Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Sunday, September 29, 2013

Сагилийн гол

Нар тосож, нар даллаж, нар зөв ороож  урснам билээ
Нас нэмж, насны шүтээн болж, нар хурайлж урснам билээ
Боргио цацлан, бийлэн хөөмийлөн, хатиран цовхчин урснам  билээ
Бодол үргээн, харзлан харзлан,  хархиран  цуурдан урснам билээ
Эргийн шугуйдаа эрхлэн,  намиран намилзан  урснам билээ
Энэ биеийг минь угаан ундлан, адислан шавшин урснам билээ

Намар бодлогоширов

Сэв сэв салхинд, мөчир орхиж дэрвэсэн
Шав шар навчис, хотоор нэг хийсвэй
Сэр сэр бороонд, мөр норгон алхахуй
Дав дув бодлууд, сэтгэлийн мухраас алсарвай
Хөнгөн шингэн гуниг, сэмхэн сэмхэн алдархуй
Нимгэн цагаан будан, зүүд адил сарнивай

Thursday, September 26, 2013

Зуун дамжсан хүн

Хорьдугаар зуун, толгойг минь илж өсгөсөөн
Хориннэгдүгээр зуун, хөлийг минь хучиж өгнөө
Эсэргэн үе минь намайг эмээл дээр мордуулсаан
Энэ үе минь намайг эмээлээс сугадаж буулганаа

Saturday, September 21, 2013

Явчихлаа

Явчихлаа...
Яарах мэт, хар нялхаараа явчихлаа
Шувууд буцахын өмнөхөн ирсэнсэндээ
Шувууд ирэхийн өмнөхөн буцсансандаа
Шулганан эрхлэх чинь санаанаас салдаггүй дээ
Шуударч, эгнэгт эндээс явчихлаа даа
Энэ хорвоо уулаас түүний нутаг биш л байж л
Энд зүгээр л тэнгэрийн зүүдээр ирсэн санж л
Ээж аавтайгаа зүгээр л уулзсан аж л
Эндээс тэр буцаад яарах мэт явчихлаа
Явчихлаа даа...

Sunday, September 15, 2013

Билгийн улирлын арван таван

Сарыг нар,  гэрлээрээ хучин учирах шиг
Сайхан чамайгаа, хараад би дурласаан.
Нар гэрлээрээ сарыг мялаан уулзах шиг
Намайг чи минь хайраараа жаргаасаан

Saturday, September 14, 2013

Цаг хугацааны хөлгөөр...

Цаг хугацааны хөлгөөр нисэж
                       тооллын  цаглашгүйд  хүрлээ би
Үнэндээ энд гайхах зүйл огтхон ч алга
                       Үзэн ядах, үхэн дурлах хоёр мандаж  л байна
Эрт, эдүгээ, түүнчилэн цаашдаа ч  гэсэн
                      эрхлэн хайрлалцаж, эгнэгт хагацахуй
                       оршсоор л байх вий

Friday, September 13, 2013

Жолоогүй сэтгэл

Тэнгэрийн нар сар
             мандахдаа ч жаргахдаа ч
             надаас соёрхол эрдэг
Газрын  өвс ургамал
             гандахдаа ч сэргэхдээ ч
             надаас соёрхол эрдэг
Гагцхүү сэтгэл минь л
             надад үл эрхшээгдэж
Гоо үзэсгэлэнгийн өмнө
             өвдөг сөхрүүлдэг

Monday, September 9, 2013

Энэлэнгийн дуулал

                                 Бяцхан шүүдэр замхарчээ
                                 Бидний энэ ертөнцөд
                                 Байж тэссэнгүй дээ
                                              Исса Кобаяаши

Энэ бол гаслангийн дуулал
              өөр юуны ч тухай биш
              энэлэнгийн дуулал
Эдэлж туулсан зовлон шаналал
              гуниг гансарлын дуулал
Эцгээсээ салах хэцүү,
              тулах багана нурж
              орчлонгийн ёроолд унах мэт
              туулж эс барах гаслангийн далайд живэх мэт
Эцгээсээ салах хэцүү, хэцүү гэвч
              эргээд сэргэдэг нулимс хатдаг
Ээжээсээ салах хэцүү
              үндэсээ тасдуулсан цэцэг
              үүрд гандан унах  мэт
              уснаасаа салсан загас
              амь тэмцэн тэлчлэх мэт
Ээжээсээ салах хэцүү, хэцүү гэвч
              эргээд сэргэдэг,   төдөлгүй тайвширдаг
Нуган үрээсээ салах хэцүү,
             нулимсан далайд живдэг
             нулимс хэзээ ч хатдаггүй
             өр зүрхийг урж тасдах мэт
             өөр юутай ч зүйрлэшгүй
             хөл алдаж, харанхуйн мананд төөрөх мэт
            хөвж жингүйдээд, орчлонд барьц алдах мэт
Нуган үрээсээ салах хэцүү, хэцүү
Нулимсан далайгаас гарах хэцүү
                                             хэцүү
                                             хэцүү...
...Энэ бол гаслангийн дуулал
              өөр юуны ч тухай биш
              энэлэнгийн дуулал
Эдэлж туулсан зовлон шаналал
              гуниг гансарлын дуулал...

Сохор дурлал

Чөтгөрийн хорлол болчихжээ
Чөдөрлөөд, эрх чөлөөгөө хасчихжээ
Үзэмж төгсийн өмнө сөхөрч унажээ
Үзвээс,  нэгэнт солиорч гүйцжээ
Буг чөтгөр гоо сайханд хувилж иржээ
Бурхны хүүхдийг тамын зовлонд татаж унагажээ
Нүдээ нээж сэргэе гэвч нэгэнт хожимджээ
Шүдээ хавирч хөмхий зуувч хорвоо өнгөрчээ

Tuesday, September 3, 2013

Намрыг магтана би

Намрыг магтана дуулна би
Нараар ээж гийгүүлсэн, нарыг бас үүлээрээ  хааж соёрхсон
Намрыг магтана би
Наран доор нь амраг сэтгэлд уярч,
Нам гүмхэн үдший нь зүрхний цохилтоороо  цочоосны улмаас
Намрыг магтана би
Зүсэр зүсэр цагаан бороотой,
Зүггүй хонгор сэвшээ салхитай
Зүүдэлгүй алтан талы нь чимэх царцаа голионы царгиатай
Зүрхний чамтайгаа дуулах амрагийн дуутай
Намрыг магтана би,
              магтан дуулна би

Ерэн найман оны наадам

Ерэн найман оны наадам санаанд тодхон наадам
Чамтайгаа хөтлөлцөөд, шив шинэхэн, огт танихгүй орчинд орж ирсэн
Чамаас ондоо наадамчин байхгүй юм шиг наадам
Чамайгаа хөтлөөд хөөрч явсан ерэн найман оны наадам
Хөлөөр хөглөрөх хог цаас, хүүхдийн шуугиан, хүмүүсийн хөөр баяр
Хуушуурын үнэр, тоглоом наадам, гоё ганганыг анзаараагүй
Олны хөлөөр боссон тоос шороо, олон олон  сонин хачныг анхаараагүй
Зөвхөн чи л дэргэд минь, гарт минь хөтлөөстэй байсан
Тэр жилийн наадам, ерэн найман оны наадам