Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Sunday, April 28, 2013

Чадах уу

Зүрх сэтгэлийг минь худалдаад авч чадах уу
Зүүд нойрыг минь хулгайлаад авч чадах уу

Thursday, April 25, 2013

Би чамд хайртай

Ялдам минь, энэ тэнгэр яасан ч олон одтой юм бэ
Янаг минь,  энэ тэнгэрийн сар яасан ч тод гэрэлтэх юм бэ
Гараас чинь барья хонгор минь,  цээжийг минь налаач
Газар дэлхий дээр чи бидэн хоёулхнаа шүү амраг минь ээ


Saturday, April 13, 2013

Хавар цаг чухам...

Хавар цаг чухам,  эрт ирсэн хос ангир шиг
Хавар цаг чухам, цасан доороос цухуйх ганц яргуй шиг
Хавар цаг чухам,  сэтгэлийг нялхрааж,  уярааж
Харц тулгаран ичингүйрч учирсан чи бидэн хоёр шиг

Рубай

Алдар хүндийн төлөө би бичдэггүй
Алиа үгээр бусдыг хуурахыг хүсдэггүй
Зүүд бодол хоёроо гаргаж эс хэлбэл
Зүдэргээнт энэ амьдралд төгсөх цэг үгүй

Saturday, April 6, 2013

Рубай

Сагил их мөрөн минь та намуухан мэлмэрмүү
Саатан тунаран мэлтрэн мяралзан мэлмэрмүү
Сарны тухай, сарны тэртээ байгаа ээжийн минь тухай
Сайхан үлгэрийг шивнэн хүүрнэн мэлмэрнэ үү

Хариг их мөрөн минь та чимээтэйхэн мяралзана уу
Харгиатайхан урсгалдаа нар сарыг тольдонхон мяралзана уу
Хачин тансаг дагшин сайхан тууль найргийг
Хатан ус Үүрэг нууртаа хайлан хаялан тунаран долгилон мяралзана уу

Tuesday, April 2, 2013

Хаан уул Хатан ус

Хаан уул Цагаан шувуут та минь уу зээ
Хаврын цэцэгсээн дэлгэрүүлэх гээд
Ханзарсан цасаа  жалга судгаараан урсгаад
Ханхайж  дүнхийгээд л байна уу даа
  Ай  хөөрхий нутгийн сүлд болсон
   Хайрхан их уул минь уу зээ
Хатан ус  Үүрэг нуур та минь уу зээ
Хаврын шувуудаа тосон тосон  хүлээгээд
Хариг их мөрөнгөөрөө цөнгөө түрээд
Хаялан долгиолон, мэлмэрэнхэн байна уу даа
   Ай хөөрхий нутгийн аршаан болсон
    Хатан их  ээж  ус минь уу зээ
Далай ханы нутгийн чимэг бологсон
Дархан их уул Цагаан шувуут минь уу зээ
Давалгаа хаялан мэлтэлзэнхэн  байдаг
Далай их усан Үүрэг нуур минь уу зээ
     Аяа хөөрхий нутгийн чимэг болсон
     Хаан уул  хатан ус хоёр минь уу зээ