Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Tuesday, February 19, 2013

Рубай

Дурлалд баяссан нүд чинь тормолзоод, эгээ л ботгоных шиг
Дусалхан  нулимс  сормуус дээр чинь,  эгээ л сувдхан шиг
Дурлалын суманд сүлбүүлсэн хос зүрхээ  амраасхийгээд
Дуулим хорвоог уяртал биесээ л жаргаая, эгээ л хоёулхнаа  шиг

Monday, February 18, 2013

Инээдтэй орчлон

Улсын ярих нь инээдтэй
Уйлах нь хүртэл инээдтэй
Ууж идэх нь ч инээдтэй
Унтаж хэвтэх нь ч инээдтэй
Уурлаж цухалдах нь ч инээдтэй
Найзалж нөхөрлөхдөө инээдтэй
Наймаа арилжаа нь ч инээдтэй
Авах нь ч өгөх нь ч инээдтэй
Аллага таллага нь ч инээдтэй
Бодох хүсэх нь ч инээдтэй
Будах шунхдах нь ч инээдтэй
Энэ хорвоо бүхлээрээ
Элэг хөшмөөр инээдтэй

Аав ээжийн нутаг

Хойлогийн дуутай цагаан уулаа
Зөндөө зөндөө санаж дууллаа би
Хормой дэвсэн залбирах аавыгаа
Зүүдэн дундаа бас л харлаадаа
         Аавын минь нутаг
         Амин нутаг минь
         Алдрай багын
         Дагшин орон минь
Тойгон ембүү шиг цагаан уулаа
Найрын хоймроос санан дууллаа
Толгой бөхийн мөргөх ээжийгээ
Нойрон дундаа бас л зүүдэллээ
       Ээжийн минь нутаг
       Элгэн нутаг минь
       Эрххэн багын
       Нандин шүтээн минь
Зүүднээс салдаггүй цагаан уулаа
Манантай будантай нь санаж дууллаа
Зүрхэн тольтоос уяатай болохоор
Мартаж яахан болох л билээ дээ
       Аавын минь нутаг
       Ээжийн минь нутаг
       Алдрай багадаа эрхэлсэн өлгий минь

Tuesday, February 12, 2013

Аав нь хүүгээ саналаа

Аав нь хүүгээ саналаа
Дэндүү их саналаа
Гадаад их далай  өргөн юм, оломгүй юм.  Гэвч
Хүүгээ санасан сэтгэлийг саатуулж хэрхэн чадах вэ
Газрын эн өргөн юм захгүй юм  Гэвч
Хүүгээ санасан сэтгэлийг халхалж яаж л  чадах вэ
Туранхай бор хүүгээ аав нь зөндөө  саналаа
Туг шиг дэрвэж явна гэж туж зүүдэлж саналаа
Уул хангай өндөр юм, зам нь хэцүү юм  Гэвч
Үрээ санасан сэтгэлийг халхалж яахин барах вэ
Ус мөрөн урт юм, тал нь энгүй юм  Гэвч
Үрээ санасан сэтгэлийг саатуулж хэрхэн чадах вэ
Өндөр бор хүүгээ аав нь их саналаа
Өр зүрхэндээ хайрлаж, эрхлүүлэнхэн  саналаа
Тэнгэр огторгуй гүн юм, энгүй юм  Гэвч
Эцгийн халуун хайрыг алсруулж хэрхэн барах вэ
Тэрүүгээр нисдэг зам нь алс юм,  алсхан юм Гэвч
Энгүй их хайрыг алгасуулж  яахин чадах вэ