Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Sunday, August 8, 2010

Ёлын гурван өндөг

Саяан нутагт энэ явдал болжээ.
Алс тэртээх Улуг хэм  нутгаас ирж суусан эр эм хоёр урцтай юутайгаа галд хайлчихсан аж.
*********
Китек-Оол, Хомот хоёр хар багын үй зайгүй андууд билээ.
Бусдын л адил ан аваар гэр орноо тэжээдэг улс.
Китек-Оолд, Сылдыз өвгөний ярьсан домог  хамаг юмыг орвонгоор нь эргүүлээд хаячихна гэж хэн мэдэх билээ дээ.
Тэр домогт ёл шувууны гурван өндөгний тухай гардаг аж.
Ёл үүрээ амьд амьтан хүрэхийн аргагүй ян хадны тэхий дунд засдаг гэнэ.
*********
Ёл  гурван жилд ганц удаа өндөглөхдөө гурван ширхэг өндөг гаргадаг.
Хамгийн гол нь тэр өндөгний нэгэнд нь л амьд ангаахай байдаг.
Харин нөгөө хоёрынх нь нэгнээс анч нохойн гөлөг, нөгөөгөөс  нь суран бугуйл
гардаг гэнэ.
Тэр гурван өндөгийг өөрийн гараар авч чадвал хорвоогийн хамгийн азтай болох бөгөөд, ан гөрөөнд үргэлж олз омогтой болдог ажээ.
*********
Китек-Оол энэ домгийг сонсоод анд Хомотдоо хэлэв.
Хомот тэр домогт хүүхэд адил итгэжээ.
Бүр үнэн гээд бодчихож гэнэ.
Тэгээд андыгаа удаан ятгасны эцэст Енисей мөрөн эх авдаг Тагнын хадат хавцлыг зорьжээ.
*********
Авирч гарах байтугай харахад ч зүрх алдмаар эгц хадан хананд тулж ирэв.
Ханан хадыг хэдэн хоног ажиглаад,  харалдаа дээр нь, тэртээ тэнгэрт нэгэн том шувуу эргэлдэн нисэхийг үзлээ.
Тэр шувуу нэг далд орж нэг ил гарсаар гурван хоног эргэсний эцэст мод ч үгүй бут ч үгүй толин хадны тэхий дунд байгаа өчүүхэн төдий хөндлөн зураасан дээр суув.
*********
Хоёр анд ар талаар тойрч, тоолшгүй их бартаа саадыг гэтэлсээр хоёрдох өдрийнх нь үдийн хэрд ханан хадны орой дээр ирлээ.
Өнгийж харвал тэртээ доор, хадны оройгоос бараг хориод алдын зайд тохой хэрийн өргөнтөй бяцхан зурвас харагдах агаад, зурвасаар дүүрэн амьтны яс цайран харагдаж, тэрний дунд үүр үзэгдэнэ.
*********
Үүрэнд хүрэх арга хайж удаан бодоод, нэгнийгээ олсоор оосорлож доош буулгахаар болов.
Тэгээд Хомот орохоор болжээ.
Китек-Оолын хөлс булгийн ус мэт асгарч, Хомот агаарт хий дүүжигнэсээр аажуухан доошилно.
*********
Китек-Оолын толгойд харин шаал өөр бодол эргэлдэж байв.
Хомотын ан авд азтай,  олз омогтой ирдэг нь Китек-Оолд таалагдахгүй байлаа.
Бас дээр нь Хомотын эхнэртэй хааяа далдуур уулздаг.
*********
Хомот зурвасхан хавцгайд хөлөө хүрмэгц болчихлоо хэмээн орилтол оосорлосон олс нь дэргэд нь унаад ирэв.
Юу болж байгааг анзаарахын сөгөөгүй байтал, аймшигт том шувууны далавчны шуугих чимээ дуулдаж, нүдий нь шүргэх шахам  өнгөрсөн шувуу буцан эргэж үүрнийхээ хажууд буулаа.
*********
Нар гарахаар халууцаж, сар гарахаар даарч бээрсээр хэд хонов.
Цангах өлсөх ч тоймоо алдлаа.
Дуу нь ч гарахаа болив.
Дэмий л үхлээ хүлээн хэвтсээр муужирч эхлэв.
*********
Нүүрэн дээр нь ус дуслах шиг болоход сэхээ орон нүдээ нээвэл дээр нь шөнийн бүүдгэр тэнгэр  харлаж, цээжин дээр нь суусан махчин шувууны оч адил хоёр ёлтгор нүд заналтайгаар ширтэж байх нь тэр.
Эцсийн хүчээ шавхан өнөө шувууны багалзуураас зүүгдэв.
Тэгээд зуурчихаж.
*********
Цочин ниссэн шувуу огцом өндөрт гарснаа салахгүй зүүгдэн гонжийх ачаагаа даалгүй аажим уруудсаар хавцлын ёроолоор урсах ширүүн уст голын эрэгт газардлаа.
Китек-Оол  шувууны багалзуураас тас зуурсаар ухаан алджээ.
Ус цацах шиг болоход ухаан орвол харанхуй тэнгэрээс ширүүн бороо цутгаж байв.
*********
Шувуу нэгэнт үхжээ.
Зуурсан гараа арайхийн салгаж, дээрээс дарах  үхсэн шувууг түлхэн зайлуулахад нүд нь эрээлжилж, золтой л дахиад ухаан алдчихсангүй.
Гэдрэгээ харан хэвтсэн чигээр борооны усыг шунахайран залгилна.
Тэг тэгсээр дотор нь арай онгойж, босож чадахтайгаа боллоо.
**********
Хомот  өөрийг нь хэрхэн ганганы ирмэгрүү түлхэн унагасан тухай, эхнэртэй нь далдуур уулзаад байгаад мэдсэн тухай, ёлын үүрнээс олдсон эрдэнэсээ ганцаар эзэмшихээр болсон тухай, бас хэрхэн заналхийлж, анхны цаснаар  эхнэрээ алахаар ирнэ гэж амласан тухай,  өөрөө хэрхэн амьд гарч эхнэрий нь аврахаар нааш зүтгэсэн тухай ярихад отог омгийн дотроос ганцхан хүн итгэсэнгүй.
Тэр нь лав Хомотын эхнэр биш.
**********
Саяан нутагт энэ явдал болжээ.
Алс тэртээх Улуг хэм  нутгаас ирж суусан эр эм хоёр урцтай юутайгаа галд хайлчихсан аж.

10 comments:

  1. Сылдыз өвгөн сүнсгүй залжээ айн.

    ReplyDelete
  2. Сүүлийн хэсэг дээр Хомот эргэж ирээд ярьчихав уу, Китек-Оол ярьсан уу?

    ReplyDelete
  3. хэхэ домогт итгэж л байдаг

    ReplyDelete
  4. Өвгөнөөс ганц сайн боллоо доо

    ReplyDelete
  5. Уралдааны машааны жолооч нас нөгцөхийн өмнө "Механик маань намайг эхнэртэй нь унтдагийг мэдчихжээ" гэж хэлсийн гэдээг.

    ReplyDelete
  6. Пазл-Домог байсан шүү дээ хө
    Хөхөө-Китек-Оол ярьсан юм
    serenity -Харин тиймээ.
    Сэгсгэр Сэрээ-Анааш-Тэглээ
    Badman-Хэн тэгж байна?

    ReplyDelete
  7. За даа ер нь замын цагдаа, шүдний эмч мэмчийн эхнэртэй орооцолдоод дэмий байхаа бас.

    Гэснээс Китек-Оолын ярианд итгээгүй ганц хүний нэрийг нийтэд зарлаач ээ. Аягүй бол будлианы хөрөнгө Сылдыз итгээгүй байгаа даа яг.

    ReplyDelete
  8. Муу хүмүүс юмдаа

    ReplyDelete
  9. PUZL-Тэр хүний нэрийг та бүхэн тааж олдог номтой.
    Юки-хэн тэр вээ?

    ReplyDelete
  10. Dendeviin 2 undug gedeg ulger yariachee

    ReplyDelete