Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Friday, November 30, 2012

Хүн чулуу

Хүн чулууны өвөрт хүн болж төрсөөн би
Хүн чулууны энгэрт эрхэлж наадаж өссөөн би
Хүн чулуудын дунд энэхэн насаа элээгээд
Хүн чулууны сүүдэрт хүний орчлонг орхиноо би

Monday, November 26, 2012

Бороо

Чамтай намайг болзуулах гэж тэр бороо орсон юм
Чамайг норгох гэж, миний хүрмийг тайлуулах гэж орсон юм
Үснээс чинь дуслах борооны ус уруул дээр чинь бөнжигнөхийг
Үнэсэхээр завдсан над харуулах гэж тэр бороо орсон юм

Saturday, November 24, 2012

Охин ирлээ

Дутуу сонссон бүүвэйг минь гүйцээн дуулах  гэж
Дундуур эдэлсэн жаргалыг минь дүүргэж өгөх  гэж
Дүнсгэр хөх орчлонд жаргалын инээд нэмэх гэж
Дүрлэгэр хөөрхөн охин минь  ижии аавдаан ирлээ

Өрх гэрийнхээ жаргалд нэгэн хөг нэмэх гэж
Өрлөг ээжийнхээ нойрыг үүр шөнөөр хугаслах гэж
Өргөн дэлхийн уйг цэнгэлийн инээдээр үргээх гэж
Өөдөсхөн жаахан охин минь ижий аавдаан ирлээ

Монгол бүсгүйн үзэмжинд нэгэн өнгө нэмэх гэж
Морьтон ардынхаа заншлыг өртөөлөн дамжуулах гэж
Дэлгэр сайхан орондоо баярын ай нэмэх гэж
Дэндүү хөөрхөн охин минь ижий аавдаан ирлээ

Sunday, November 11, 2012

Рубай

Мянган жилийн өмнө ч минийх байсан аа мэдэх үү
Мянган жилийн өмнөх миний хайрыг  таних уу
Мянган онд ч унтрахгүй дурлалын одны гэрэлд
Мянгантаа шившин залбирснаар минийх болсноо мэдэх үү

Tuesday, November 6, 2012

Зурагтын нэвтрүүлэг үзээд бичсэн нь

Тэмээ тэмээн нүүдэл
Телевизээр гарваа
Тэргэл сарны доор
Хээр хонож харагдваа.
Тэртээд үлдсэн нутаг минь
Санааны дотор сүүмэлзвээ
Тэмээн нүүдэлд ханьсаад
Дагаад явмаар санагдваа

Чамдаа

Хөнгөн залуу насны минь
Онгон сэтгэлийг уяраасан
Мянган онд ч хувиршгүй
Ханьхан амраг чамдаан би
Огшин омогшин цохилох
Дагшин зүрхний гүнээс
Багтран багшран гарах
Бадаг шүлгээн зориулнаа

Улсын хүүхнүүд олон чиг
Уяран хайрласан нь чи минь шүү
Уулын цэцэг олон чиг
Чамдаан барих нь ганцхан шүү

Sunday, November 4, 2012

Дөрвөл

Хатирч морины явдал эс гүйцэх нутагт
Ханьхан хонгор чамайгаа бэрлэм билээ
"...Халх ойрадын нутаг алсхан боловчиг
Хайрлан саналцахуйн агаар нэгэн буйзаа..."

Огшин түрхрэх зүрхний хайр хийгээд
Ойрад халх нутгийн алсхан хийгээд
Омголон залуу насны дурлал хийгээд
Орчлон дахины явдал агаар нэгэн буйзаа

Ураг удмын заяанд нэгэн явдал буй
Урт холын амьдралд нэгэн аялгуу буй
Уйдах завгүй дурлалд нэгэн хайр буй
Улам улмаан санах хонгор чи минь буй