Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Thursday, January 31, 2013

Аавдаа бичсэн шүлэг /бүлэг рубай/

Аавынхаа тухай дуулж бичлээ би
Алдрай бага насаа бас дурсаж бичлээ би
Том  оо гараас нь бариад наадам үзсэн тухайгаа
Томоожиж хөгширсөн хойноо дурсаж бичлээ би

Өндөрхөн аавынхаа тухай дуулж бичлээ би
Өөдөс жаахан насаа бас дурсаж бичлээ би
Өндөр хээр морьтойгоо галигуулж явсан тухай нь
Өнжин хонон бодсоор дурсаж бичлээ би

Олонтой явсан аавыгаа уйлж бичлээ би
Олойрт морь унаагүйгий  нь дурсаж бичлээ би
Алхаж огтхон ч болохгүй шар суран бугуйлыг нь
Авч үлдэж чадаагүйдээ харамсан дурсаж бичлээ би






Friday, January 25, 2013

Цагаан шувуут минь

Дуулахгүй л аа яаж л тэсэх юм бэ
Дуулга мөнгөн уул минь дээ хө
Ээмэг хадандаа ирвэсийн хэвтэртэй
Эрдэнийн уул -Цагаан шувуут минь ээ

 Хайлахгүй л аа яаж л болох юм бэ
 Хаш эрдэнийн уул минь дээ хө
 Асгат цармандаа  янгирын сүрэгтэй
 Арцын үнэрт Цагаан шувуут минь ээ

Зүүдлэхгүй л ээ яаж л хонох юм бэ
Зүрхэн цагаан уул минь дээ хө
Мөнгөн дуулгатай номин хүрэмтэй
Мөнхийн шүтээн Цагаан шувуут минь ээ






Friday, January 18, 2013

Амраг сэтгэл гэгч..

Амраг сэтгэл хэмээгч энэ диваажингийн зовлон
Аль  диван галавт ч байж л байсан юм
Олсон үмх махаа эм хүйстэнд өгөх гээд
Омруугаа цусдан гүйж л явж, холын өвөг минь

Tuesday, January 15, 2013

Харьцуулсан нь

Ганга мөрний булингарт усыг,  хичнээн шүлэгч шагшин дуулваа
Газар дээрх ариун ус гэж,  өчнөөн найрагч шагшин дуулваа
Бидэртэн галгидаг Сагилийн голоос,  чухам юугаар илүү болохоор
Бэлэн үгсийг цэцлэн хэлхэж,  найраг шүлгээр магтан дуулваа

Ижий бурхан

Биеийг минь төруулсэн болохоор
Бүүвэй дуулж өсгөсөн болохоор
Бүлээрэхэд минь тэвэрсэн болохоор
Бүдэрэхэд минь түшсэн болохоор
Дэрвэхэд минь баяссан болохоор
Дарвихад минь сургасан болохоор
Нулимсыг минь арчсан болохоор
Нүүрийг минь угаасан болохоор
Үргэлж сэтгэлд минь оршдог болохоор
Үнэн сургаалаа хайрласан болохоор
Бурханд биш ижийдээн итгэдэг
Бурхдыг биш ижийгээн хайрладаг

Sunday, January 13, 2013

Хорвоогийн жам

Өөрийн эцгийнхээ мөрөн дээр гишгэж , өндийж боссоон би
Өвөг эцгийн мөрөөр аав минь явсныг мэдсээн би
Өргөн хорвоогийн жамаас гажихын гарцгүй болохоор
Өөрийн нуган үрээ, мөрөн дээрээ өргөнөө би

Tuesday, January 1, 2013

Яруу найраг шиг бүсгүй

Яруу найраг шиг бүсгүй минь
Ялдамхан хонгор минь
Яруу найрагчийн нүдийг баясгаж
Яруу найраг төрөхөд хүргэж
Ялдамхан төрхөө үгийн ертөнцөд үлдээж
Ялдамхан төрхөөрөө яруу найрагчийг согтоосон
    Амьд урлаг,  амьд яруу найраг минь...
          Ааяаа.... Бурхан юутай шударга бус вэ...