Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Tuesday, March 29, 2011

Дурсамж

Миний аав.
Анх хүүтэй болчоод аавынхаа тухай ингэж их бодож дурсаж байгаагүй санагдана.
Хааяадаа намайг тэлээгээрээ ороолгоно.
Ер хэсэгтээ мартахгүй болтол нь болгож тавьна шүү дээ.
Би айлын хоёрхон хүүхдийн бага нь.
Ми ний дээд талд эгч минь бий.
Эгчийг загнаж зодохгүй мөртлөө намайг заримдаа айхтар сүрхий ороолгохоор нь үхтлээ гомдоно.
*********
Миний зодуулах шалтаг мундахгүйл дээ.
Заавал нэг болохгүй хэрэг тарьсан байна.
Харин одоо хүү маань л болохгүй хэрэг тарьдаг.
Миний хүү гэж хорвоогийн хамгийн дэггүй хүүхэд бий.
Одоо хоёрдугаар ангийн тэр залуу болохгүй боль гэсэн бүхнийг яг эсрэгээр нь хийдэг хүн.
Хааяа би түүнийгээ ороолгодог.
Яг тэр үедээ л хөөрхий муу аавыгаа  байж тэсэхийн аргагүй ихээр  санадаг даа муу хүү чинь.
*********
Миний аав арван гуравтайдаа ааваасаа  /өвөөгөөс/  өнчирч хоцорсон юм билээ.
Намайг дэггүйтэх үед, тэсвэр нь барагдаад ороолгож байхдаа өөрийнхөө эцгийг бас л яг над шиг санан дурсаа байлгүй дээ.
Аав минь намайг  ухаан сууж амжаагүй, арван гуравхан настай байхад минь  ариун тэнгэрийн оронд заларчихсан юм.
*********
Ердөө долоохон хоног хэвтээд  л өнгөрчихөж билээ.
Аавыг өнгөрч байхад их олон хүн манайд ирсэн санагддаг юм.
Ирсэн улс намайг ер уйлуулахгүй.
"Чи энэ айлын ганц эр хүн нь. Тийм болохоор ээж эгч хоёроо өргөж, тэтгэж, сэтгэлийн дэм өгч байх ёстой. Чи л уйлбал энэ айл нулимсан далайд живэх болно" гэцгээж байв.
Цаанаасаа нэвчээд байгаа их орь дуу,  их  гашуун нулимсыг барьж тэвчинэ гэдэг арван гуравхантай жаалхүүд ахдаж байсан юм.
Оршуулганы урьд орой гэрийн хойно байгаа амбаарт орж, хуучин хөнжилд толгойгоо шургуулж байгаад  байдаг бүх нулимсаа дуустал, амьсгаагаа задартал орь дуу тавин уйлж билээ би.
Ээж эгч хоёртоо мэдэгдэхгүй гэж тэр шүү дээ.
Над өөр арга олдоогүй юм
Гэхдээ энэ бүхэн тийм ч удаан үргэлжлээгүйээ.
Тэр үеэр амбаараас юм авахаар орж ирсэн хамаатны эгч намайг аргадаж болиулсныг санаж байна.
**********
Оршуулганы маргааш  эгчийн минь аймхай  нүд, ээжийн гунигтай, гал нь унтарсан харц намайг хатуужуулж, тул загасан мэт тулбиран гаслахы минь болиулж байлаа.
Намайг тэгж харанхуйн дунд тэмтчиж явахад хүргэн ах минь л түшиг тулгуур болж байсан юм.

Аавын найзууд
Аавд минь нэг их олон найз байсангүй.
Бүр намайг жоохон байхад нэг их том биетэй ах хааяа аавтай цуг манайхаар ирдэг байсан нь Монгол Улсын заан агсан Тулгаа гуай байж билээ.
Энэ хүнтэй л аав минь их удаан нөхөрлөсөн дөө.
Манайхыг хотод ирж суурьшсанаас хойш хүртэл манайхаар ирдэг байж билээ.
Олон цөөн үггүй, монгол эр хүний сонгодог жишээ болсон тэр агуу хүн одоо бас л алга.
***********
Аавын найз нөхөд дотроос хамгийн содон хүн нь нэг хэлгүй ах байсан юм.
Аав тэр хүнд жигтэйхэн сайн.
Амьдрал нь тийм ч сайнгүй л хүн байсан юм шиг.
Манайхаар ирэхэд нь аав тамхи тарианы мөнгө, хоол ундны мөнгө өгөхгүй гаргана  гэж байхгүй.
Аавыг хэвтэрт орсноос хойш тэр ах л их эргэж тойрсон доо зайлуул.
Одоо хөдөөний нэг айлд мал маллахаар явчихсан сурагтай.
***********
 Миний ээж
Миний ээж жирийн л нэг дөрвөд эмэгтэй байлаа.
Байлаа гэхийн учир нь ээж минь аавыг тэнгэрт хальсны дараа жил, яг нэг жилийнх нь ой дээр нас барчихсан юм.
Дэргэд байнга байж, намайг асарч тойлж  байгаа ханиа хараад, ээжийнхээ  хайр энэрлийг зүйрлэн санадаг аа би.
**********
Аав минь хааяа, суран бүсээр хувцасны гаднаас ороолгодог байсан бол, ээж маань улаан нүүрэн дундуур тас хийтэл алгадаа хаядаг байж билээ.
Би одоо боддог юм.
Аав ээж хоёр минь  богино наслахаа мэдсэн юм шиг, намайг эрт ухаан суулгаж хатуужуулах гэж тэгж гар хүрдэг байсан байх.
Тэгээд ч би багадаа хэрийн хүний тэсвэр барагдмаар дэггүй хүү байсан л даа.
***********
Хүний дээд аав ээж хоёр минь  нэгэндээ  хязгааргүй их хайртай байсан хэрэг.
Аавыг оршуулж байхад ээж минь хэд хэдэн удаа муужирч унан сандаргаж билээ.
Тийм ч болохоор ээж минь аавын хойноос яарчихсан байх гэж би одоо боддог юм.
***********
Одоо би нэлээн их хатуу хөтүү зүйлсийн ард гарчихсан, бас ч гэж хэрэндээ ухаажих маягтай болчихсон, хань ижил үр хүүхдүүдтэй сахал самбайтай хөгшин хархүн болчихсон байна.
Тэгсэн хэрнээ тэнгэрт одсон аав эжийгээ хааяа санаад л байх.
Уржнангийн сар шинээр анх удаа бие дааж цагаан сараа тэмдэглэж билээ.
Тэр шинийн нэгний өглөө тэнгэртээ сацал сацаж, өргөл өргөж байхдаа  аав ээжээ санаад уйлах дөхсөн.
Тэгээд гэртээ орж ирээд доорх шүлгийг бичсэн юм.
*************

Шинийн нэгний шүлэг

Аавтай байлаа би
Алгаддаг аавтай байлаа би
Ааг омог, алдаа эндэгдлийг минь
Алгадаж дардаг аавтай байлаа би
Алга даа одоо
Амирлангуйн орноо одсон доо аав минь
Алгадах аавтай байхдаан
Аархуу байж дээ би
Алаг хорвоогийн үнэнийг яалтай
Аав минь дээ

Ээжтэй байлаа би
Эгэмнээс минь татдаг ээжтэй байлаа би
Эндэж гэнэдэж бүдэрхэд минь
Эгэмнээс минь татаж босгодог ээжтэй байлаа би
Энд алга даа одоо
Энхжин тэнгэрийн орноо одсон доо ээж минь
Ээжтэйгээн байхдаан
Эрэлхүү байжээ би
Энэхэн хорвоогийн үнэнийг яалтай
Ээж минь дээ
*****************
Тэнгэр өршөөх болтугай.

25 comments:

  1. Төрсөн бол үхэх нь үнэн гэж бодохоор л...:[ бүх хүмүүсийн үхлээс аав ээжийн минь үхэл хамгийн харуусалтай нь байх бизээ

    ReplyDelete
  2. Урт наслана шvv. Дэндэв ээ...
    Узун чажаар силер, Дэндиб оолак.,

    тува умшигч...

    ReplyDelete
  3. Энэ муу Дэндэв хүн уйлуулах нь.

    ReplyDelete
  4. Dendeviig bi mundag gej medeed baidgiin,
    Tanai ger bul ih az jargaltai ni bas medregdeed baidgiin

    ReplyDelete
  5. Дүүрнээ-Тиймээ. Гэхдээ үр хүүхдээ өнчрүүлж одох тэр агшин басл харамсалтай байх байх даа.
    Тыва анд-Баярлалаа. Өвөө маань аав ээжээсээ бас арван гуравтайдаа өнчирч хоцорсон юм билээ.
    Паазл-Өөрөө хүртэл уйлчих шахлаа байна
    Гилийн хатан-Тиймээ манайх аз жаргалтай гэр бүл шүү. Баярлалаа

    ReplyDelete
  6. Сэтгэл сэмлээд хаячихлаа муу Дэндэв. Хаврын гудамжаар намирч байсан туг шиг торгон сэтгэлээс нэг ширхэг утас татаад авчихдаг гэжэээн шд муу ЗОМО чэн хэхэ

    ReplyDelete
  7. oo ter bandia bitii ih oroolgojee. dursguiteh ni hurtel hoorhon sh dee

    ReplyDelete
  8. Сэгсгэр найз сайн уу?
    Анон-Их ороолгодоггүйл дээ. Хааяа, тэвчээр барагдана гэж байна шүү бас хэхэ

    ReplyDelete
  9. Сайхан гэгээн дурсамж байна. Хүн жаргал даадаггүй, зовлон даадаг гэдэг үнэн шүү. Дэндэв анд минь чи дэндүү даанч дэндүү хүн шүү.

    ReplyDelete
  10. Бадмаа-Баярлалаа хө. Би сүүлийн үед магтаалд хөөрдөг болоод байгаа ккк

    ReplyDelete
  11. Олон үг хэлэхээ болилоо. Дэндэв найз маань сэтгэлийн хаттай хүн дээ гэхээс өөр үг хэлмээргүй байна.
    Хүний хүч сэтгэлдээ байдаг байх...

    ReplyDelete
  12. Хүүе манай Хөхөө явж байна.
    Нөгөө Хөхөө гэрлэх болоогүй юу гэдэг шиг анд минь уран цэцэн бичлэгээ оруулах болоогүй юу

    ReplyDelete
  13. Та сүүпер шүү. Дандаа умших дуртай.

    ReplyDelete
  14. On jiluuded martana gedgiig hamgiin hudlaa gej bi boddgoo

    ReplyDelete
  15. Дэндүү Дэндээв чи энд байсымуу... аахаа чааг олсоо би..

    ReplyDelete
  16. Блогтой хүнApril 8, 2011 at 7:19 AM

    Дэндүү дээ Дэнэг Дэндэв мээн.. хамаг нялмас гараад дуусахнээ хө..

    чи чэн энд сэтгэл сэмлэж, тэнд хор шар малтаж явдаг хүн үү..

    дэндэгнээд дондогноод нэг л өдөр чам дээр очино доо хө.. анд нь

    ReplyDelete
  17. Дэндэвээ чиний энэ бичлэг нулимсны сүвний минь жийргэвчийг хайлуулчихлаа дааа...

    ReplyDelete
  18. Лили-Тиймээ. Мартагдах юм, мартагдахгүй юм гэж тусдаа байх.
    Каира-Би ер нь эндхийн хүн л дээ хэхэ
    Блогтой хүн-Уулзана даа
    Элжигэн Б.Дашравдан-Чи тэгвэл бас л зөөлөн хүн байхнээ

    ReplyDelete
  19. Wish you well from bottom of my heart. Your Angels watch you out there.

    ReplyDelete
  20. Лили-За ёстой юу ч ойлгосонгүй. Энэ хэлийг үнэхээр мэдэхгүй байнаа хө. Монголоор биччихвэл уг нь ч ойлгоно л доо.

    ReplyDelete
  21. Сэтгэлээсээ сайн сайхныг хүсье. Бурхад чинь чамайг харж яваа.

    ReplyDelete