Миний эмээ Саяана гэж удган эмгэн байсан юм.
Хэдэн нас хүрснийг нь, бас хэзээ төрснийг нь би сайн мэддэггүй.
Нүүрээрээ дүүрэн үрчлээтэй тува эмгэн.
Аавыг өөд болохын урьд жил гэнэт бие барчихаж билээ.
Бие сайтай, хөнгөн шингэн эмээ байсан даа хөөрхий.
************
Жаахан байхдаа хэнгэрэгний дохиур нь гэх үстэй годгор юмнаас нь үхтлээ айдагсан.
Айх хэрэггүйээ, энэ чинь ид шидтэй дохиур байгаа юм, ханиад гриппийг ганцхан дохиод эдгээдэг юм, гэж ээж хэлснээс хойш тэрэнд нь бүр одоо хүртэл итгэсээр байдаг юм.
Манайхны хэн нэг нь халуурч бүлээрвэл эмээ тэр дохиураараа домноход үнэхээр л гайгүй болчих шиг санагддагсан.
************
Эгч бидэн хоёрыг өөрийнхөө натигай онгонд ойртуулна гэж байхгүй.
Саваагүйтээд нэг хэсэг тамхи татдаг байв.
Тэрнийг минь эмээ мэдчээд, ааваас нууж хааяа янжуур ширхэгээр өгнө.
*************
Онгоноо хааяа залахдаа ойлгохын эцэсгүй хэлээр, /бодвол тува хэл байсан байх/ толгой сүүл холбож, сөөнгөтөн шүлэглэх нь одоо ч санаанд илхэн байна.
Тэр үед нь үнэхээр л ерэн есөн атаа тэнгэр буугаад ирэх шиг санагдаж, нэг тийм гэхийн тэмдэггүй сонин орчин бий болдог байж билээ.
Эмээгийн дуу хоолой эрс өөрчлөгдөж, эршүүд бас бурханлиг, цаанаа л нэг ариун тансаг болдогсон.
*************
Цагаан сараар эгч бидэн хоёрт "цэлбэн" хэмээх тосонд чанасан бин бэлэглэдэг байлаа.
Одоо болтол, эгч бидэн тэр ёсы нь хаяхгүй гэж цагаан сарын битүүнд хүний тоогоор цэлбэн хийж тавьдаг.
Хийж тавих болгондоо эмээгээ байж тэсэхийн аргагүй ихээр санан дурсдаг даа.
*************
Яагаад ч юм эмээ маань үйл үртэсэнд баахан тааруухан.
Оёх шидэх юмыг ээж эгч хоёр л амжуулдаг байв.
Үйл үртэсгүй ээжтэй болоод ч тэр юм уу, аав маань харин яг л эмэгтэй хүн шиг оёж шиднэ.
Бодвол эмээ маань ухаантай хүн болохоороо өөрийнхөө амжуулж чадахгүй юмыг ганц хүүдээ сургасан ч юм билүү.
*************
Одоо бодоод байхад ганц хүүгийнхээ /тэр нь манай аав/ хойно орохгүй гэсэндээ өөрийнхөө шүтдэг тэнгэр шүтээндээ өөрийгөө даатгаж, ааваас урьтаж тэнгэрийн орондоо одсон ч юм шиг.
Эх хүн хүүхдийнхээ ард үлдэх шиг амьдын там хаана байх билээ.