Хэдэн үе дамжсаныг хэн ч үл мэдэх адууны саран тамга манайд бий.
Манай гэрийн гол шүтээний буланд, тэр тамга, бас “Даян гүү” хэмээх даавуун дээр зурсан бурхан, аавын бүс, хөөрөг мэтсийн цомхон зүйлс байдаг.
Даян гүү, саран тамга хоёр ч яахав намайг мэдээ орсон цагаас манай гэрийн хойморт эмээгийн онго натигайтай цуг оршсоор ирсэн.
***********
Хэдэн жилийн өмнөөс, эгч маань бөөгийн сахиус авч, улаач болсноос хойш манайд, манай хойморт байх болсон юм.
Харин аавын бүс, хөөрөг хоёрыг би сайн дураараа шүтээн болгон тахисаар ирлээ.
Аавыгаа санахдаа би бүс хөөрөг хоёрыг нь үнэртдэг.
Чухам тэр агшинд, хорвоогийн хамгийн мундаг хүн болох, аавын минь амьд ахуйн үнэр хамар нармайд мэдрэгдэж, халуун бүлээн өвөрт нь тэврүүлэх мэт хачин сайхан мэдрэмж төрдөг юм.
***********
Тэр мэдрэмжийн дотор, холын аянаас буцаж ирээд духан дээр минь үнэрлэн үнэсэх, зүггүйтэхэд минь ороолгох тэлээний үнэр холилдон, ертөнцийн, үгээр хэлж дийлэшгүй нэг тийм гэхийн аргагүй зүрх огшоосон үнэр ханхалдаг.
Тэнгэрийн орноо одоод арван хэдэн жилийг үдээд байхдаа ч үнэрээрээ намайгаа энхрийлэн эрхлүүлж, зандран загнах аав мину.
***********
Таныхаан, өвөг дээдсийнхээн гал голомтыг унтраалгүй сахин явахдаа, таныхаа сэтгэлд дотно тэр үнэрийг муу хүү чинь мартаагүй л явна.
Өдий идэр насандаа, үр хүүхдүүддээ мартагдахааргүй дурсамж үлдээж чадаагүй яваа бядуу хүүгээ аав минь өршөө.
Сыгыдай, Саяана хоёртоо өвөг дээсийнхээ хүн чанарыг л үлдээе дээ.
**********
Уул шугамандаа би эцэг хүн.
Харин миний үнэрийг хожим хойно үр ач минь мэдрэх болов уу.