ.
Бод бог нийлсэн таван зуу шахам малтай, ер хэнээс юугаараа ч дутахгүй подхийтэл амьдардаг.
Найр наадамд тохох,  гахай гөлөмтэй мөнгөн эмээлтэй, зуух гаанстай, өвөртөө өндөр үнэтэй хөөрөгтэй.
**********
Зоригт Цээмаа хоёр дөрвөн хүүхэдээ хэний нь ч ялгахгүй ижилхэн хайрлаж энхрийлж өсгөжээ.
Өргөмөл хөвгүүнийг жаахан байхад бүх юм сайн сайхан байлаа.
Харин ах эгч нар нь амьдралын эрээн барааныг эрт таньснаас ч тэрүү, өдөр цагаар өсч буй өргөмөл дүүгээ ад үзэх болов.
Аав ээжийнхээ эзгүйд, жаахан хөвгүүнийг элдвээр шоглож, ямарваа хэрэгт түүнд л хамаг бурууг тохох болов.
Зоригт Цээмаа хоёр энэ бүхнийг эхэндээ анзаарахгүй байлаа.
***********
Нэг удаа Батаа жаахан хөвгүүнийг дагуулж ойролцоох горхиноос ус авахаар явжээ.
Горхины хөвөөнд очоод дүүгээ ус руу түлхэж унагаад, хамаг хувцасы нь норгож орхив.
Жаахан дүү нь хөлд орсон боловч хэлд удаан орсон болохоор, аав ээждээ үнэнийг хэлж чадахгүй байлаа.
***********
Жаахан хөвгүүнийг гурван настай байхад нь Батаа цэрэгт явжээ.
Гурван жилийн дараа халагдаа ирэхэд нь дүү нь цовоо гэгчийн жаал болчихсон байв.
Батааг  эхнэр авч өрх толгойлоход нь аав ээж нь нилээд мал тасдан өгч, бас шинэ мотоцикл бэлэглэжээ.
Гэсэн хэдий ч Батаагийн сэтгэл зөөлөрсөнгүй.
***********
Хэргийн учир нь, аавынх нь олсон зөөсөн өмч хөрөнгө бүхнийг нэг муу өргөмөл хүүхэд хуваалцана гэхээс яс махны дургүй нь хүрч байв.
Энэ талаар хоёр охин дүүдээ ч хэлж ятгасан байжээ.
Тэгээд ч тэр үү,  Батааг өргөмөл дүүгээ элдвээр шоглоход хоёр охин ер өмөөрч хамгаалахгүй, харин ч өөрийнхөө ахыг өөгшүүлдэг байлаа.
***********
Жаахан дүү нь уул нь Баттөр гэсэн нэртэй боловч ах эгч нар нь ер нэрээр нь дуудахгүй.
"Айлын хүүхэд"  "Өргөмөл"  "Угжаа"  гэх мэтчилэн доромжлон дуудна.
Харин тэгэхдээ аав ээжийнхээ дэргэд ингэж хараахан зүрхлэхгүй.
***********
Баттөр сургуульд орж анги дэвшсээр дунд ангийн хөвгүүн боллоо.
Батаа ах нь Баттөрийг хараад зодуур даах болж гэж бодов.
Уул уруу түлшинд явахдаа, ялихгүй шалтгаанаар дүүгээ үсэртэл нь алгадав.
Ийм зодуур үзээгүй бяцхан хөвгүүний нүүр хацар нь пэмбийтэл хавдаж орхив.
Батаа ааваасаа айж байсан учир, энэ талаар аав ээжид алтан хошуу хүргэвэл дараа бүр ч илүү зодох болно шүү гэж дүүгээ сүрдүүлжээ.
***********
Аргамжаатай морь авч ирэхдээ удав хэмээн, хээр дагуулж аваачаад, дүүгээ халгайгаар ороолгож, бас халгай дундуур мөлхүүлж шийтгэв.
Баттөрийн хамаг бие нь түлэгдээд хорсож байсан боловч, ахынхаа сүрдүүлгээс айгаад, бас ахыг нь аав ээж  зэмлэхээс айгаад хов хүргэсэнгүй.
Энэ бүхэнд Батаа жинхэнэ өөгшиж байв.
***********
Мотоцикл арчих даалгавар мартсанаас  болж Баттөр  ахдаа дахин шийтгүүлэв
Тэгэхдээ, урьд урьдынхаас ч илүү хэрцгий шийтгэжээ.
Мотоциклдээ сундалж, нилээн хол газар авч очоод хоёр гары нь мотоциклийн халуун яндан бариулж төмөр утсаар мушгин хүлэв.
Тэгээд мотоциклээ асаан хаазалж гарах нь тэр.
Угаасаа улайстлаа халсан янданд дүүгийнх нь гар хиншүү ханхалтал түлэгдэж, жаал хөвүүн байдгаараа чарлаж байв.
Азаар малын эрэлчин яваа бараанаар шийтгэлээ зогсоожээ.
Тэгээд гары нь эдгэртэл аав ээждээ мэдэгдэхгүй гэж оторт гарсан мал уруу явууллаа.
***********
Амьдрал бахь байдгаараа үргэлжилсээр, нэг л мэдэхэд Баттөр хөвүүн эрийн цээнд хүрч цэргийн зарлан авчээ.
Эр цэргийн албаа хаагаад ирэхдээ ханхар өргөн цээжтэй, булчин шөрмөс нь товойсон өсгөлүүн сайхан залуу болоод ирэв.
Барилдвал ч барилдчихаар, зодолдвол ч зодолдчихоор биетэй бол биетэй, бүлтэй бол бүлтэй сайхан залуу болоод ирэв.
Зоригт мөн л бага хүүдээ шинэ гэр тааруулж, шинэ мотоцикл авч өгчээ.
Энэ явдал Батаад таалагдсангүй.
***********
Батаа адуундаа явахаар болж, дүүгээ морь эмээлээд орхи гэжээ.
Харин дүү нь өөр ажилтай байсан тул эмээлллэж амжсангүй.
Үүнээс болж Батаа Баттөрийг зодохоор ухасхийсэн боловч, тэвчээр нь барагдсан дүү нь ахыгаа ганцхан цохиод газар өнхрүүлчихэв.
энэ явдлаас хойш Батаа Баттөрийг дийлэхгүй болсноо мэдээд дотроо их л шаналж явдаг болжээ.
***********
Батаа нутаг усандаа зартай танхай Бадарч гэгчтэй гэв гэнэт дотносох болов.
Тэгээд Баттөрийг Бадарчаар зодуулах, болж өгвөл цааш нь харуулах  бодолтой байжээ.
Бадарч Баттөрийн бага эгчийнх нь нөхрийн дүү юмсанж.
***********
Тэр зун найр наадам элбэгтэй зун байжээ.
Баруун хойд талын хэдэн сум бүгдээрээ тэр жил ойгоо тэмдэглэжээ.
Нэг тийм наадам дээр, хүний морь булааж унасан Бадарч, согтуурхаж,  хар хурдаар давхихдаа
мориныхоо хоёр талруу найган ганхаж яваад, зан мэдэхгүй мориноос ойчиж, дөрөөнөөс нь чирэгдэв.
Ингэж баларч явахад нь Баттөр тааралдаж амий нь аварчээ.
***********
Бадарч ухаан орсон хойноо хэн амий нь аварсныг мэдээд бүр ацан шалаанд орлоо.
Тэгээд бүх учрыг Баттөрд хэлээд, үүнээс хойш чамд онгирсон хэнийг ч болов над дээр дагуулаад ир гэжээ.
***********