Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Friday, January 8, 2010

Анчин болсон түүх

Аюур өвгөн он гараад ерэн насны босгыг алхлаа.
Идэр залуудаа тэр нутаг усандаа нэртэй анчин байсан юм.
**************
Арван гуравны жил орохынхоо урьд өвөл аавынхаа цахиур буугаар буудаж сурчээ.
Хэрэм үнэгийг гаргаахаа болив.
Хулгана сарын дундуур, идэр есийн хүйтэн тачигнасан нэгэн өдөр, мал бэлчээрт гарсны дараа аавынхаа урт хар бууг хөндөлсүүлэн үүрээд, "Хөх эрэг"-ийг чиглэн шогшуулав.
Хөх эрэг гэдэг нь Үүрэг нуур луу түрж орсон гучаад алд орчим өндөр хадан цохио билээ.
***************
Цохионы орой дээр мацуулсаар гарч ирэхэд нар уулын толгойд очиж, мөсөн нуурын мандал, жаргах нарны туяанд гялтганан, хэмжээ хярхаггүй том болор адил үзэсгэлэнтэй харагдана.
Оройн жавар эхэлж, хүн морины амьсгал, мөсөн аялгуу дуулах мэт цангинан царгина.
Ер юм бүхэн, нуурын мөсөн мандлаас авахуулаад, цасан нөмрөгт хадан цохио, цохионы ар шилээр урсах жижигхэн голын уур цан савсуулсан харз, харзны эргийн цөөн хэдэн гацуур цөм мөсөн болор аялгуу дуулах мэт сонихон сэрэл мэдрэмж төрүүлнэ.
***************
Гэтэл цохионы өврөөр, нуурын мөсөн мандал дээгүүр арван хэдэн чоно гарч ирэв.
Чононууд цувран явах бөгөөд, хамгийн урьд өлөгчин нь бололтой, жавхайсан нарийхан биетэй чоно жарваганан шогшино.
Түүний араас, биеэр арай том чоно даган сайварлаж араас нь бусад нь цувран дагажээ.
Цуварч яваа чононууд, Аюурын нүдэнд ачаатай тэмээн цуваа шиг сүртэй харагдана.
****************
Аюур, гэнэт ангийн хорхой нь гозолзож, буудахаар шийдэв.
Цэнэглэж зэхсэн цахиур буугаа шийрлэж, хамгийн өмнө яваа өлөгчин чоныг хараалаад, дал хавсран хаж* орхив.
Ард нь яваа чононууд балмагдах мэт хоромхон зог туссанаа унаад өгсөн өлөгчинлүүгээ нэгэн зэрэг ухасхийн дайрч, тасар татан хаях нь тэр.
Тэгээд буун дуу гарсан цохионы зүг хар хурдаараа давхилдав.
Өлөгчингүй болж, бараг галзуурсан сүрэг чоно цохионы оройд бээцийн суугаа Аюурт өш хорслоо тайлахаар айсуй.
*****************
Айсуй чононуудаас сүнсээ хальтал айсан Аюур, яах учраа олохоо болиод, муу цахиур буугаа цэнэглэхээр дэмий л дарь, хорголжоо цувуулан хийгээд сүмбэдэх гэж оролдож байв.
Айснаасаа болоод хамаг бие нь салганан чичирч, түрүүчийн чоно ойртож ирээд, амьсгаа нь хүртэл сонсогдох шиг санагдлаа.
Хашгирах гэвч дуу нь үл гарна.
*****************
Буугаа сүмбэдэх гэж салгалан чичирч байхад нь, бууных нь бөгсөнд данхны чинээ чулуу цохигдон, таг таг гэж дуугарч байгааг анзаарлаа.
Нөгөө чулууг буугаараа түлхээд үзтэл, муухан хөдөлж байв.
Тэгэнгүүт хүчлэн түлхэж, дөхөж ирсэн түрүүчийн чононы өөдөөс, хадан цохионы уруу нөгөө чулууг өнхрүүлж орхив.
*****************
Өндөр дээрээс өнхөрсөн чулуу улам хурдаа аван ойж буусаар уруудахад, улангассан чононууд чулууны хойноос хөөцөлдөж, бүгд буцан харайлгацгаав.
Тэр хойгуур, Аюур буугаа ч авах сөгөөгүй морь луугаа унан тусан гүйж хүрээд, үсрэн мордож, гэрийн зүг галзуурсан юм шиг давхиуллаа.
*****************
Хэд хоногийн дараа, айдас хүйдсээ арай гарсан хойноо, Аюур нөгөө газраа ирж хаяж орхисон буугаа авах гэтэл, чононууд хондогы нь юу ч үгүй болтол химлэж хаяаад, энд тэндээ цусан толботой, царил мэт урт хар гол төмрийг нь л үлдээсэн байжээ.



*-Буудах гэсэн ойрд үг.


19 comments:

  1. Уншаад байгаарай манайхаан.

    ReplyDelete
  2. Butelgui anchin bna daa

    ReplyDelete
  3. Аюур цахиур буу биш автомат СВД ч юм уу, Сайгак ч юм уу аваад гарахгүй дээ. Хэ хэ.

    Бааст гуайн зохиолд бас үүнтэй төстэй үйл явдал гардаг. Гичийгээ алуулсан чонын сүрэг яг ингэж улангасч хүн рүү дайрдаг гэдэг үнэн болов уу?

    ReplyDelete
  4. "Чулуу хөөлгөх" гэдэг чинь л энэ дээ хэхэ. Мань хүнийг би ч өнгөрчээ л гэж бодоод маань үглэн, уншиж суув шүү.

    ReplyDelete
  5. Шоовойтамир-Бүтэлгүй биш, харин ч азтай юм бишүү хэхэ
    Амарсайхан-Хэхэ. Энэ явдал 1930-аад оны дундуур болжээ. Тэр үед арван хэдтэй жаал хөвүүн хэрэглэх байтугай армийн зэвсэглэлд хурдан буу ховор байсан байхаа. Ер нь цуварч яваа чоныг арынхаас нь эхэлж бууддаг ёстой юм гэнэлээ.
    ПУЗЛ-Нээрээ л чулуу хөөлгөсөн дөө хэхэ

    ReplyDelete
  6. ...Улангассан чононуудын эсрэг Аюур эцсийн хүчээ шавхан цахиур бууныхаа гол төмөрийг барин тэмцэхээр босчээ. Түүний хамаг хувцас хүү татуулж ...

    ReplyDelete
  7. Badman-Хахаха тэр чинь арван хэдтэй жаалхүү шүү дээ анд минь. Өөртэйгээ адил санах юмаа чи хэхэ.

    ReplyDelete
  8. Арван хэдтэйдээ аавтайгаа хамт лааз буудаж суусан минь санаанд оров байна.

    Амьтны амь хороох гэдэг ч яггүй тоглоом шиг байна лээ дээ

    ReplyDelete
  9. Чи ч айхтар охин байжээ тэгвэл

    ReplyDelete
  10. Яагаад буудуулаад унасныгаа тасар татаа хаячуу? Ямар учиртайн?

    ReplyDelete
  11. Юки-Ер нь тийм байдаг юм билээ

    ReplyDelete
  12. Юки аниаг дагуулаад анд яваач Дэнэгээ

    гэснээс хаанаас буудсаныг нь яаж мэдсийн бол тэд нар????

    ReplyDelete
  13. чоно сүргээсээ барьж идэдгүй биш билүү

    ReplyDelete
  14. Мидчихийсаа.

    Луза яахну намайг айййй? одоо байтлаасаа бүрррр аййййй??? гэснээс Сарнайха минь тасар татаа хаяц болохоос идээгүйм шигээнээ

    ReplyDelete
  15. LuZa-Хараад мэдсэн байхаа.
    Сарнайха-Барьж иддэггүйээ. энчээ ч гэсэн барьж идээгүй. Юки тов тодорхой хариулсан байна чамд
    Юки-Харин тиймээ.
    Луза гуай яагаад байгаан болоо?

    ReplyDelete
  16. Албан ёсны атмаат хариулагч ажил хайжээн

    ReplyDelete
  17. Юки-манайд орон тоо байхгүй л дээ уучлаарай

    ReplyDelete
  18. Би яасын яагаачгүү ш дээ зүгээр л тэр өлөгчингөө яагаа тас татцын бол гэж бодоод Юки аниаг дагуулаад газар дээрээс нь сурвалжлуулаад ирэг л гэсийн хаха

    ReplyDelete