Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Monday, March 15, 2010

Модны гэлэн

Модны гэлэнгийн нэрийг хэн ч мэдэхгүй, бүгд л "МОДНЫ ГЭЛЭН" л гэлцэнэ.
Хэзээ, хаана хэнийх  гэгч айлд мэндэлснийг нь бүр ч мэдэхгүй.
**********
Базар зуслан дээрээс хэдэн тэмээгээ говь уруу алдаад, араас нь эрэл сурал болсоор Сагилийн голын модонд зусаж буй Модны гэлэнгийнд иржээ.
Зуны ид халуунд голын ялаа хэдгэнэ манан татсан мэт бужигнаж, чихэнд чийртэй дүнгэнэнэ.
Ялаархан тэчьяадах морио модны мөчирөөс уяад, гэрт орвол Модны гэлэн гэрийн хоймор дээш харан хэвтэх агаад, гэрийн дотор сэрүү татаад, ганц ч батгана үл харагдах нь гайхмаар.
**********
Базарыг гэрийн эзэн өөд нь сууж тухлахыг уриад домботой  халуун цайнаас хийж барив.
Энэ халуунд яасан ч халуун цай вэ дээ гэж бодож амжтал аягатай цай нь аандаа зэлгээхэн болох нь мэдрэгдэж айх гайхах зэрэгцүүлэв.
Тэмээгээ алдсанаа хэлбэл, Модны гэлэн, тэмээдий нь зүс зүсээр нь, тэхдээ одоо яг хаана,  хаашаа харж байгааг нь хүртэл, яг харж байгаа мэт хэлж өгөөд, тэмээгээ аваад заавал эргэж ирэхийг хүслээ.
**********
Сагилийн голын модноос гараад  хоёр саахалт хэр явтал тэмээд нь яг л Модны гэлэнгийн хэлсэнээр байж байх нь тэр.
Хэдгэнэд хазуулаад улаан эрээн болсон хэдэн тэмээгээ туусаар голын мод уруу арайхийн орж Модны гэлэнгийнд ирвэл, гэлэн бээр уугиулсан хомоол барьсаар гарч ирээд тэмээ болгоны өмнө нэжгээд хомоол тавьбал, байж ядаж байсан унаа тэмээ нь ялаархаж тэчьяадахаан болиод тайван хивэх нь үлгэр домог л гэлтэй.
**********
Модны гэлэн Базарыг гэрт орохыг уриад, өөрөө гаднаас хонины хөлдүү гуя оруулж ирээд хоол хийж, унаа тэмээгээ амрааж хоноод өглөө эрт яв гэж ятгалаа.
Базарт гэрийн эзний хэлснээс зөрөх зүрх байсанүй.
Гэртээ байгаа юм шиг тухалж хоносон Базар өглөө эртлэн босож зуслан гарахаар Улаан давааг чиглэн хөдөлжээ.
**********
Давааны бэлд иртэл, хавцлын ёроолоор урсах жижигхэн горхи цусаар урсаж байх нь тэр.
Өнгөрсөн шөнө энэ замаар улаан цагаан хоёр орос хөөцөлдөж өнгөрсөн бөгөөд, улаан нь цагааныгаа ихэд дийлээд, эсэргүүцэл үзүүлсэн болгоныг хиартал хядсан нь тэр ажээ.
Даваа өгсөх тутам хүний цогцос тааралдах нь олширч, үхээрийн өмхий самхай үнэрээс унаа мал үргээд, арайхийн давааны оройд гарлаа.
Базар ийнхүү Модны гэлэнгийн ачаар дайн, дээрмийн хөлөөс амь мэнд гарсан байжээ.
**********
Ховдын Ногоон хувилгаан Сагилийн голын эрэгт тарьсан тариагаа хурааж авахаар албат шавь нартайгаа  намар оройхон Улаан хотгорт  ирээд хэд хонов.
Нэгэн өглөө тэрхүү буудаллагсад дээр нөхөөстэй дээлтэй хатингар  морьтой царай муутай нэгэн хүн ирж, уяан дээр буутал, хувилгаан сандарч тэвдэн гарч ирээд, гүйх шахам очиж хормойноос нь адис авлаа.
Ховдын их Ногоон хувилгаанд хормойноосоо адис өгсөн тэр гуйранч царайт бол мөнөөх алдарт Модны гэлэн байжээ.
**********
Хувилгаан багший нь өмнөө сөхрүүлж хормойгоороо адисласанд гайхаж эгдүүцсэн Ногоон хувилгааны шавь нар тэрхүү гуйрамчийг чадаж, эрдмий нь сорихоор шийдлээ.
Гуйрамч царайтыг хувилгааны гэрт орж саатах зуур, хувилгааны  шавь нар нөгөөх эрийн ташуурыг авч гэрийн дээвэр завсар нууж орхив.
**********
Ирсэн гийчин явахаар болж Ногоон хувилгаанаар сугадуулж мордон хотны зах орчим очсоноо ганцхан ухасхийгээд хөх чоно болон хувирч жирсхийн алга болов.
Энэхүү үзэгдлийг харсан хувилгааны шавь нар нуусан ташуураа үзтэл, тэр газар нь цагирагласан могой байх нь тэр.
**********
Модны гэлэн ирсэн хүнийг гуйж, голын шугуйгаас нэгэн хус тайруулж, холтос мөчрий нь цэвэрлүүлээд гэрийнхээ ард хаяснаас хойш даруй гурван жил болжээ.
**********
Улаангомын газар албан хэргээр  ирсэн Жалханз хутагтад мөргөж адис авахаар, Боршоон ловон лам  жууз тэргээр шавь дагуулуудаа дагуулсаар, зам зуур Сагилийн голын адаг,  Үзүүрийн гарамаар өнгөрч явтал жуузных нь өрөөсөн гуя хугарч гэнэ.
Болсон явдалд ихэд сэжиглэсэн ловон, ойролцоо байх  Модны гэлэнгээс учрыг асуулгахаар элч илгээв.
 Модны гэлэн ирсэн элч нарыг дайлж цайлаад, гурван жилийн өмнө бэлдсэн нөгөө хусаа өгч явуулжээ.
***********
Муу санаатны хатгах үг До яамны төлөөлөгчийн сонорт хүрчээ.
Модны гэлэнг барьж шийтгэхээр бүхэл бүтэн баг цэрэг аймгийн төвөөс дүн өвлөөр  гарлаа.
Сагилийн голыг адгаас нь эхэлж самнасан ногоон малгайтнууд Модны гэлэнгийн гэрт ирвэл, гэрийн дотор амьд амьтан байсан шинж өчүүхэн ч байхгүй байлаа.
Эргэн тойрныг ажиглан нэгжиж байсан цэргүүд, ойрмогхон гарч явсан бололтой морьны мөр олов.
Мөрийг дагаж явсаар ойн чөлөөнд гарч ирвэл уг морины мөр чонын мөр болон хувирсан байлаа.
Эргэн тойрон ямар ч мөр улбаа байхгүй байх агаад, өнөөх чонын мөр тэнгэрт гарсан мэт алга болжээ.
***********
Модны гэлэнг хаашаа одсон, хаана байгааг хэн ч хараагүй, хэн ч мэдэхгүй болов.

11 comments:

  1. Уншаарай уншаарай

    ReplyDelete
  2. өмнөх бээгий дээр бичсэн сээгийндээ хариу авы

    ReplyDelete
  3. Яг над шиг л хүн байж дээ.

    ReplyDelete
  4. Зоригт-Сайн жаал
    Лууз-Хариу өгсөн болой
    Бадман-Чи ч лут юмаа ккк

    ReplyDelete
  5. Үлгэр домог сайхан шүү. Баярлалаа

    ReplyDelete
  6. Чинсээ-Үлгэр бишээ, болсон явдал юм шүү

    ReplyDelete
  7. Hi Dendev, how are you? Ali ontsogoos harj setgegdelee uldeeh ve?

    ReplyDelete
  8. Hi Dendev, how are you?
    Энэ юу гэж байгаа үг вэ? Ална гэжаагаамуу аварна гэжаагаам уу?
    Одоо өнцөггүй харнаа хө

    ReplyDelete
  9. өөөөө манай нутгийн хүү байж . энэ талаар нутагт нэлээд олон юм яригддаг да хө гэж .

    ReplyDelete
  10. mardai-Тэгвэл энэ Модны гэлэн /таван улиасны гэлэн ч гэдэг/-гийн талаар өөр мэдээлэл байвал хуваалцаач хө. Би хүүхэд байхдаа томцуулаас сонссон хомс мэдээллээ энд оруулав

    ReplyDelete