Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Friday, October 16, 2009

Хачирхалтай түүх

Хохь тайж Эрболод гэгч өндөр насыг зооглосон өвгөн, өөрийн ганц хүүдээ, хэдэн үе дамжин хадгалагдаж ирсэн дэлэм хэрийн урттай илдийг, авдрынхаа араас гарган хүндэтгэлтэйгээр өргөн гардууллаа. Хатанбаатарын энэ малчин "цэрэгт" энэ илднээс өөр үзээд өгье ч зэвсэг байхгүй. Энэ илд эрх чөлөөний төлөөх тулаанд эзнийхээ амийг олон удаа аварсан гэвч, Сангийн хэрмийг давах шөнийн тулаанд эрхгүй эндэж, эзэн залуу тэнгэрийн орноо харван оджээ.
**************
Ганзоригийн өвөг дээдэс нь 19-р зууны эхээр Мүгдэнд ирж суурьшсан, эцгийн талаасаа жинхэнэ манж, эхийн талаасаа өвөрлөгч монгол хүмүүс байсан агаад, хожим тэдний үр хүүхдүүд нь Шар мөрний хавьд ирж тариалан эрхлэх болов. Цэвэр манж цусны эхнэртэй болсон ууган хүү нь хожим цэрэгт дайчлагдаж, тэндээсээ Сүй Шүчжаны цэрэгт багталцан ар монголд хөл тавьжээ. Дугар мэйрэн, жанжин Чойрын орчимд гамин цэргийн үлдэгдлийг нэг мөсөн бут цохихдоо амьд үлдсэн, хүүхдээрээ шахуу гаминг оргуулан алдчихжээ. Оргодол гамин, нутгийн зүг биш, зам мөрөө буруулан баруун хойд зүгийг чиглэн одсон бөгөөд, яван явсаар Туул голын мөсөнд тулан зогсжээ.
**************
Аранжин олсон мэсээ гэртээ авч ирээд хэсэгтээ мартсан байв. Тохиолдлоор, хэсэг нөхөдтэйгээ элдвийг хүүрнэн суухдаа, монгол дарханы ширээж, хатаасан хутгаар манжийн амбаны эрдэнэсийн авдарны цүүг тас цавчиж орхиод, үнэтэй цайтай бүхнийг нь хаман одсон шилийн сайн эрийн тухай домог сонсоод, нөгөө олдмол мэснийхээ чансааг шалгаж үзэх адын бодол толгойд нь харван оржээ. Тэгээд гарааждаа хадгалаад хэдэн жил болсон мөнөөх мэсийг гарган ирж хуруу хэрийн бүдүүн төмрийг засварын ширээн дээр дамнуулан тавиад ширүүхэн шиг ширвэн цохивол, төмрийн үзүүр хэсгээс дөрвөн хуруу хэрийн өөдөс тасран газар унаж хангир жингэр дуугаарлаа. Харин илдний ир яагаач үгүй байв.
***************
Шинэ хаан Цэвээнравдангийн хувьд, үхсэн буурын толгойноос амьд ат айдгийн үлгэрээр, Галдан эргэн хүчирхэгжээд, цэрэглэн ирж хамаг амьтныг талдаа татаад, эхнэр хатад, эмс охид, гэлгүйгээр хүйс тэмтрэн хядах вий гэхээс халширч, үүд сэвхийсэн ч цочиж, адуу янцгаасан ч давхийж байлаа. Түүний явуулсан заншлаачид, Галдангийн их цэргийн үлдсэн хүч хааны өргөөг чиглэн айсуйг дуулгахад, нуруугаар нь арван аалз тэмтчих мэт санагдан, бүх биенийх нь хүйтэн хөлс чийхран гараад, тэрхүү ирэгчдийг угтуулан цохихоор хамаг цэргээ тосуулан илгээвэй.
***************
Аранжинд, гарын дүйтэй найз нь ангийн хутга хийж өгчээ. Мэс хүнд бэлэглэдэггүй заншлаар, гар цайлгах төдий хөлс аваад, өөртөө ч мөн яг адилхан хутга хийж авчээ. Тэр хутгануудыг мөнөөхөн илдийг хувааж хийсэн ажээ.
**************
Эрболд гуай хүүгээ Хатанбаатарын цэрэгт үдэхийн өмнөх үдэш нэгэн домгийг хүүрнэж, настай хүнээс гарамгүй эрдүү хоолойгоор "Хан харангуй" туулийг хайлж өгчээ. Тэрхүү домогт өгүүлсэнээр, Энэ хатан илдний ирийг гэмтээвэл, агуу дайчин эрийн сүнс дошгирон босож, илдээ шүүрэн бариад, замдаа таарсан бүхнийг хүйс тэмтрэн хядах тангарагтай ажээ. Гэхдээ хэрвээ, монгол хүмүүн гэмтээвээс монголоо хядах, манж цустан гэмтээвээс манж хүн бүхэн тэрхүү илдний ирэнд эрсдэн унах хараал шившлэг шингэсэн гэжээ.
**************
Их хааныхаа захьсанаар, шинэ хаандаа туслах өмөг цэрэг нь болохоор аялан яваа мянгаад эр, Алтайг даван Зүүнгарын нутагт орж ирээд гэртээ ирсэн мэт сэтгэл тайвшран, сэрэмж алдан назгайрчээ. Энэ эрсийн дунд, баг цэргийн захирагч нэгэн дөрвөд эр тайван унтаж үл чадан, эргэн хөрвөсөөр байв. түүнд нэг л муу ёрын зөн совин мэдрэгдээд байлаа. Ингэх шалтгаан ч бас байсан нь, цаг үеийн байдал ч бус, аавынх нь идэр залуудаа хэрэглэж явсан, Хүнхээ Заяачийн шившлэгтэй илд нь хуйнаасаа хуруу хэртэй сугарчихаад байсанд л учир нь байжээ.
***************
Эцэг эхээс өгсөн нэр нь Мянцоо, нангиад нэрээрээ Ми Рэпин гэгдэх нэгэн хүн Туул голын савд аж төрөн сууж, хадлан хадах ажлаар амьдралаа тэжээж эхлээд, хол нутгийн нэгэн бүсгүйг гэргий болгон аваад, нэрээ Мятав болгон өөрчилжээ. Өнөр өтгөн ам бүлтэй өрхийн тэргүүн болж, нутгийн ах дүүст морины тах, хазаарын амгай зуузайнаас авахуулаад, тэрэг чарга засах, данх тогоо гагнах зэргээр тусалсаар Мятав дархан гэгдэх болж, гарын ур чадвар нь ч, амьжиргаа нь ч дээшилжээ. Өдгөө түүнийг оргодол гамин гэхэд хэн ч үнэмшихээргүй болсон байна.
***************
Хэдэн өдрийн аянд ядарсан бүлэг цэрэг нойрондоо дийлдэн унтсан боловч, өнөө дөрвөд залуу нэг л муу совин татаад, нойр нь хулжаад байв. Гэнэт бараг дэргэд шахам "Хоржийлоо" гэх хорон дуу хадаж, мориноосоо бууж явгалсан хар мянган цэрэг нөмрөн ирлээ.
***************
Батбилэгийн аав нь Баянхошуунд хүүхэд насаа үдсэн Санги гэгч хужаагийн эрлийз юм. Хужаа ч гэж дээ нарийн яривал манж гаралтай өвөрлөгч эр байлаа. Сангийн аав Сайван хашаандаа дүүрэн ногоо тарьдаг, намар болохоор түүнийгээ зах дээр аваачиж зараад подхийсэн мөнгө олчихдог, ээж нь "аваарын цагаан" хэмээн алдаршсан саравчтай малгайг дуурайлган оёж зараад бас өөрийгөө мөнгөтэй болгочихдог овсгоотой авгай байжээ.
**************
Мятав дархан дунд ачдаа өөрийн сурсан дархны эрдмээ өвлүүлжээ. Ач хүү нь өвөг эцгээ дуурайн, ойр зуурын юм хийсэнгүй, хутга мэс урлах талаараа хэнийг ч дагуулахааргүй дархан болжээ. Цөөн хэдхэн найзтай, тэдний нэг нь Аранжин хэмээх хаягдал төмрийн ченж залуу аж. Тэр хоёр зан аашаар ч, үзэл бодлоор ч адил төстэй зүйл ихтэй.
**************
Туул ахынхаа хутгыг хараад цочив. Бүх биеэр нь цахилгаан гүйдэл гүйх мэт болж, хамаг бие нь дагжин чичирлээ. Тэр шөнөдөө, шөнөжингөө хар даран зүүдэлж тарчилжээ. Нэг бол гартаа илд барьсан эрэгтэй хүн болчихсон, нэгэн хар хүчний цэрэгтэй байлдаж, тааралдсан болгоноо тасар цавчиж байна гэж, эсвэл ойрдын алдарт Ану хатан болчихсон сууж байна гэж, эс бөгөөс, өвөөгийнх нь ярьдаг байсан, өөрийнх нь өвөг дээдэс болох цөс ихт дөрвөд тайж болчихсон, хошуудын ноёдын цэрэгтэй алалцаж, тэдний хүчинд автан толгойгоо алдаж байна гэж зүүдэлсээр өглөө болгов.
***************
Нэг мэдэхэд тэр нөхрийнхөө машиныг уначихсан, Ээж мод руу салдаг замын дэргэд зогсож байв. Машиных нь урд хамар сөхөөстэй. Тэгтэл Дарханы чигээс нэгэн машин ирж явлаа. Тэрнээс хойш юу болсныг огт мэдсэнгүй. Өмнөө зогсоо, бага зэрэг хятаджуу царайтай, дорсгойдуу шүдтэй, эрүүндээ тачирхан сахалтай залуугийн хүүхдээрээ шахуу нүдэнд айн ширвээдэх байдал тодорч, хавирга өвчүү нь хурц мэсний ирэнд огтлогдон, пүррр... хийхэд сэхээ орлоо.

11 comments:

  1. Бодохгүй бичвэл нэг иймэрхүү хариугүй юм болхым даа хөөрхий. Уучил нөхдөө.

    ReplyDelete
  2. yasan ihiin be unshihaas zalhuu hurchiin utgiin yariad ogooch

    ReplyDelete
  3. Хүшээ уншкуу тойроод яваад байсы... энэ цаашаа юу боловоо??? Дэндээв анаандөө үргэлжлүүлээрэй...

    ReplyDelete
  4. гүү цаашаа үргэлжилэхгүй байхаа тэ... ингээл гитдууд нэг нэгнээ пүрр пүррхийлгээл явчих юм шигээшт.

    ReplyDelete
  5. Ши бас зохиол энэ тэр бичүүл майр авяаастайм байшд

    ReplyDelete
  6. Юки said-Мммг. Яаааг тэгнэ
    LuZa said-Чамайг арай гүйцэхгүй байхөө хэхэхэ

    ReplyDelete
  7. Гоё бичсэн байна. Үнэхээр таалагдлаа :D

    ReplyDelete
  8. Энийг цааш нь үргэлжлүүлүүл гоё болох юм шигэээээ

    ReplyDelete
  9. Mr.Saika-Баярлалаа
    LuZa-Үргэлжлэл байхгүй

    ReplyDelete
  10. çýâ¿¿í ø...ñàí áàéøä

    ReplyDelete