Дэргэдээ суулгаж хүлцсэнээрээ
Тэнгэр бурхан минь болов тэр...
Сапфо
"А"-нэг
Алтан илтэс шиг навчисаар бороо оруулж соёрхсон
Алхахад, хөлийн минь доор ивж, зам гоёсон
Арван долоон насны минь гэнэн дурлал шиг
Алиа хонгор салхитай намрыг дурсан дуулнам би
"Э"-хоёр
Энхрийхэн бүсгүйн гарт анхлан атгуулсан
Эхний хайрын минь элч, дурлалын захианд
Эр зориг элэг зүрх минь хамт нисэн очоод
Эвхээснийх нь завсраас инээмсэглэсэн юм
"И"-гурав
Ийм агуу дурлал байдаг, чухам тэнгэрлэг
Ингэж ариухнаар, бас гэгээнээр дурладаг
Ихэрхүү нэрэлхүү хоёр хөлийн чинь дор нуран унаад,
Инээд, нулимс хоёр л хань болж үлдлээ
"О"-дөрөв
Оломгүй хөх далайгаас, ганцхан сувд олох адил
Олны дундаас ганцхан чамайгаа л олжээ
Олжээ би, дурлалын харцаар олжээ
Орчлон уярч, хорвоо баястал чамдаа дурлажээ
"У"-тав
Ухаангүй дурлалын охь балыг амтланхан суухдаа
Усан үзмийн дарсаар дарууланхан уулаа
Ужид цэнгэлийн хөшгийг түр хойш нь татаад
Учирсан чамдаа итгэж, байгаа бүхнээ даатгалаа
"Ө"-зургаа
Өөрийн амрагаа тэврэн, цэнгэлийн далайд явахдаа
Өөр бүсгүйн тухай бодож амжина гэж үү
Өр зүрхний хайрыг хувааж болно гэж үү
Өвгөн настан болсон ч, чамайгаа мартана гэж үү
"Ү"-долоо
Үндэс нь гэсэж, хаврын цэцэг дэлбээлэх шиг
Үлээхийн төдийд дүрэлзэн асах цог шиг
Үүрдийн хайр гэж ийм тансаг,
Үгээр хэлэхийн аргагүй, ойлгоход бэрх