Э-э-э-э-э-ж-э-э-э-э-э-э-э-э.... ээж минь эээ
Тэрээр ингэж цахиртсан хоолойгоор бахардан хашгирлаа.
*******
Мөн ч их цастай өвөл болж билээ.
Хүйтэн гэдэг ч тоймгүй.
Сумын төвийнхөн хөдөөнийхөнтэйгээ хамтдаа зутарч байв.
Арван сарын дундуур анхны цас ороод, байн байн нэмсээр ес эхэлж байхад Их нууруудын хотгорыг бүхэлд нь хөдөлгөөнгүй дарж авлаа.
********
Тэр үед мөрийтэй тоглох хориотой байсан аж.
Сумын төв дээр нууцаар мөрийтэй хөзөрддөг хэсэг залуус байх.
Тэдний дотор цэргээс халагдсан, шоронгоос тавигдсан, сургууль соёлоос хөөгдсөн нь ч бий.
Заримдаа өгөө аваанаасаа болж хоорондоо хааяа муудалцана.
********
Нэг удаа, багшийн сургуулиас хөөгдөж очсон Ням, цэргээс халагдаж ирээд ажил төрөлгүй байгаа Дорлиг хоёр муудалцлаа.
Дорлиг гэзэг ороосноос болж тэд хоорондоо зодолдов.
Шөнө дунд гарсан хэрүүл шуугианаар хэсгийн төлөөлөгч ирж нөгөө тоглоомчдыг барьчихлаа.
Маргааш өглөө тэднийг сараар баривчилж албадан ажил хийлгэхээр аймаг уруу илгээв.
*********
Аймгийн төвийн аюулаас хамгаалах /онцгой байдлын/ фондод өвс пресслэх хөлгүй их ажил өрнөж, түүнд баривчлагдсан хэдийг ажиллууллаа.
Сумаас ирсэн дөрвөн тоглоомчин хамтдаа нэг трактор дээр ажиллах болов.
Тохиолдлоор Ням Дорлиг хоёр хаман боогчийн өмнөөс нь өвс чихэж өгөх, нөгөө хоёр нь гарч ирсэн боодолтой өвсийг тосож аваад хураах ажилд тавигджээ.
********
Угаасаа асуудалтай байсан хоёр залуу, өмнөх маргаанаа мартаж чадалгүй дахин зөрөлдөв.
Ноцолдож байгаад Дорлиг нь дээлийнхээ хормойгоор эргэлдэх буланд орооцолдож хаман боогч уруу хамагдан орчихов.
Ойр хавийн газар цусанд будагдлаа.
Тракторчин ч тэр дор нь ажлаа зогсоогоод бууж ирвэл талийгаачийн цогцосноос тэр гэхийн тэмдэггүй сэг үлдсэн байв.
Удаж төдөлгүй цагдаагийнхан ч ирж Нямыг гавлаж аваад явлаа.
********
Тэр цагаас хойш Ням ээжийнхээ барааг харсангүй.
Ээжтэйгээ хоёулханаа амьдардаг тэрбээр хүүхэд байхын л хэрэг төвөгт орооцолдомтгой байжээ.
Арваа төгсөөд багш болохоор дээд сургуульд орсон боловч хүүхэд цагийн томоогүй зангаасаа болоод сургуулиасаа хөөгдсөн билээ.
Аавгүй хүүхдийн толгой том гэдэг энэ аж.
********
Хүний амь насыг санаатай бүрэлгэсэн хэргээр дээд хэмжээ сонсгосон боловч, ёстой л бурхан тэнгэрийн ивээлээр амь өршөөгдөж, хорин таван жилийг торны цаана өнгөрөөх боллоо.
Угаасаа хөгшин хонины насгүй болсон ээж нь хүүгийнхээ гарч ирэхийг үзэх эсэх нь эргэлзээтэй.
Эхний хэдэн жил нь ч Ням нэг их тоосонгүй.
Суллагдахаасаа жилийн өмнөөс муу ээжийгээ санахын ихээр санадаг боллоо.
*******
Бараг шөнө болгон ээжийгээ зүүдлээд, хар дарж, цочин сэрнэ.
Тэгээд хугацаа дуусаж суллагдлаа.
Түүнийг шинэ нийгэм, шинэ орчин, ер шинэ бүхэн тосож авав.
За тэр нь ч яахав, хамгийн гол нь ээж нь байхгүй болсныг тэр мэдэхгүй байлаа.
*******
Төр түүнийг уугуул аймагт нь хүргэж өгчээ.
Тэр хамгийн түрүүн сумандаа очиж ээжтэйгэ л уулзах гэж яарч байв
Тэгээд ч аймгийн төвд таних хүн нэг ч байхгүй.
Замын унаа, хөлсний унаа хольж хонуут өнжүүт явсаар хоёр зуугаад мод газрыг ардаа орхиж төрсөн сумынхаа барааг харлаа.
Замдаа нэг хоноход хар даран зүүдэлж, ээжийгээ дуудан хашгирч байв.
Учры нь мэдэхгүй хүмүүс түүнийг шоолон инээнэ.
*******
Төрсөн, өссөн хашаандаа ирлээ.
Хөөрхий ээжинх нь жижигхэн бор гэр алга.
Хашаагаар дүүрэн лууль шарилж ургаад, салж унасан банзнуудынх нь хоосон зай сэгийнэ.
*******
Ид дунд насны хүдэр эр балмагдах мэт хачин царайлан зогсохыг дэргэдүүр өнгөрөх хүүхэд хараад хэрэгт дурлан очжээ.
Тэр хүүхдийг дагаж гэрт нь очоод, аав ээжээс нь хамаг учрыг мэдлээ.
*******
Хөөрхий эх нь амин голоо тасран тасартал хүүгээ хүлээсэн байжээ.
Гурван жилийн өмнө өөд болсон эмгэнийг нутгийн хэдэн хүн хөдөөлүүлсэн аж.
*******
Оршуулганд оролцсон хөгшчүүлээр ээжийнхээ газрыг заалгаж аваад, нийтийн оршуулгын газар луу тэр дороо алхлаа.
Бараг эдгэрчихсэн газарт даруухан хөшөө нь л үлджээ.
********
Э-э-э-э-э-ж-э-э-э-э-э-э-э-э.... ээж минь эээ
Тэрээр ингэж цахиртсан хоолойгоор бахардан хашгирлаа.
НАМИРАА САЛХИ (Өгүүллэг)
1 year ago
Цаашдаа яаж амьдрах юм бол?
ReplyDeleteАмьд хүн аргатай даа
ReplyDeleteАргалын гал цогтой доо
Ай хөөрхий залуу нас аа гэж. Мөн ч томоогүй байж билээ.
ReplyDeleteGalzuu bariin amand garaa xiideg zaluu nas geed baixaar ni garaa yaaj xiixev geed chigchiigee duxuulj baisan xumsnii toliotoi tas xazchdiimdaa
ReplyDeleteБадма-Чи ч нээрээ л томоогүй золиг байсан шүү
ReplyDeleteШоовой-Ааан тэгээд чиний чигчий ийм богинохон болчихсон юм бий вий. мэдлээ мэдлээ
shorond baigaa hund eejiig ni ungurluu gej hel chimee ochihgui gej uu?
ReplyDeleteНадаа бол одоо л ээжээ гэж хашгирмаар санагдаад байна
ReplyDeletejam shuu dee
ReplyDelete