Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Monday, November 30, 2009

Хүү чамдаа

Өвөг дээдсээс өвлөж ирсэн
          гал голомтын минь эзэн,
                     нуган үр чамдаа захиж хэлэх үг байна.
Өөдтэй дүн авдаггүй сурагч байлаа гэж зэмлэхгүйээ аав нь,
                              өөдгүй шаар л битгий болоорой доо үр минь.
Ном эрдмийг сурсангүй г
          аав нь хүүгээ зэмлэхгүй ээ,
                              номхон даруугий нь сураарай даа хүү минь.
Өөрөөсөө дорд хүнийг
           ихэмсгээр битгий хараарай,
                               өндөр дээд хүнийг зусардаж битгий гүйгээрэй үр минь
Хүмүүс чамайг магтвал
            омогшиж битгий хөөрөөрэй,
                               хүлцэнгүй даруугаар өөрөөсөө өөг нь эрээрэй хүү минь
Хүмүүс чамайг муулбал
             шаралхаж битгий гомдоорой,
                               хүмүүн төрөлхтөний уг чанар нь тийм билээ үр минь
Эцэст нь хэлэхэд ээжийгээ хайрладагийн адилаар,
                                бусдыг ч бас энэрч яваарай хүү минь
Асуултын тэмдэг шиг тахир төрхтэй аав нь,
                                анхаарлын тэмдэг шиг тэгшхэн сэтгэлтэй явлаа
Болж өгвөл аавынхаа сэтгэлийг дуурайгаарай үр минь
                              болохгүй бол битгий эсэргүүц, өөрийнхөөрөө яв даа хүү минь
Өнгөрсөн үе рүүгээ битгий нулимаарай,
                             чамд ч бас өтөл нас хэмээх ирээдүй бий шүү үр минь

Monday, November 23, 2009

Хэнд ч анзаарагдаагүй хүний тухай.

Арваад жилийн өмнө Маадырма эмгэн бурханы ороноо одов.
************
Хайртай хүнтэйгээ хамт амьдрах гэж хүний санаанд оромгүй их зовлонг туулжээ.
Хайртай залууг нь Куулар гэнэ.
Чинээлэг айлын эрх хүүд сэтгэлтэй болчихож.
Гэтэл аав ээж нь тарчиг ядуу, олон хүүхэдтэй.
Ядуу хүний хүүхэдтэй, хүүгээ гэрлүүлэхийг хүсээгүй цаадуул нь нутгийн баяныхаас бэр буулгажээ.
Маадырма хувь тавилантайгаа хурдан эвлэрч чадсангүй.
Хайртай залуугаа мөрөөдсөөр байлаа.
*************
Куулар баян айлын дагавар хүүхэдтэй хүүхэнтэй суугаад нэмж хоёр охинтой болжээ.
Эхнэр нь бага охиноо хүндрэлтэй төрүүлээд, тэрнээсээ болж нас барав.
************
Куулар малын хулгайн хэрэгээр олон жилийн ял авч шоронд оров.
Гэрт нь гурван өнчин хүүхэд үлдлээ. Том нь гурван настай, бага нь манцуйтай.
Маадырма олны хэл амнаас төвөгшөөлгүй өнчин хүүхдүүдийг өөр дээрээ авав.
Яагаад гэвэл тэр хүүхдүүд, хайртай хүнийх нь хүүхдүүд билээ.
***********
Кууларыг ирэх хүртэл арван жилийн турш хүүхдүүдийг өөриймсгөөр өсгөжээ.
Кууларыг ирэхэд хүүхдүүд нь танихгүй байжээ.
Энэ арван жилд Маадырма өрөөлийн хүүхдүүдийг өсгөх гэж амссан зовлон тоймгүй.
Гэрт орж эм, гадаа гарч эр болж явав.
Ааштай мориноос унаж эрэмдэг боллоо.
Элэг бөөр нь эмээлийн бүүргэнд цохигдоод, аймгийн эмнэлэгт хоёр сар гаруй хэвтсэн.
Тэр хэзээ ч хүүхэд гаргаж чадахгүй болжээ.
************
Куулар шоронгоос ирээд хүүхдүүдээ авахдаа аргагүйн эрхэнд Маадырмаг эхнэрээ болгож авлаа.
Тэр хоёр хэдэн жил амьдарсан боловч дундаас нь хүүхэд гарсангүй.
Үүнд гутарсан Маадырмаг нөхөр нь үргэлж дарамтлан зовоож, заримдаа архи ууж ирээд зодож жанчих болжээ. Учир нь тэрээр шоронд маш их эвдэрч, ёс суртахуун гэхээр юмгүй болсон байна.
Гэвч Маадырма нөхөр хүүхдүүдээ уучилсаар, хайрласаар.
*************
Тэр өөрөө хүүхэд төрүүлж чадахгүй учир өрөөлөөс хүүхэд үрчилж, өөрийн гэсэн хүүхэдтэй болохыг хүсээд, нөхрөө цуцалтгүй ятган зөвшөөрүүлж чаджээ.
Тэгээд гэртээ хүүхэд гаргасан нэгэн хүүхнээс хөвгүүний нь өргөж авлаа.
*************
Куулар насны эрхээр, өвчний хүндээс болж ертөнцийн мөнх бусыг үзүүллээ.
Насанд хүрсэн хүүхдүүд нь ч тус тусын амьдарлыг зохиохоор эцгийн гэрийг хэдий нь орхиод, Маадырма өргөмөл ганцтайгаа үлджээ.
**************
Өргөмөл ганц хүүгээ тостой гараар барилгүй, тоостой газар тавилгүй эрхлүүлэн өсгөжээ.
Хүү нь өсөж, эрийн цээнд хүрээд олны хараал идсэн овилгогүй, хүмүүжилгүй хүн болжээ.
Бүр хөгшин настай ээжийдээ гар хүрсэн удаа ч бий.
Байсгээл хэл ам таталж, цагдаагийн хаалга татна. энэ тоолонгоор үрээ хайрласан эх нь сэргийлэхийн үүд сахина.
*************
Насан туршдаа бүгдийг хайрласаар, бүхнийг уучилсаар амьдарч ирсэн Маадырма эмгэнийг хэн ч анхаардаггүй байсан бөгөөд, насан өөд болоход нь ч хүн анзаарсангүй.

Friday, November 13, 2009

Алуурчны ээж

Хажууд Хөхий хан налайж байхад нэг муу өвөлжөөнөөс болж ийм ч юм хийх гэж дээ...
Бүхэл бүтэн айл өрхийн тавын таван хүнийг...
Хэзээ хийсэн үйлийн үр болоод би ингэж зовох ёстой юм бол доо...
Миний зовох ч яах вэ, муу хүү минь тэр хэцүү нэртэд яаж зовж байгаа болдоо...
Тэр муухай төмөр, гарын яаж идэж байгаа бол...
Ээжийнхээ цайг үгүйлж л байгаа даа хөөрхий муу хүү минь...
Айлын хоол идэж чаддаггүй хүү минь, тэр хатуу газрын хоол унданд дасаж чадахгүй л байгаа байх даа...
Тэр газар үсий нь авчихдаг юм гэсэн, Чихнийх нь ард үс үлдээчих вий дээ хөөрхийс...
Баастай бурхан минь... Үр минь...Ийм л үйлийн үртэй, богино настай байсийм байж дээ...
Ингэж өөрийгөө ч зовоож, өрөөлийг ч зовоох байсан юм бол, юунд наддаа заяасан үр юм бол доо...Хөөрхий минь... Өрцнөөс тасарсан үр минь...

Tuesday, November 10, 2009

Тахир дутуу хүн

Түүнд хөл байхгүй.
Хөхөө өвлөөр гудамжинд тасарч унаад хөлдөөсөн.
Бөөлжисөндөө хутгалдаад хэвтэж байхад нь хэн ч түүнийг тоогоогүй орхисон.
Үнэндээ бол сэжиглээд ойртоогүй.
Эргүүлийн цагдаа ч түүнийг хараагүй. харахыг ч хүсээгүй.
Хөлдөөсөн хөлий нь эмнэлэг эвтэйхэн тайраад өгсөн.
Түүнд өрөөсөн нүд байхгүй.
Архины найзуудтайгаа зодолдоод тэс цохиулсан.
Бүлтрээд гарчихсан нүдий нь хэн ч буцааж оруулж дийлээгүй.
Цуг байсан согтуучууд нь алганы хонхорхойгоороо ээлжлэн дарсаар, тэр гэхийн тэмдэггүй халтайсан юм болсон.
Нүд ингээд гарзандаа гарав.
Түүнийг харсан болгон ад үздэг.
Хамаатан садангууд нь хүртэл тээршаана.
Яагаад гэвэл түүнээс олон сар жилээр угаагаагүй хир хулмас, согтуудаа нойтогносон шинхэг, өмхий самхай бүхэн үнэртдэг.
Тийм болохоор өөрөө ч хүмүүстэй дотносохоос зайлсхийнэ.
Тэргэнцэр дээрээ эвхийгээд сууж байгаа түүнийг зам хөндлөн гаргаад өгөх хүн ч эс олдоно.
Хэдийгээр тэр харагдах өнгөндөө үзэшгүй муухай ч гэлээ, өмнөх алдаануудаа хожимдсон ч гэсэн ухаарч чадсан эрүүл сэтгэлтэй аж.
Тахир дутуу хүн гэдэг бол тахир дутуу сэтгэлтэн билээ.

Tuesday, November 3, 2009

Хэрээ... улбаалаад нүд...

Хон хэрээг хүн бүхэн үзэн яддаг.
Яагаад гэвэл тэр хар зүстэй, яагаад гэвэл тэр гуагалдаг.
Хамгийн гол нь тэр үхсэн амьтны нүдийг ухдаг.
Тэр нүд ухахгүй гээд өөр яахым бэ?
Хушуу нь зөвхөн нүд ухахад л зориулагдсан ч юм билүү.
Ингэж амьдарахыг өөрөө хүссэн ч юм уу үгүй ч юм уу?
Бидэнд таалагдах гэж зүсээ хувиргаж цагаанаар будах ёстой юм болуу?
Түүнд бурхан зөвхөн гуагалах эрдмийг өгөөд, жиргэх, донгодох эрдмийг хармалсан ч юм билүү.
Бид хонины мах иддэг.
Хонь өвс иддэг.
Хэрээ харин нүд иддэг.
Бид ярьдаг, дуулдаг.
Хонь майлдаг, тургилдаг.
Хэрээ харин гуагалдаг.
****************
Нүдгүй боллоо гээд сохордоггүй аж.
Нүдгүй болсон ч сэтгэлээрээ хорвоог харсаар байдаг аж.
Нүд зөвхөн харагдах өнгө болохоос мөн чанар биш аж.
Сэтгэл амьд байхад нүд хэзээ ч сохордоггүй аж.