Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Thursday, March 31, 2011

Помпейн сүүлчийн шөнө

Уул нь энэ явдал гэгээн цагаан өдрөөр болсон юм.
Харин энэ өдрийн нар, тэнгэр цөм харанхуйн хар далайд умбаж, од сар ч үзэгдэхгүй болсноос шөнө хэмээн нэрийдвэй.
*********
Тэр өглөө тэнгэр цэлмэг, тахиа донгоддогоороо донгодож, үүр цайдгаараа цайж, нар маддагаараа мандаж,  амьдрал буцалж эхэлсэн юм.
Гэтэл бага үдийн алдад, Везувий уулын оройг харанхуй манан   бүрхээд, тэр манан аажмаар ихсэж, манангийн зүгээс халуун салхи үлээж эхлэв.
*********
Хүмүүс андуурсан байжээ.
Андуурснаа мэдэх хүртэл, тэр мананг Зевсийн сүмийн тахилч ламаас бусад нь  ер тоосонгүй.
Харин ноход улин гасалж, муур тахианууд орох байх газраа олж ядан сандралдаж байхад хүмүүс л анзаарахгүй, анзаарсан ч тоож үзэхгүй байлаа.
*********
Тэр өдөр  нэгэн дайчин эр хорвоод мэндэлснээ зарлан, часхийтэл уйлж, нэгэн эхийн баярын нулимс ядарч сульдсан хацрын даган бөмбөрч байв.
Шинэ дайчны аав, язгууртан залуу аав болсноо тунхаглан усан үзмийн дарсанд халамцаад, халамцсандаа өөрийн боолуудынхаа тэн хагасыг чөлөөлөв.
*********
Тэр өдөр нэгэн баатар дайчин, удам залгах идэрхэн хүүдээ харвах намнах, илдээр тулалдах эрдмийг заан хичээллээд, хөлсөө урсган байв.
Баатар эрийн эхнэр язгууртан бүсгүй хажуу гудмаар өнгөрөх хуримын урт цувааг харан, залуу насаа дурсана.
*********
Тэр өдөр хуриманд уригдсан, чөлөөлөгдөөд удаагүй байгаа тариачид хатуу дарсанд халамцаад, нөмрөн ирэх аюулыг үл тоомсрон гуйвлана.
Хуримлагч хосууд жаргалдаа умбаад, зочид гийчдийн өмнө бал бурманд хөлчөөд, үнсэлцэн таалалцан байна.
*********
Угаасаа чөлөөт иргэн байгаа  нэгэн ядуулаг айлын хүүхдүүд, эндүүр өнгөрөх хуримын чихэр жимснээс горьдон, сайртай гараа монцойлгон сууцгаагаад, исгээгүй талхны өөдөс ч болов олоод идчихийг хүсэмжилнэ.
Ажилдаа дарагдан түүртсэн эцэг нь чөлөөт иргэн болж төрсөндөө баясавч, хоногийн хоолны бядууд цухалдана.
Эр нөхрийнхөө олж ирсэнд сэтгэл нь цадаагүй эхнэр хэрүүлийн үгсийг шидлээстэй.
********
Захын гудмаар нэгэн язгууртан хүний оршуулгын цуваа хүндэтгэлтэйгээр өнгөрч явах бөгөөд, гантиг чулуун австай шарилыг олон нүцгэн боол мөрөн дээрээ өргөн явна.
Насаар нөхрөөсөө үе мултарсан залуу бүсгүй гашуудлын хар нөмрөг хэдэрч, нүүрээ гивлүүрээр хагас халхлан алхана.
Хөгшин авааль нөхөр талийвч, залуухан нууц амрагтай байгаадаа сэтгэл цатгалан боловч, гаднаа энийгээ ил үл харагдуулан, худал гашуудагч болон явна.
********
Сүмийн тахилч, туслахуудаа тал тал тийш илгээн түгшүүрийн мэдээг дамжуулаад, өөрөө харанга дэлдэн түгшүүр зарласан боловч хэн ч тоосонгүй.
Тэр их хотын дээгүүр үнс нурман манан нүүгэлтэн, асар хурдан тархаж, халуун хайлмаг хуйлран бууж, хад чулуун бороо асгарч эхлэхэд бүгд мэгдэн сандарч хандсан зүгтээ гүйлдэж гарлаа.
********
Хамгийн түрүүнд хуримлагч хосууд энэ гэнэтийн цохилтонд өртөөд, дуулж байсан дуугаа ч дуусгаж амжилгүй үнс нурманд булагдав.
Энэ бүхнийг харж мэдсэн нэгэн баян худалдаачин өөрийн боолуудаа чөлөөлөхийг амлаад, алт эрдэнэстэй авдараа авахад нь туслахыг  хүслээ.
Чөлөөлөлтийн сургаар бүх боолууд нь арван хүн арай хийн өргөдөг алт эрдэнэсий нь дамжилан гарцгаав.
Харин  эзэн нь гэрээсээ гарч амжилгүй галтай нурам, халуун хайлмалд дарагдан орь дуу болон эцэслэлээ.
********
Гадаа гарч амжсан боолууд, эрх  чөлөөтэй болсноо мэдрээд, эзнийхээ алт мөнгийг хувааж авахаар яаран тохиролцоод онгойлгожээ.
Хамгийн ард зогссон хамгийн  жижиг биетэй нэгэн боол бусдыгаа ар нуруунаас нь мэсээр дүрж аллаа.
Тэгээд алтыг авах гэтэл дээрээс нь хад чулуун бороо, халуун нурамтай холилдон буух нь тэр.
********
Шинэ нярайлсан эх,  гадаа гудамжинд болж байгаа үймээн шуугианыг сонсоод,  муу совин татаад дэргэдийн шивэгчин боолоо явуулж харуулав.
Шивэгчин эргэж ирэхдээ нэг ч үг хэлж чадахгүй ээрч мууран гацаад, хоёр нүднээс нь нулимс бөмбөрнө.
Учир нь нярай хатагтайгийн эр нөхөр нь тэвэрт багтамгүй том чулуунд дарагдаад үхсэн байлаа.
*********
Тэр хоёрыг учраа ололцхын завдалгүй орд байшин нь чичрэн доргиж, дээвэр дээр нь ямар нэгэн хүнд юмс асгаран буух нь мэдэгдэв.
Бусад аягач боолууд, хатагтайгаа аврахаар орж ирсэн боловч, үүд хаалга нь дээврийн хөндөл модонд дарагдаад яалт ч үгүй болсон байв.
Тэгээд тэдгээр шивэгчид, гэрийн шүтээний өрөөнд орцгоож, эздийнхээ үнэтэй цайтай бүхнийг хамж эхэллээ.
*********
Харин өөрийнх нь авсан нь бусдынхаас өчүүхэн харагдаад, өөр зуураа хэрэлдэн зодолдож, үс зүсээ зулгаалцан, дээр доороо оролцов.
Энэ үеээр амь үрэгдсэн хатагтайгаа орхиод, үлдсэн нялх үрий нь тэвэрсээр дэргэдийн шивэгчин мөлхөн гарч ирлээ.
Нялх хүүхэд болж буй явдлыг үл ойлгон үнэгчилнэ.
********
Ямар аргаар, ямар нүхээр шургаж гарч ирсэн нь тодорхойгүй тэр шивэгчин, аягач эмсийн нанчилдааныг хараад жигшивч, бяцхан хүүг аврах нь бүхнээс чухаг тул үүд үрүү мөлхсөөр байв.
Гэтэл түүнийг нэг аягач шивэгчин хараад бусаддаа хэлснээр, түүнийг амьд үлдээхгүйгээр шиидлээ.
Бүгд гартаа тааралдсанаар зэвсэглэн дайрч, нялх үр шивэгчин бүсгүй хоёрыг зүйл дуусгав.
Гэвч тэд гарч амжсангүй.
Эзний байшин тэр чигээрээ нуран унаж, дотроо байсан бүгдийг дараад, дээрээс нь халуун лав урсан ирж буллаа.
********
Зогсоол уруу дөхөж явсан хөлөг онгоцны  аянчид  энэ бүх гай гамшгийг хараад, мэл гайхаж цэл хөхрөв.
Зогсоолдоо орж чадалгүй задгай тэнгист хэд хоног зогссон хөлгийнхөн арай хийж газардацгаав.
Холын аянаас гэртээ, ээждээ ирж байсан идэрхэн хөвгүүн, одоо очих ээжгүй болсноо мэдээд тэнгэр газар доргитол уйлж гашуудна.
Аянчид бүгд уй гашууд умбажээ.
Тэднийг ирэхэд үнэндээ гамшигт галав юүлэлт, нүгэл буян бүгд дуусаад, үнс нурам ч үгүй, нэг үгээр хот газрын гаваар орсон мэт алга болсон байлаа.
Өөр газар оронд шинэ хот цогцлоохоор, шинэ боолчлол, шинэ нүгэл тарихаар тэд хөлөгтөө суун одоцгоов

16 comments:

  1. нэг зураг санаанд буув..ийм нэртэй ч байл уу?

    ReplyDelete
  2. Энэ бичлэгийг домгоос сэдэвлэсэн юм. Яг ийм нэртэй зураг байдаг. Орос зураачийнх

    ReplyDelete
  3. помпейн сүүлчийн шөнө гэдэг зурагт ийм олон юм байдаг юм уу... эс бөгөөс өөр зураг уу...
    эсвэл Дэндэвийн уран панаал нэмэгдсэн үү...

    тува умшигч

    ReplyDelete
  4. Энзо-?????
    Тува-Уран панаал нэмсэн хэрэг
    Луузай-Чамайг яаж гүйцхүүдээ

    ReplyDelete
  5. Энэ ч их эмгэнэлт түүх шүү. Иймэрхүү түүхийг яаг хажууд нь харж байгаад бичсэн мэт дүрслэх Дэндэв анд мундаг хүн шүү.

    ReplyDelete
  6. Бадмаа-Би тэнд байсан юмаа гэвэл мөн алаваа хахаха

    ReplyDelete
  7. Болзошгүй аюулыг бодолцохгүйгээр үерийн далан дотор гэрээ барьчихаад ажиггүй сууж байдаг манайхан санагдаж байдаг шүү.

    ReplyDelete
  8. Паазл-Яг тэрийг л бичсэн юм

    ReplyDelete
  9. Xutga bariad araas ni durj baigaa nuxur chini Dendeek shuu dee

    ReplyDelete
  10. Хахахаха
    Шоовойг алхынсан

    ReplyDelete
  11. Dendeviig urt xar beeliigeer uruusun xatsriig ni daljiital algadan xalz tulaand duudav ildeer ruu buugaar uu er bie eeree yu xel chi

    ReplyDelete
  12. Шоовой-Хэл амаараа үзчий хахаха

    ReplyDelete
  13. ene iim sadar l daa

    ReplyDelete